A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ, ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 03 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 87/23

Улаанбаатар хот

Нийгмийн хамгааллын байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалттай холбогдуулан ТУШААХ НЬ:

1.Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийн сургалтын чиглэлийг нэгдүгээр, тус төвд сурагч элсүүлэх журмыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталж, 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвд техникийн шинэчлэл хийх, шаардлагатай тоног төхөөрөмж материал түүхий эдээр хангах талаар тодорхой арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Жанцан/-т; багшлах боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх, дохионы болон согог зүйч багш, нийгмийн ажилтан, протез-ортопедийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг төлөвлөгөөтэй зохион байгуулахыг Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газар /Б.Дамдинсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

3. Тус төвд сургаж байгаа мэргэжлийн тодорхойлолт, стандарт, сургалтын төлөвлөгөөг техникийн болон мэргэжлийн сургуулийн нэгэн адил; удирдах ажилтан, багш нарын цалин, амралт, хичээлийн горимыг харах, сонсох эрхтэний согогтой хүүхдийн тусгай сургуулийн жишгээр тогтоон мөрдүүлсүгэй.

4. Мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахыг тус төвийн захирал Д. Бямбаад даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1992 оны 95/59 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД А.ЦАНЖИД

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙД Ши.БАТБАЯР

Улсын бүртгэлд 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2792 дугаарт бүртгэсэн