A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

"МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АТЛАС"-ЫГ ШИНЭЧЛЭН ХЭВЛҮҮЛЭХ ТУХАЙ

1989 онд "БНМАУ-ын Үндэсний атлас"-ыг зохиож, монголын шинжлэх ухааны салбаруудын судалгааны тухайн үеийн үр дүнг тусгахыг чармайсан хэдий боловч, атласын зургууд нь эрдэм шинжилгээний агуулга давамгайлах хандлагатай, олон түмэнд ойлгомж багатай, хэмжээ том учраас хэрэглэгчдэд зохимж муутай байсан билээ. Атласыг зохиосноос хойшхи 20 шахам жилийн дотор манай орны улс төр, нийгэм, эдийн засаг бүхэлдээ шинэчлэгдэж, шинжилгээ судалгааны түвшин шинэ шатанд гарч, Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд орчин цагийн картографийн шинжлэх ухааны нэгдмэл мэдээлэл, гарын авлага зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан, эрдэмтэд, эрдмийн хамт олны саналыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

Нэг."Монгол Улсын Үндэсний атлас"-ыг 2008-2009 онд орчин цагийн газрын зургийн шинэ технологид тулгуурлан шинэчлэн зохиож, хэвлүүлсүгэй.

Хоёр."Монгол Улсын Үндэсний атлас"-ыг эрхлэн гаргахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академид үүрэг болгосугай.

Гурав."Монгол Улсын Үндэсний атлас"-ыг зохиож, хэвлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл болон Шинжлэх ухаан, технологийн санд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР