Хэвлэх DOC Татаж авах
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН

ТОГТООЛ

 

 

2012 оны 7 дугаар                                                                                                         Дугаар 222                                                                                              Улаанбаатар

сарын 4-ний өдөр                                                                                                                                                                                                                                    хот

 

 

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ

ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

 

      Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

     1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (цаашид “ОҮИТБС” гэх)-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-ийг Засгийн газрын байгууллага, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгж, тэдгээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж (цаашид “компаниуд” гэх)-үүд, салбарын мэргэжлийн холбоо (цаашид “мэргэжлийн холбоо” гэх), олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах чиглэлээр эвлэлдэн нэгдсэн иргэний нийгмийн эвсэл (цаашид “иргэний нийгмийн эвсэл” гэх)-ийн дараахь төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосугай:

 

          1.1. Засгийн газрын байгууллагын төлөөлөл-6;   

 

          1.2. Улсын Их Хурал, түүний харьяа байгууллагын төлөөлөл-4;

 

          1.3. Компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл-9, газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл-1;

 

          1.4. Иргэний нийгмийн эвслийн төлөөлөл-8;

 

          1.5. Байгаль орчны иргэний нийгмийн эвслийн төлөөлөл-2.

 

     2. Үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, нарийн бичгийн дарга нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх байхаар тогтоосугай.

 

     3. ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийг Засгийн газрын байгууллага, компаниуд, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн эвслийн дараахь төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

          3.1. Засгийн газрын байгууллагын төлөөлөл-10;

 

          3.2. Улсын Их Хурлын харьяа байгууллагын төлөөлөл-1;

 

          3.3. Компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл-9, газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл-2;

 

          3.4. Иргэний нийгмийн эвслийн төлөөлөл-9;

 

          3.5. Байгаль орчны иргэний нийгмийн эвслийн төлөөлөл-2;

 

          3.6. Ажлын албаны зохицуулагч.

 

     4. Ажлын хэсгийн ахлагч нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх, нарийн бичгийн дарга нь ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч байхаар тогтоосугай.

 

     5. Үндэсний зөвлөл болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох Засгийн газрын байгууллага, Улсын Их Хурал, түүний харьяа байгууллагын төлөөллийг Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлж байхаар тогтоосугай.

 

     6. Үндэсний зөвлөл болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох компаниуд, мэргэжлийн холбоод, газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжийн төлөөллийг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, иргэний нийгмийн эвслийн төлөөллийг Иргэний нийгмийн “ТАН” эвслийн зохицуулах зөвлөлийн хурлаар, байгаль орчны иргэний нийгмийн эвслийн төлөөллийг тус эвслийн удирдах байгууллагын хурлаар тус тус хэлэлцэн томилж, чөлөөлөн холбогдох шийдвэрээ Үндэсний зөвлөлийн даргад ирүүлснээр хүчин төгөлдөр болж байхаар тогтоосугай.

 

     7. ОҮИТБС-ын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн үр дүнд хүргэж хэрэгжүүлэн, шинээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, түүнийг эзэмших, шилжүүлэх үйл ажиллагаа, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах талаар байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн хэрэгжилт, ашиглалтын өмнөх гэрээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль хамгаалах ажлын явц, үр дүн, түүнд зарцуулсан зардал зэргийг тус санаачлагад нэмж хамруулахаар тогтоосугай.

 

     8. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эзэмших, шилжүүлэх (тусгай зөвшөөрлийг компанийн нэр, баримт бичигтэй нь хамт худалдах асуудал энд бас хамаарна), стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ болон тэдгээрийн хэрэгжилт, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, экспортын хэмжээг нийтэд ил тод болгох ажлыг 2012 оноос туршилтын журмаар хэрэгжүүлж, үр дүнг Ажлын хэсэг, улмаар Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж жил бүр нийтэд ил тод мэдээлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосугай.

 

     9. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваад үүрэг болгосугай:

 

          9.1. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мөн тэдгээртэй гэрээ байгуулан ажилладаг туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, торгууль, хандив, тусламжийн аудит хийсэн тоо баримтад тулгуурлан тайланг гаргаж, нийтэд мэдээлэх ажлыг хэвшил болгон зохион байгуулж байх;

 

          9.2. ОҮИТБС-ын Засгийн газрын тайланг улсын хэмжээнд нэгтгэж байгаа Татварын ерөнхий газрын мэдээллийн сүлжээг өргөтгөн сайжруулж, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэдээллийн нэгдсэн санд суурилсан вэб хандлагатай программ хангамж бий болгон төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутагт хурааж байгаа татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, хандив, тусламж зэрэг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрч байгаа орлогын мэдээг нэгтгэн шуурхай, үнэн зөв гаргах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайланд нэмж тусгах;

 

          9.3. Энэ тогтоолын 9.1-д заасан тайлангийн анхан шатны мэдээ гаргах төрийн захиргааны төв болон төрийн захиргааны холбогдох байгууллага, орон нутгийн байгууллага гаргасан мэдээгээ татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байгаа байдалд хяналт тавьж, нийтэд ил тод мэдээлэх;

 

          9.4. Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн уул уурхай, газрын тосны орлогын зарцуулалтын тайланг 2013 оноос эхлэн нийтэд мэдээлж байх бэлтгэл ажлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах.

 

     10. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт үүрэг болгосугай:

 

          10.1. Компаниудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тэдгээрт оруулсан өөрчлөлт, байгаль хамгаалах талаархи жил бүрийн тайлан, Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.9-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах ажилд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувийг тусгай дансанд төвлөрүүлсэн, зарцуулсан, буцаан төлсөн байдлыг аж ахуйн нэгж бүрээр гаргаж, нийтэд ил тод мэдээлж байх;

 

          10.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах тайланг нийтэд ил тод мэдээлж байх арга хэмжээ авах.

 

     11. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай:

 

          11.1. Тухайн нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, хандив, тусламж зэрэг орлогын тайланг аудит хийгдсэн санхүүгийн тоо баримтад үндэслэн гаргаж, нийтэд мэдээлэх ажлыг 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх, цаашид уг мэдээг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор тайлагнаж, нийтэд мэдээлэх ажлыг хэвшил болгох;

 

          11.2. Компаниуд болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, хандив, тусламж, байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан зардлын талаар иргэдэд нээлттэй мэдээлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ОҮИТБС-ын дэд зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулан орон нутгийн захиргааны байгууллага, компаниуд, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн төлөөллийн 3 талын тэгш оролцоо бүхий бүрэлдэхүүнтэйгээр байгуулан үйл ажиллагаанд нь хяналт тавих;

 

          11.3. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тэдгээрт оруулсан өөрчлөлт, байгаль хамгаалах талаар сум, дүүрэгт хүргүүлсэн аж ахуйн нэгжийн жил бүрийн тайлан, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувийг Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8-д заасны дагуу сум, дүүргийн тусгай дансанд төвлөрүүлсэн байдал, түүний зарцуулалт, буцаан төлөлтийн байдлыг аж ахуйн нэгж бүрээр гаргаж, аймаг, нийслэлийн дэд зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн нийтэд ил тод мэдээлж байх;

 

          11.4. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар байгуулсан гэрээ, түүний хэрэгжилтийг нийтэд мэдээлж байх;

 

          11.5. Нутаг дэвсгэрт нь уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байгаа суманд энэ тогтоолын 11.2-т заасан дэд зөвлөлийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.

 

     12. Компани болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс хүлээн авсан татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, хандив, тусламж, мөн холбогдох гэрээний дагуу авсан төлбөр зэрэг орлогын жилийн тайланг дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байхыг холбогдох яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     13. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Үндэсний зөвлөлд даалгасугай.

 

          13.1. ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг баталж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцэж, удирдан зохицуулж байх;

 

          13.2. ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа ажлын явц, үр дүнг хэлэлцэн тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллах;

 

          13.3. ОҮИТБС-ын жилийн тайлан, мэдээллийг хэлэлцэн, тайланг аймаг, сумдад хүргэж сурталчлах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох яам, Засгийн газрын агентлаг, оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж, үр дүнг нийтэд ил тод мэдээлж байх;

 

          13.4. ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа компаниуд, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн эвслийн санал, санаачлагыг дэмжин хамтарч ажиллах;

 

          13.5. Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлын үр дүн, тайлангийн талаар Засгийн газар, улмаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд жил бүр тайлагнаж байх.

 

     14. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгасугай:

 

          14.1. Холбогдох хуульд заасан мэдээллийг үнэн зөв гаргаж, нийтэд мэдээлээгүй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд Ашигт малтмалын тухай хуульд заасан арга хэмжээ авч, энэ талаар Үндэсний зөвлөлд тайлагнаж, нийтэд мэдээлж байх;

 

          14.2. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн байгаль хамгаалах үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийг хянан шалгаж, нэгтгэн жил бүрийн 5 дугаар сард багтаан ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлд тайлагнаж, нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах.

 

     15. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгж, тэдгээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагад даалгасугай:

 

          15.1. Улсын болон орон нутгийн төсөвт төлж байгаа татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагад өгсөн хандив, тусламжийг аудит хийсэн санхүүгийн тоо баримтад үндэслэн жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор тайлагнаж, зохих журмын дагуу нийтэд мэдээлж байх, тайланг батлагдсан маягтын дагуу ОҮИТБС-ын Ажлын албанд хүргүүлэх;

 

          15.2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулсан хөрөнгө, хийсэн ажил, түүний үр дүнг тухайн аймаг, сумын иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж байх, энэ чиглэлээр орон нутгийн иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах.

 

     16. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Чиг үүрэг батлах тухай” Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоол, “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                                        С.БАТБОЛД

 

 

МОНГОЛ УЛСЫН САЙД,

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ

ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА                                                                                     Ч.ХҮРЭЛБААТАР