A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ ТУХАЙ

2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг хүмүүсийн хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эмх замбараагүй байдал үүсч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан амь насанд нь заналхийлж, эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч нийтийн эмх замбараагүй байдал бий болсон тул энэхүү онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах , хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан бүрэн эрхийнхээ дагуу, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсгүүдийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2008 оны 7 дугаар сарын 01-ний 24.00 цагаас эхлэн 4 хоногийн хугацаанд онц байдал зарласугай.

Онц байдлыг зарласан хугацаанд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй:

1.Улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах,

2.Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах,

3.Улаанбаатар хотын төвийн хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх,

4.Нийтийн эмх замбараагүй байдал бий болгож хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах,

5.Улаанбаатар хотын төвийн хэсэг/ Бага тойруу/ 22.00- 08.00 цагийн хооронд хөл хорьж, зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл, гэхдээ 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах,

6. Дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хориглох, шаардлагатай бол түр хураан авах, Үндэсний олон нийтийн радио телевизээс бусад телевизийн үйл ажиллагааг онцгой байдлыг цуцлах хүртэл зогсоох,

7.Согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох,

8.Иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг, техник хэрэгслийн ашиглалтад хяналт тогтоох.

9.Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг Онц байдлын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд холбогдох байгууллагуудын хүч хэрэгслийг дайчлан удирдан зохион байгуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд /Ц.Мөнх-Оргил/-д үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР