A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн шинжилгээ хийх үндэслэл, журам, зарим төрлийн шинжилгээний онцлог болон шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, шинжээчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Шүүхийн шинжилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.

4 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний зарчим

Хэвлэх

4.1.Шүүхийн шинжилгээ хийхэд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.хууль дээдлэх;

4.1.2.хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

4.1.3.хараат бус байх;

4.1.4.нууцыг хадгалах;

4.1.5.шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх.

5 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл

Хэвлэх

5.1.Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, эрх бүхий албан тушаалтны хүсэлт байна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.Шүүхийн шинжилгээний байгууллагаас хийсэн шинжилгээний талаар иргэн, байгууллагаас гаргасан гомдол, хүсэлт нь дахин шинжилгээ хийх шууд үндэслэл болохгүй.

6 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

6.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

6.1.1."шүүхийн шинжилгээ" гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.1.2."шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг;

6.1.3."шүүхийн шинжилгээний мэргэжилтэн" гэж криминалистикийн болон эмнэлгийн тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжилтнээр оролцох эрх бүхий, шинжилгээний байгууллагын ажилтныг;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.4. "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд" гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан эрх бүхий албан тушаалтныг;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.5."шинжээчийн дүгнэлт" гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг;

6.1.6."шинжилгээний магадлагаа" гэж тусгай мэдлэг бүхий мөрдөгч ул мөр, эд мөрийн баримт болон хэргийн бусад материалд анхан шатны үзлэг оношилгоо хийж, үр дүнг тусгасан баримт бичгийг;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.1.7."шинжилгээний объект" гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг;

6.1.8."харьцуулан шинжлэх хэв загвар буюу дээж" гэж шинжлэгдэж байгаа хүн, амьтан, цогцос, материал, эд юмс, бодис зэргийн шинж чанар, онцлогийг тусгасан, шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шинжээчид зайлшгүй шаардлагатай, хуульд заасан журмын дагуу хураан авагдсан объектыг;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.9."шинжилгээний объектын гэмтэл буюу хорогдол" гэж лабораторийн шинжилгээ болон үзлэг, шинжилгээний явцад физик, хими, биологийн аргуудыг хэрэглэсний улмаас объектын хэлбэр, хэмжээ, шинж чанар алдагдаж өөрчлөлт орохыг.

6.1.10."шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан" гэж шинжилгээний байгууллагын дарга, эсхүл түүний шийдвэрээр томилогдсон албан тушаалтныг.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ

7 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах

Хэвлэх

7.1.Шүүхийн шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийлгэх шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж, эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

7.2.1.шинжилгээ хийлгэх үндэслэл;

7.2.2.шинжилгээ хийлгэх байгууллагын нэр;

7.2.3.шинжилгээ хийх хугацаа;

7.2.4.шинжээчид тавих асуулт;

7.2.5.шинжилгээний объектын талаархи мэдээлэл.

8 дугаар зүйл.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх

Хэвлэх

8.1.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.

8.2.Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3.Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

8.4.Шинжилгээ хийх журмыг шинжилгээ хийх хэлбэр, шинжилгээний төрлөөс хамааран хууль зүйн, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9 дүгээр зүйл.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх

Хэвлэх

9.1.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана.

9.4.Шинжээч шинжилгээний явцад ямар нэгэн хүсэлт гаргавал түүнийг томилсон этгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.2 дугаар зүйлд заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10 дугаар зүйл.Шинжилгээний объект, түүнд тавих шаардлага

Хэвлэх

10.1.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ.

10.2.Шинжилгээний объект нь шинж чанараа амархан алдах, устаж үгүй болохоор байвал түүнийг бэхжүүлж авсны дараа нэн даруй шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж хадгалуулна.

10.3.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийх байгууллага, шинжээчид хүргүүлэх боломжгүй бол шинжээчийг шинжилгээний объектод чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүрэгтэй.

10.4.Шинжилгээний объект нь дараахь шаардлагыг хангасан байна:

10.4.1.шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх;

10.4.2.эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх;

10.4.3.эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх.

10.5.Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журмыг шүүхийн шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор батална.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11 дүгээр зүйл.Шинжилгээ хийх хугацаа

Хэвлэх

11.1.Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн шинжилгээ хийж дуусгах хугацааг тооцно.

11.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх хугацааг тогтооно.

11.3. Шинжээч нь энэ хуулийн 11.2-т заасны дагуу тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан хүсэлтийг хүлээн авсан этгээд шүүхийн шинжилгээ хийх хугацааг мөн хуулийн 11.2-т заасныг үндэслэн сунгана.

12 дугаар зүйл.Шинжилгээ хийх журам

Хэвлэх

12.1.Шинжээч нь хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ.

12.2.Шинжилгээнд ирүүлсэн объект гэмтэж, устаж үгүй болохоор байвал шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ талаар урьдчилан мэдэгдэнэ.

12.3.Шинжээч нь шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлан харьцуулан шинжлэх хэв загвар буюу дээж авч дүгнэлт гаргахдаа ашиглах эрхтэй.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.4.Шинжээч харьцуулан шинжлэх хэв загвар буюу дээжийг шинжилгээ дууссаны дараа шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд буцаах, эсхүл тодорхой хугацаагаар шүүхийн шинжилгээ хийсэн байгууллагад хадгалж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.5.Шинжилгээ хийж дууссаны дараа шинжээч нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, буцаах баримт материалыг шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулснаар шинжилгээг дууссанд тооцно.

12.6.Шинжилгээ хийх явцад шинжилгээний объект гэмтсэн, устаж үгүй болсон нь шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээчийн буруутай холбоогүй бол хохирлыг нь шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээч хариуцахгүй.

13 дугаар зүйл. Шинжээчийн эрх

Хэвлэх

13.1.Шинжээч дараахь эрх эдэлнэ:

13.1.1.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзах;

13.1.2.шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах;

13.1.3.шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх;

13.1.4.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахад байлцах;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.1.5.дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчид асуулт тавих;

13.1.6.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжээчийн энэ хуульд заасан эрхийг зөрчвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргах;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.1.7.хуульд заасан бусад эрх.

14 дүгээр зүйл.Шинжээчийн үүрэг

Хэвлэх

14.1.Шинжээч дараахь үүрэг хүлээнэ:

14.1.1.шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх;

14.1.2.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах;

14.1.3.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэн хүнлэг харьцах;

14.1.4.шинжилгээ хийх явцад илэрхий болсон төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хадгалах;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.5.хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгах;

14.1.6.шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектын бүрэн бүтэн байдлыг хариуцах;

14.1.7.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах;

14.1.8.тусгай мэдлэг бүхий мөрдөгчтэй хамтран ажиллах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

14.1.9.хуульд заасан бусад үүрэг.

/Энэ заалтын дугаарыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

15 дугаар зүйл.Шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

15.1.Шинжээчид дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

15.1.1.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдийн хүсэлт, шийдвэрээр шинжилгээ хийх;

15.1.2.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах;

15.1.3.тухайн шинжилгээтэй холбогдолгүй асуудлаар хэргийн оролцогчоос тайлбар, тодорхойлолт авах;

15.1.4.шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах;

15.1.5.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэх;

15.1.6.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүйгээр шинжилгээний объектыг гэмтээх, устгах, эсхүл түүний шинж чанарыг өөрчлөх;

15.1.7.шинжилгээний явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах, түүнийг хувийн сонирхлоор ашиглах;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.8.тодорхой шинжилгээ хийсэнтэй холбогдуулан бусад байгууллага, иргэнээс шагнал, шан харамж авах;

15.1.9.шинжилгээ дууссаны дараа шинжилгээний объектыг өөртөө хадгалах.

16 дугаар зүйл.Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.Шинжээч нь дараахь үндэслэл байвал шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана:

16.1.1.урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, гэрч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мөрдөгч, прокурор, шүүгч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн төрөл садан байвал;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.3.шинжээч нь албан тушаалын болон бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа бол;

16.1.4.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;

16.1.5.шинжээчээс тухайн хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол;

16.1.6.шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол;

16.1.7.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол.

16.2.Энэ хуулийн 16.1.6, 16.1.7-д заасан үндэслэл байвал шинжээч үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ тухайгаа нэн даруй мэдэгдэнэ.

16.3.Шинжээч энэ хуулийн 16.1.1-16.1.5-д заасан үндэслэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчийг томилно.

16.4.Энэ хуулийн 16.1.1-16.1.4-т заасан үндэслэл байвал хэргийн оролцогч, түүний хууль ёсны төлөөлөгч шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаж болно.

16.5.Шинжээчийг татгалзан гаргах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17 дугаар зүйл.Шинжээч дүгнэлт гаргах

Хэвлэх

17.1.Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна.

17.2.Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.

17.3.Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно.

17.4.Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.

17.5.Шинжээч дүгнэлтээ хоёр хувь үйлдэж нэгийг нь шинжээчийг томилсон этгээдэд хүргүүлж, үлдэх хувийг шүүхийн шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна.

17.6.Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна.

18 дугаар зүйл.Шинжээчийн дүгнэлтийн агуулга

Хэвлэх

18.1.Шинжээчийн дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:

18.1.1.шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар;

18.1.2.шинжилгээ хийх болсон үндэслэл;

18.1.3.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаархи мэдээлэл;

18.1.4.шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал/;

18.1.5.санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл;

18.1.6.шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц;

18.1.7.шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаархи мэдээлэл;

18.1.8.шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр;

18.1.9.хүний биед хийсэн шинжилгээний дүгнэлтэд шинжилгээ хийлгэсэн этгээдээс шинжилгээ хийхэд шаардлагатай харьцуулан шинжлэх хэв хэлбэр буюу дээжийг авсан тухай мэдээлэл.

18.2.Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба гэрэл зургийн үзүүлэлтийг хоёр хувь үйлдэн нэг хувийг шүүхийн шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна.

18.3.Тусгай мэдлэг бүхий мөрдөгч шинжилгээ хийж магадлагаа гаргах бол энэ зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

19 дүгээр зүйл.Нэмэлт шинжилгээ хийх

Хэвлэх

19.1.Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ.

19.2.Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно.

19.3.Нэмэлт шинжилгээ хийх хугацааг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу тооцно.

20 дугаар зүйл.Дахин шинжилгээ хийх

Хэвлэх

20.1.Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ.

20.2.Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно.

20.3.Дахин шинжилгээ хийх хугацааг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу тооцно.

21 дүгээр зүйл.Шинжилгээг бүрэлдэхүүнээр хийх

Хэвлэх

21.1.Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно.

21.2.Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна тухайн шинжилгээний байгууллагад ажилладаггүй хүнийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжээч томилсон албан тушаалтан хамтран хариуцна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

22 дугаар зүйл.Ижил мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх

Хэвлэх

22.1.Ижил мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь дуустал бие дааж хийх бөгөөд шинжилгээний эцэст үр дүнгээ нэгтгэн дүгнэлт гаргана.

22.2.Шинжилгээний дэс дараалал, цар хүрээ, арга зүйг шинжээчид харилцан зөвшилцсөний үндсэн дээр тогтооно.

22.3.Шинжилгээний үр дүнгийн талаар шинжээчид нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлт гаргах ба санал зөрсөн тохиолдолд санал зөрсөн шинжээч тусгай саналаа дүгнэлтэд хавсаргана.

23 дугаар зүйл.Өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх

Хэвлэх

23.1.Өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийнэ.

23.2.Шинжээчийн дүгнэлтэд шинжээч тус бүрийн хийсэн шинжилгээний төрөл, агуулга, гаргасан дүгнэлтийг тусгана.

23.3.Шинжилгээнд оролцсон шинжээч тус бүр зөвхөн өөрийн хийсэн шинжилгээг тусгасан дүгнэлтийн хэсэгт гарын үсэг зурж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ.

23.4.Шинжилгээний явцад шинжээчид ижил дүгнэлтэд хүрсэн бол энэ тухай дүгнэлтэд тэмдэглэнэ.

23.5.Шинжээчид санал зөрсөн тохиолдолд энэ хуулийн 22.3-т заасны дагуу дүгнэлт гаргана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАРИМ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

24 дүгээр зүйл.Криминалистикийн шинжилгээний онцлог

Хэвлэх

24.1.Криминалистикийн шинжилгээнд шинжилгээний объект, бусад шаардлагатай баримт материалыг эх хувиар нь ирүүлнэ.

24.2.Тэсэрч дэлбэрэх бодис, сум, галт хэрэгсэл, цацраг идэвхт үүсгүүр, хими, биологийн болон аюул учруулж болзошгүй бусад объектод зориулалтын төхөөрөмжөөр тоноглож аюулгүй байдлыг хангасан орчинд тогтоосон журмын дагуу шинжилгээ хийнэ.

25 дугаар зүйл.Шүүх эмнэлгийн шинжилгээний онцлог

Хэвлэх

25.1.Шүүх эмнэлгийн шинжилгээг шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага, албадан саатуулах байр, цагдан хорих байр, хорих анги, эрүүлжүүлэх байранд хийж болно.

25.2.Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх зааврыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

26 дугаар зүйл.Сэтгэцийн шинжилгээний онцлог

Хэвлэх

26.1.Дараахь тохиолдолд сэтгэцийн шинжилгээ хийнэ:

26.1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.1.2.иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч /иргэн/ нь иргэний эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэцийн байдлыг тодорхойлох;

26.1.3.иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэцийн байдлыг тодорхойлох;

26.1.4.гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан боловч шийтгэх тогтоол гаргахын өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилсөн болон урьд нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тогтоох;

26.1.5.ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тогтоох.

26.2.Шинжээч сэтгэцийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа сэтгэцийн үзлэг, шинжилгээний дүн материалаас гадна урьд нь тухайн этгээдийн эмчлүүлж, шинжлүүлж байсан эмнэлгийн баримт бичгийг үндэслэнэ.

27 дугаар зүйл.Эдийн засгийн шинжилгээний онцлог

Хэвлэх

27.1.Эрүү, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь нөхцөл байдал илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ:

27.1.1.баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдал буюу илүүдэл нь тухайн хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа;

27.1.2.эд хөрөнгийн дутагдал буюу илүүдлийн хэмжээг баримтын шалгалт хийсэн улсын байцаагч үнэн зөв, бодитой тодорхойлж чадаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн;

27.1.3.анхны тооцоо бодсон акт, баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас дахин шалгаж тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа;

27.1.4.баримтын шалгалтаар тавьсан акт буюу эрх бүхий байгууллагын дахин шалгаж тогтоосон акт буруу гэдгийг холбогдох этгээд тодорхой баримтаар нотолсон.

27.1.5.хуульд заасан бусад үндэслэл.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

27.2.Эдийн засгийн шинжилгээ хийж байгаа шинжээч нь баримтын шалгалт дахин хийх буюу тооллого явуулах эрх эдлэхгүй.

27.3.Эдийн засгийн шинжилгээний стандартыг шүүхийн шинжилгээний төв байгууллагын дарга батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХҮНИЙ БИЕД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

28 дугаар зүйл. Хүний биед шинжилгээ хийх үндэслэл

Хэвлэх

28.1.Хүний биед хийх шинжилгээг эрүү, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийнэ.

28.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүний биед шинжилгээ хийх шаардлагатай гэж үзвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд тогтоол, захирамж, хүсэлт гаргана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.3.Энэ хуулийн 28.2-т зааснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний биед шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

29 дүгээр зүйл.Хүний биед шинжилгээ хийх нөхцөл

Хэвлэх

29.1.Хүний биед хийх шинжилгээг шинжилгээ хийх болон шинжилгээ хийлгэх этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангасан орчин, нөхцөлд хийнэ.

29.2.Хүний биед хийх шинжилгээг шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байр болон хорих ангид хийж болно.

29.3.Шинжилгээ хийлгэх этгээд нь шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагад хүрэлцэн ирэх боломжгүй хүндээр өвчилсөн, гэмтсэн тохиолдолд шинжээч мөрдөгчийн хамт тухайн этгээдийн байгаа газарт нь очиж шинжилгээ хийж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулан шинжилгээ хийж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.5.Шинжилгээ хийлгэх этгээдийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ.

29.6.Шинжилгээ хийлгэх этгээд нь 16 насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авсан байна.

30 дугаар зүйл.Шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах үндэслэл, журам

Хэвлэх

30.1.Шүүх эмнэлгийн, эсхүл сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахын тулд шинжилгээ хийлгэх этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүл мэндийн байгууллагад байрлуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

30.3.Энэ хуулийн 30.1-д заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулсан бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд 24 цагийн дотор түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл садангийн хүн, хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэх ба энэ тухай шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжид тэмдэглэнэ.

31 дүгээр зүйл.Шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацаа

Хэвлэх

31.1.Шинжилгээ хийж дүгнэлт гаргахын тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг энэ хуулийн 11.2-т заасан хугацаагаар эрүүл мэндийн байгууллагад байрлуулна.

31.2.Шаардлагатай тохиолдолд шинжээчийн үндэслэл бүхий хүсэлтийг үндэслэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг энэ хуулийн 11.4-т заасан хугацаагаар сунгаж болно.

31.3.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэж, шинжээчид хүргүүлнэ.

31.4.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг сунгахаас татгалзсан бол шинжилгээ хийлгэх этгээдийг нэн даруй эмнэлгээс гаргана.

32 дугаар зүйл.Цагдан хоригдоогүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид сэтгэцийн шинжилгээ хийх

Хэвлэх

32.1.Сэтгэцийн шинжилгээ хийлгэх шаардлагатай цагдан хоригдоогүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байрлуулж шинжилгээ хийнэ.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасны дагуу шинжилгээ хийлгэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хүний амь нас, эрүүл мэндийг хохироох, эмнэлгийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй үйлдэл хийсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авна.

32.3.Өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч энэ хуулийн 32.2-т заасан үйлдлийг хийсэн бол уг этгээдийг эмнэлгийн захиргаа эмнэлгээс гаргаж, энэ тухай шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.

33 дугаар зүйл.Цагдан хоригдож байгаа этгээдэд сэтгэцийн шинжилгээ хийх

Хэвлэх

33.1.Цагдан хоригдож байгаа этгээдэд хийх сэтгэцийн шинжилгээг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт хийх бөгөөд эмнэлгийн аюулгүй байдал, хамгаалалтыг цагдан хорих байрны аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага хариуцна.

34 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах

Хэвлэх

34.1.Хүний биед шинжилгээ хийхэд дараахь зүйлийг хориглоно:

34.1.1.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдээлэл авах зорилгоор эрхийг нь хязгаарлах, хуурч мэхлэх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад хууль бус арга хэрэглэн шинжилгээ хийх;

34.1.2.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн биед шинэ эм, эмчилгээ, түүнчлэн оношлогооны болон өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга хэрэгсэл турших, эмнэлгийн туршилтын шинжилгээ хийх;

34.1.3.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг урьд нь эмчилж байсан эмчийг шинжилгээнд оролцуулах;

34.1.4.шинжилгээний явцад олж мэдсэн, шинжилгээний объектод хамаарахгүй асуудлаар мэдүүлэг өгөхийг шинжээчээс шаардах.

34.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь шинжилж байгаа зүйлийн талаар шинжээчид тайлбар өгөх эрхтэй.

34.3.Шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийлгэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид Эрүүл мэндийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу эмнэлгийн тусламж үзүүлнэ.

35 дугаар зүйл.Хүний биед хийх шинжилгээний аргад тавих хязгаарлалт

Хэвлэх

35.1.Хүний биед шинжилгээ хийхдээ эмнэлгийн практикт хэрэглэгдээгүй болон хэрэглэхийг хориглосон арга хэрэглэхийг хориглоно.

35.2.Шинжээч нь хэрэглэх шинжилгээний арга, үүсч болзошгүй өвдөлт, сөрөг нөлөөний тухай сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өөрт нь болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

35.3.Шинжилгээнд шаардагдах хэв загвар буюу дээжийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс эмнэлгийн байгууллагад авч энэ тухай шинжээчийн дүгнэлтэд тусгана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.4. Шинжилгээнд шаардагдах хэв загвар буюу дээж авахдаа шинжээч нь эмнэлгийн байгууллагын хоёр ажилтныг хөндлөнгийн гэрчээр байлцуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36 дугаар зүйл.Хүний биед хийх шинжилгээний үед хэргийн оролцогчийг байлцуулах

Хэвлэх

36.1.Хүний биед шинжилгээ хийх үед шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зөвшөөрснөөр хэргийн бусад оролцогчийг байлцуулж болно.

36.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг нүцэглэх шаардлагатай бол зөвхөн түүнтэй ижил хүйсийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг байлцуулж болох ба энэ хязгаарлалт нь шинжилгээ хийхэд оролцож байгаа эмч, эмнэлгийн бусад ажилтанд хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТОГТОЛЦОО, ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

37 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо

Хэвлэх

37.1.Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

37.2.Шүүхийн шинжилгээний байгууллага нь нутаг дэвсгэрийн болон ажил үүргийн зарчмаар зохион байгуулагдана.

37.3.Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо нь шүүхийн шинжилгээний төв байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албанаас бүрдэнэ.

37.4.Шүүхийн шинжилгээний төв байгууллага нь дэргэдээ сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны нэгжтэй байж болно.

38 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

38.1.Шүүхийн шинжилгээний төв байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

38.1.1.аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

38.1.2.шүүхийн шинжилгээний байгууллагын хүний нөөцийн бодлого боловсруулах, албан хаагчийг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

38.1.3.шүүхийн шинжилгээний байгууллагыг техник, тоног төхөөрөмжөөр хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

38.1.4.үндсэн чиг үүргийн хүрээнд дотоод, гадаадын байгууллагатай хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах;

38.1.5.шүүхийн шинжилгээ хийхэд мөрдөх журам, зааврын биелэлтийг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

39 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний байгууллагын санхүүжилт

Хэвлэх

39.1.Шүүхийн шинжилгээний байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

39.2.Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа үйлчилгээний хөлс авч болох бөгөөд үйлчилгээний хөлснөөс олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

39.3.Энэ хуулийн 39.2-т заасан шинжилгээ хийх журам, үйлчилгээний хөлсний хэмжээг хууль зүйн, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

40 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний мэдээллийн сан

Хэвлэх

40.1.Шүүхийн шинжилгээний төв байгууллага нь улсын хэмжээний шүүхийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сантай байна.

40.2.Шүүхийн шинжилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

41 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан

Хэвлэх

41.1.Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч, мэргэжилтэн ажиллана.

41.2.Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтнээр ял шийтгэлгүй, шинжилгээний чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын иргэнийг томилно.

41.3.Шинжээч нь тогтоосон загварын дагуу үйлдсэн хувийн дугаар бүхий тусгай тэмдэг хэрэглэнэ.

41.4.Шинжээч, мэргэжилтний мэргэшлийн түвшинг тодорхойлох аттестатчиллыг 5 жил тутамд явуулна.

41.5.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтныг аттестатчилах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

42 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны тангараг, дүрэмт хувцас, цол

Хэвлэх

42.1.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан "Монгол Улсын иргэн би шүүхийн шинжилгээний байгууллагад орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр ажиллаж, төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ" гэж Төрийн сүлдэнд тангараг өргөнө.

42.2.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны тангараг өргөх ёслолын журмыг Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.3.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан нь цагдаагийн дүрэмт хувцас, цол хэрэглэж, ялгах тэмдэгтэй байх ба тэдгээрийг хэрэглэх журмыг Засгийн газар батална.

43 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны эрх зүйн баталгаа

Хэвлэх

43.1.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдана.

43.2.Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээчээр ажилласан 1 жилийг 1 жил 2 сар ажилласанд тооцно.

43.3.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.4.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны үйл ажиллагаанд шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.

43.5.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

44 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах

Хэвлэх

44.1.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл ногдуулна:

44.1.1.сануулах;

44.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

44.1.3.цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;

44.1.4.цол бууруулах буюу хасах;

44.1.5.ажлаас халах.

44.2.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

45 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

45.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

45.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 23 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР