A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 151

Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ ХҮЧТЭЙ БОЛГОХ ТУХАЙ

Архидан согтуурах явдал манай оронд газар авч гэмт хэрэг, зөрчил гарах, хариуцлага алдах, сахилга дэг журам гажуудуулах үндсэн нөхцөл болж байна. Архидан согтуурахтай тэмцэх талаар гарсан хууль тогтоомжийг төв, орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хангалтгүй биелүүлж байгаагаас ноцтой хор уршиг тарьж байна. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг хүчтэй болгох, олон түмнээс тавьж байгаа санал шаардлагыг үндэслэн МонголУлсын Засгийн газарт дор дурдсан чиглэл өгсүгэй.

1.Холбогдох хуульд дараахь чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих:

а)гудамж талбай, орон сууц, үзвэрийн болон зөвшөөрөгдсөнөөс бусад үйлчилгээний газар, түүнчлэн албан байгууллагын байранд согтууруулах ундаа худалдахыг хориглох, энэ журмыг зөрчсөн этгээдэд захиргааны журмаар баривчлах хүртэл шийтгэл хүлээлгэж байх;

б)удаа дараа эрүүлжүүлэгдсэн этгээдэд захиргааны журмаар баривчлах хүртэл шийтгэл оногдуулж байх;

в)албадан эмчилгээ давтан хийлгэсэн этгээд архидан сотуурч зөрчил гаргасан тохиолдолд түүнийг нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлах;

г)хурал, зөвлөлгөөн, семинар, бүх шатны сургууль төгсөлт болон аливаа ойг тэмдэглэхдээ зохион байгуулалттайгаар архидан согтуурах явдлыг таслан зогсоох;

д)Засгийн газар согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл олгохдоо согтууруулах ундааны тухайн үеийн хэрэгцээ, шаардлага болон бусад нөхцөлийг харгалзан үзэх;

2.Архидан согтуурахтай тэмцэх асуудлаар гарсан хууль тогтоомжийн биелэлтийг төр, олон нйтийн болон бусад бүх шатны байгууллагад өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр шалган дүгнэлт хийж архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авах.

3.Нийслэл болон аймгийн төв, зарим суурин газруудад согтууруулах ундаа борлуулдпаг шөнийн цэнгээний газруудыг (баар) нэгбүрчлэн шалгаж, зохих шаардлагыг хангаагүй газруудыг хаах хүртэл арга хэмэээ авах, цаашид ийм цэнгээний газар ажиллуулах зөвшөөрөл олгоход баримтлах нарийн журам тогтоох.

4.Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэхэд чиглэсэн клубүүд байгуулж ажиллуулах, ерөнхий боловсролын сургуулиуд дээр төрөл бүрийн дугуйлан зохион байгуулж сурагчдыг хичээлийн бус цагаар хамруулах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

5.Согтууруулах ундааны үйлдвэрлэл, улсын хилээр орж ирж буй согтууруулах ундаанд тавих чанар, гаалийн болон бусад хяналт шалгалтыг эрс сайжруулах.

6.Архидах донтой болсон хүмүүсийг эмчлэх ажлыг эрчимтэй явуулах.

7.Архидан согтуурахын хор аюул, түүнтэй тэмцэх арга замын тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бусад аргаар ухуулан сурталчлах ажлыг өргөн зохиох.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД П.ЖАСРАЙ