A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЭРДЭНЭТ ХАМТАРСАН ҮЙЛДВЭРТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫН МӨРӨӨР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 16

Монгол-Оросын Уулын баяжуулах "Эрдэнэт" хамтарсан үйлдвэрт Төрийн хянан шалгах хорооноос хийсэн шалгалтын мөрөөр дахин судалж танилцах, зарим асуудлыг гүнзгийрүүлэн шалгах зорилгоор Улсын Их Хурлын даргын 2001 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын дүнг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:

Улсын Их Хурлын ажлын хэсэг Уулын баяжуулах "Эрдэнэт" хамтарсан үйлдвэрийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Дүрэм, нэмэлт Протоколын зарим заалтын биелэлт, үйлдвэрийн дүрмийн сангийн бүрдүүлэлт, ногдол ашгийн хуваарилалт, экспорт, импортын гэрээнүүд, тэдгээрийг байгуулах үйл ажиллагаанд оролцож байсан албан тушаалтнуудын хариуцлага, "Эрдэнэт" хамтарсан үйлдвэрийн өр, авлага их хэмжээгээр үүссэн шалтгаан нөхцөл, бусад аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулсан болон валютын арилжаа хийсний үр дагавар, татвар төлөлтийн байдал, үйлдвэрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, Монгол Улсын хууль тогтоомжийн биелэлт, сахилга хариуцлагатай холбоотой асуудлуудыг хамруулан шалгав.

"Эрдэнэт" үйлдвэрийн 1999-2000 оны санхүүгийн баримтад хэсэгчилсэн байдлаар шалгалт хийхэд аж ахуйн гэрээг үйлдвэрийн эрх ашиг, ашигт ажиллагааны төлөө гэхээсээ илүү аж ахуйн нэгж, хувь хүмүүст ашигтай байхаар хийх, мөнгийг илүү шилжүүлэх, "Гэрээт ажил", "Гэрээт ажлын урьдчилгаа" нэрийн дор мөнгөн хөрөнгийг завшуулах боломж олгох, үйлдвэрийн хөрөнгийг бусдад шилжүүлэх зэргээр ашиглан шамшигдуулах, ажлын хөлс, үр дүн гэдэг нэрээр их хэмжээний мөнгөөр өөрсдийгөө шагнах шийдвэр гаргах зэрэг албан тушаалын болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн байна.

Төрийн хянан шалгах хороо шалгалтынхаа мөрөөр тодорхой асуудлуудыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн боловч эцэслэн шийдвэрлэгдэхгүй удааширч байна.

Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдолтой Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, эдийн засаг, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, техник, технологийн түвшинг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын талын оролцогчдын бүрэлдэхүүнийг тухайн салбарын мэргэжлийн чиглэлээр бэхжүүлэх нь чухал байна.

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын шалгалтын явцад илэрсэн гэмт хэргийн шинж бүхий асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр тогтсугай.

2.Уулын баяжуулах "Эрдэнэт" хамтарсан үйлдвэрийн талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхид хохирол учруулах гэрээ, хэлцэл хийх, үйл ажиллагаа явуулах боломж олгож буй нөхцөл байдлыг таслан зогсоох талаар үйлдвэрийн одоогийн удирдлагаас хийж буй ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсын хуульд нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагааны оновчтой хэлбэрийг сонгох;

2/зэсийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн үйлдвэрийн хөгжлийн үзэл баримтлалыг тодотгох, техник, технологийн түвшинг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх;

3/хамтарсан үйлдвэрийн Зөвлөлд Монголын талын оролцогчдын бүрэлдэхүүнийг тухайн салбарын мэргэжлийн чиглэлээр чадваржуулах;

4/үйлдвэрийн үйл ажиллагаанаас хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тогтоох, бууруулах, хохирлыг арилгуулах арга хэмжээ авах;

5/Хэлэлцээр, нэмэлт Протоколд Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг барьж байгуулах үед Монголын талын авсан үндсэн зээл, түүний хүүгийн өрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад орлогоос тооцох болон Монголын талын дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж байхаар заасны дагуу уг заалтын биелэлтийг гаргаж, дүгнэлт хийх;

6/Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн хугацаа дуусгавар болох гэж байгаатай холбогдуулан, мөн түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын хувь оролцогчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн, уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр нь эдийн засгийн шинэ нөхцөл байдалд ажиллаж байгааг харгалзан тус үйлдвэрийн талаархи Хэлэлцээр, нэмэлт Протоколын заалтуудыг нэг бүрчлэн дүгнэж, хамтарсан үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

7/энэ тогтоолын биелэлтийг 2003 оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/, Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/ -нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР