A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 150

Улаанбаатар хот

ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "УС-15" халаалтын зуухны дэргэд 300 МВт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200.0 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

2. "УС-15" халаалтын зуухны дэргэд барих 300 МВт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг 2013 оны 2 дугаар сарын 1-ний дотор хууль тогтоомжийн дагуу хийж дуусгахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.

3. Шинээр дулааны станц барихтай холбогдуулан дулааны станц байрших газрыг чөлөөлөх, дэд бүтцийг шинээр байгуулах нөхцөлийг судалж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам, тээврийн сайд Л.Гансүх, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ