A

A

A

Бүлэг: 1979

ДЭД БҮТЦИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЖУРАМЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2002 оны 2 дугаар сарын 06-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 37/29/30



Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Тушаах нь:


1. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрээр тогтоосон журмыг зөрчиж, зорчигчдыг төлбөртэйгээр тээвэрлэж буй суудлын автомашины хөдөлгөөнийг журамлах, улс хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендерийг зарлан шалгаруулж зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахыг Автотээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/, Хилийн цэргийг удирдах газар /П.Сүндэв/, Гаалийн ерөнхий газар /Х.Баатар/-т даалгасугай.


2. Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн нэгдүгээр талбайд гүний гаалийн хяналтын талбай, гаалийн баталгаат агуулах байгуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, хил, гааль болон бусад хяналтын албадын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Төмөр замын Хэрэг эрхлэх газар /Р.Рааш/, Хилийн цэргийг удирдах газар /П.Сүндэв/, Гаалийн ерөнхий газар /Х.Баатар/-т үүрэг болгосугай.


3. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр, тээврийн хэрэгсэлд тавигдах Монгол улсын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх журмыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газар /Б.Баатар/, Автотээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.


4. Эрээнээс Улаанбаатар хүртэл төмөр замаар иргэдийн ачаа, тээшийг тээвэрлэх ажлыг ӨМӨЗО-ы Эрээн хотын Зам, тээврийн товчоотой хамтран зохион байгуулахыг Төмөр замын Хэрэг эрхлэх газар /Р.Рааш/, Автотээврийн газар Ж.Бат- Эрдэнэ/-т даалгасугай.


5. Хилийн шалган нэвтрүүлэх цогцолборт ажилладаг хил хяналтын байгууллагуудын ажил, амралтын дэглэмийг тогтоож мөрдүүлэн, хилийн боомтын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл хоноход хүргэдэг зөрчил дутагдлыг арилгах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Гаалийн ерөнхий газар /Х.Баатар/, Хилийн цэргийг удирдах газар /П.Сүндэв/-т үүрэг болгосугай.


ДЭД БҮТЦИЙН САЙД Б.ЖИГЖИД


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ