A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 09

Төрийн ордон. Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Олон нийтийн радио, телевизийн тухай, Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн анхны хуралдааны дэгийг хавсралтаар баталсугай.

2. Монгол Улсын хуулиар үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь тодорхойлогдсон төрийн бус байгууллагууд хоорондоо зөвшилцөх замаар Yндэсний зөвлөлийн 9 гишүүнийг сонгох талаар зөвлөмж гаргах, Yндэсний зөвлөлийн анхны хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааныг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын болон Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороонд тус тус даалгасугай.

3. Шинээр байгуулагдах олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь шаардагдах, Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуульд заасан эд хөрөнгийг олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

4. Орон нутгийн өмчит радио, телевизийн өмч хөрөнгийг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан зарчмын дагуу хувьчлахгүйгээр, тухайн орон нутагт байгуулагдах олон нийтийн радио, телевизэд шилжүүлэх замаар өөрчлөн байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН