A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Найман зуу гаруй жилийн тэртээд 335 алд газар харван байг онож дээд амжилт тогтоосон Есөнхээ мэргэний аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон билээ. Ийм өндөр дээд уламжлалтай монгол үндэсний сурын харваа нь эрийн гурван наадмын бүрэлдэхүүн хэсэг, монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн, хурц хараа, чармайлт, эв дүй шаарддаг спортын чухал нэгэн төрөл билээ.

Төрийн ёслол, наадам, баяр цэнгэлд сурын харвааны эзлэх байр суурийг өндөрт өргөж хөгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллагын туслалцаа, дэмжлэг, санаачилга оролцоо эн тэргүүнээ нэн чухал байна.

Үндэсний сурын харвааг орон даяар бүх нийтийг хамруулан жигд хөгжүүлж, залуу үедээ өвлүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх заалтын 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой 2006 онд тохиож түүнийг монголын төр ёсны их баяр болгон тэмдэглэхтэй холбогдуулан манай орны төв, хөдөөд үндэсний сурын харвааг хөгжүүлэх, эрийн гурван наадмаа эн тэгш байдлаар хийдэг түүхэн уламжлалаа өндөрт өргөн дээдлэх талаар Монголын үндэсний сурын холбоо, сурчдаас гаргасан санаачилгыг дэмжихийг нийт ард иргэд, аймаг, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, спортыг ивээн тэтгэгчдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. БАГАБАНДИ