Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ  /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Комиссын ажиллах журам/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ  /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Комиссын ажиллах журам/


2006 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 119



Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанарыг сайжруулах, үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөржүүлэх, 2005 онд баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.5, 7.4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Комиссын ажиллах журмыг нэгдүгээр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан зааврыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. ( 2 дугаар хавсралтыг Байгаль орчны сайдын 2006 оны 163 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон).


2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авсан аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн бүртгэл хийхтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх эрхийг түр хугацаагаар түтгэлзүүлэн зогсоосугай.


3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг сарын хугацаанд шинэчлэн бүртгэж, эрх олгох ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц. Банзрагч/-т даалгасугай.


4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний төв, орон нутгийн шинжээч нарт зориулсан сургалтыг 2 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц. Банзрагч/-т, сургалтанд шаардагдах зардлыг Байгаль хамгаалах сангаас гарган санхүүжүүлэхийг Сангийн тэргүүн, Төрийн нарийн бичгийн дарга /Я. Адъяа/-д тус тус даалгасугай.


5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Ерөнхий үнэлгээ хийх аргачилсан заавар батлах, шинжээчдийг томилох тухай” Байгаль орчны Сайдын 2002 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 140 дүгээр, “Журам батлах” тухай 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


6.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


САЙД И. ЭРДЭНЭБААТАР


Улсын бүртгэлд 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2602 дугаарт бүртгэгдсэн