Хэвлэх DOC Татаж авах
АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж

2.1.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:

4.1.1.аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;

4.1.2.аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;

4.1.3.өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;

4.1.4.мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.

Хэвлэх

5 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох шимтгэлийн хувь хэмжээ

5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тогтооно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох

6.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний ажилласан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ.

6.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нэгдсэн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төвлөрүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн батална.

Хэвлэх

7 дугаар зүйл.Бүрдүүлэх баримт бичиг

7.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн дараах баримт бичгийн аль нэгийг бүрдүүлнэ:

7.1.1.хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтөлсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар;

7.1.2.1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

7.1.3.ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс тогтоосон бол уг шүүхийн шийдвэр.

7.2.Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД