A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭ, АРГА БИЛГИЙН УХААНЫ ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ

Монголчууд бид иргэншил, соёл, хэл, бичиг, утга зохиол, урлаг, ёс заншил, шашин шүтлэг, ёслол хүндэтгэл зэрэг арга билгийн шүтэн барилдлагын гүн сэтгэлгээ бүхий оюуны олон талт, арвин их өв сантай ард түмэн билээ.

Хотол дэлхийн даяарших үйл явц хүрээгээ тэлж буй эдүгээ цаг дор монголын оюун, сэтгэлгээний өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, аюулгүй байдал, иргэний эв нэгдэл, хувь хүний итгэл үнэмшил, соёл, үнэт зүйлс, халдашгүй байдлын баталгааг бэхжүүлэх, Монгол хүн бүрийг бага балчраас нь үндэсний уламжлалт соёл, ёс заншил, зан үйлд сургаж амьдрал ахуйд нь мөрдлөг болгон хэвшүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Монгол үнндэсний үнэт зүйл, соёл, ёслол хүндэтгэл, ёс заншлын нийтлэг хэм хэмжээг хүүхэд залуучуудын өдөр тутмын амьдрал ахуйд төлөвшүүлэх зорилго бүхий олон нийтийн үүсгэл санаачлагыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Ерөнхий боловсролын суралцагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор "Иргэний боловсрол" хөтөлбөрийн хүрээнд заавал судлах "Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс" хичээлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

2.Улс үндэснийхээ оюуны биет ба биет бус өв соёл, үнэт зүйлс уламжлалт зан заншлыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн ба төрийн бус байгууллага, урлаг соёлын болон бүх шатны боловсролын байгууллагын ажилтнуудад уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД