A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 97

Улаанбаатар хот

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙХ ТУХАЙ

Монголын ард түмэн бид Үндсэн хуулиндаа тунхагласан, "...Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх... " эрхэм зорилгыг нийгэмд ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нэг чухал нөхцөл нь төр, нийгмийн хэрэгт иргэдийг оролцуулах явдал юм. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд хэлсэн үгэндээ "...энэ өдрийг цаашид түүхэн энэ явдлыг дурсах, мөнхжүүлэх үүднээс төдийгүй улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа бататгах, эх орон, бүс нутаг, нутаг орон, хот тосгодоо хөгжүүлэх арга замын тухай нээлттэй өргөн хэлэлцүүлэг, бүтээлч хөдөлгөөн өрнүүлдэг, иргэдийн саналыг засаглалын бүх төвшинд сонсох «Нээлттэй хаалганы өдөр болгох» ..." талаар санал дэвшүүлж байсан билээ. Энэ санал, санаачилгыг олон түмний зүгээс дэмжиж байгаа байдал, түүнийг нийт нийгмийн хэмжээнд зорилго, чиглэлтэйгээр тогтмол хэрэгжүүлж байх шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалт болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1."БНМАУ-ын тусгаар тогтнолын талаархи асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай" БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны түүхэн шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан ард түмний санал асуулгыг явуулсан өдрийг тохиолдуулан Засгийн газар, орон нутгийн удирдлага, тэдгээрийн харъяаны бүх шатны байгууллага, албан тушаалтнууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөгөөг сонсч тусгах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-нд орон даяар "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай.

2.Бүтэн жилийн турш иргэдээс ирүүлсэн бүтээлч, ажил хэрэгч саналыг гүйцэтгэх удирдлагын байгууллагууд, холбогдох албан тушаалтан хүлээн авах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, тэдгээрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд үзүүлж байгаа эерэг үр дүн, үр нөлөөг нэгтгэн дүгнэж, ард түмэндээ мэдээлж байдаг эргэх холбооны тогтолцоог Засгийн газрын хэмжээнд бүрэлдүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Иргэдээс дэвшүүлж тавьсан санал, санаачилгыг дэмжиж хэрэгжүүлэх талаар эргэх холбооны тогтолцоо бүрдэж, тэдгээрийг дүгнэн мэдээлдэг "Нээлттэй хаалганы өдөр" буй болгож байгаатай уялдуулж өөрсдийн дэвшүүлж байгаа санал, санаачилгынхаа үр ашиг, үр нөлөө, хэрэгжих магадлал, ул үндэстэй тооцоо, судалгаа, ажил хэрэгч байдлыг дээшлүүлэхийг нийт иргэддээ зөвлөсүгэй.

4.Иргэдээс гарах санал, санаачилгыг ажил хэрэг болгох талаар гүйцэтгэх удирдлагын зүгээс авч буй арга хэмжээнүүдийг байнга сурталчлах, түгээх явдалд идэвх санаачилгатай оролцохыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллага, ажилтнуудад уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД