Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдэд тавих шаардлага, үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

Хэвлэх

2 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль тогтоомж

2.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 3.1.1.“татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ” гэж үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйл ажиллагааг;

 3.1.2.“үйлчлүүлэгч” гэж гэрээний үндсэн дээр татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс үйлчилгээ авч байгаа татвар төлөгчийг;

 3.1.3.“татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх ашгийн төлөө хуулийн этгээдийг;

 3.1.4.“татварын мэргэшсэн зөвлөх” гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийг;

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 3.1.5.“татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч” гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хувь хүнийг;

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 3.1.6.“татварын бүртгэл” гэж албан татвар, төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ажил гүйлгээ, татварын нөлөөллийг тооцох, бүртгэх үйл ажиллагааг;

 3.1.7.“ажлын баримт” гэж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсэн тухай баримт бичиг, хуулбар, судалгаа, тооцоолол, шинжилгээний материал, хөтөлсөн тэмдэглэл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс баталж, мөрдүүлэх гарын авлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг;

 3.1.8.“хувийн тэмдэг” гэж татварын мэргэшсэн зөвлөхийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэйг гэрчлэх таних тэмдгийг. 

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн хууль тогтоомжид заасан татвар төлөх үүргээ биелүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авахад энэ хууль үйлчилнэ.

 4.2.Татварын мэргэшсэн зөвлөх нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнээс өөр төрлийн ажил эрхлэх тохиолдолд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчим

5.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:

 5.1.1.бие даасан, хараат бус байх;

5.1.2.хуулийг дээдлэн, сахих;

5.1.3.үйл ажиллагаагаа шударгаар явуулах;

5.1.4.мэргэжлийн ёс зүйг баримтлах;

5.1.5.хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэх;

5.1.6.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

5.1.7.мэдээллийн нууцыг хадгалах;

5.1.8.эрх тэгш байх.

Хэвлэх

6 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

6.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ /цаашид “зөвлөх үйлчилгээ” гэх/-нд дараах үйл ажиллагааг хамааруулна:

 6.1.1.татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах;

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 6.1.2.хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо, тохируулга хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах, татварын нөлөөллийг бүртгэх, батлагдсан маягтын дагуу татварын тайланг гаргах;

 6.1.3.үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланг гаргах;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.1.4./Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 6.1.5.татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

7 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эрх

7.1.Үйлчлүүлэгч дараах эрхтэй:

7.1.1.зөвлөх үйлчилгээг сайн дурын үндсэн дээр авах;

7.1.2.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг сонгох;

7.1.3.татварын ногдлыг өөрөө тодорхойлон, татвар төлөх үүргээ биелүүлэхдээ мэргэжлийн туслалцаа авах;

7.1.4.зөвлөх үйлчилгээний талаарх гомдлоо хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах;

7.1.5.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тухайн хуулийн этгээдээс шаардах.

Хэвлэх

8 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн үүрэг

 8.1.Үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй:

8.1.1.зөвлөх үйлчилгээ үзүүлэх нөхцөл, бололцоогоор хангах;

8.1.2.зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах баримт бичиг, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, тайлан, мэдээг бичгээр гаргаж өгөх;

8.1.3.татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийн үнэн зөвийг хариуцах.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА,ЭРХ, ҮҮРЭГ

9 дүгээр зүйл.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд

 9.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.

9.2.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд оноосон нэртэй байх бөгөөд оноосон нэрийн ард “Татварын мэргэшсэн зөвлөх” гэсэн агуулга бүхий “ТМЗ” гэсэн товчилсон тэмдэглэгээтэй байна. Харин аудитын байгууллага нэмэлт тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол энэхүү тэмдэглэгээг хэрэглэхгүй, зөвхөн “аудит” гэсэн үгийг хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар 2 дахь өгүүлбэрийг нэмсэн/

Хэвлэх

10 дугаар зүйл.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тавих шаардлага

10.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд дараах шаардлага тавина:

 10.1.1.үүсгэн байгуулагч нь татварын мэргэшсэн зөвлөх байх;

10.1.2.гурав, түүнээс доошгүй тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх;

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.3./Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.4.үйл ажиллагаагаа явуулах ажлын байр, техник хэрэгсэл, программ хангамжтай байх;

10.1.5.үйл ажиллагаандаа ашиглах гарын авлага, аргачлал, арга зүйгээр хангагдсан байх;

 10.1.6.зөвлөх үйлчилгээний ажлын баримтыг хадгалах зориулалтын архивтай байх;

 10.1.7.үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

 10.1.8.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд салбартай бол түүнд хоёр, түүнээс доошгүй орон тооны татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч ажиллуулах.

Хэвлэх

 11 дүгээр зүйл.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн эрх, үүрэг

 11.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй:

11.1.1.татварын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа энэ хуулийн 18.1-д заасан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт хүргүүлэх;

11.1.2.ажил гүйцэтгэхээс татгалзах тухай энэ хуулийн 16.1.2-т заасан татварын мэргэшсэн зөвлөхийн мэдэгдлийг үндэслэн гэрээнд заасан ажил гүйцэтгэхээс татгалзах;

11.1.3.энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөх үйлчилгээг үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлэх;

11.1.4.үйлчлүүлэгчийн өмнөөс үйлдсэн, шалгасан татварын тайлан, бусад баримт бичигт татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгосон этгээд гарын үсгээ зурж, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулах;

 11.1.5.тусгай зөвшөөрөл авсан, эсхүл тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд энэ тухайгаа Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт тухай бүрд нь мэдэгдэх.

Хэвлэх

12 дугаар зүйл.Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох

12.1.Зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хүссэн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

 12.1.1.зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хүссэн этгээдийн өргөдөл;

 12.1.2.үүсгэн байгуулагчийн анкет;

 12.1.3.үүсгэн байгуулах хурлын шийдвэр;

 12.1.4.хуулийн этгээдийн дүрэм;

 12.1.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

 12.1.6.үүсгэн байгуулагчийн татварын өргүй болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

 12.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 12.2.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах болон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

Хэвлэх

13 дугаар зүйл.Зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

13.1.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг гурав хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.

13.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу, түүнчлэн энэ хуулийн 20.1-д заасныг зөрчсөн тохиолдолд зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

13.3.Тусгай зөвшөөрөл олгогдсон болон тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тухай бүр нийтэд мэдээлнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХӨД ЭРХ ОЛГОХ, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

14 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, түүний хугацааг сунгах, хүчингүй болгох

14.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтад тэнцсэн хүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгож, хуульд заасан үндэслэлээр эрхийг хүчингүй болгоно.

 14.2.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 14.3.Шалгалтын бүрэлдэхүүн нь 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурвыг эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагаас, гурвыг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс, гурвыг төрийн байгууллагаас нэр дэвшүүлэн, санал болгосны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.4.Шалгалтын бүрэлдэхүүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил тутамд өөрчлөлт оруулна.

14.5.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг гурван жилийн хугацаагаар олгоно.

14.6.Эрх олгосон, эсхүл эрхийг нь хүчингүй болгосон татварын мэргэшсэн зөвлөхийн нэрийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тухай бүр нийтэд мэдээлнэ.

 15 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхөд тавих шаардлага

 15.1.Татварын мэргэшсэн зөвлөх дараах шаардлагыг хангасан байна:

 15.1.1.татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх;

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 15.1.2.нягтлан бодогч мэргэжлээрээ тав, түүнээс доошгүй жил ажилласан, ажлын туршлага, ур чадвартай байх;

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 15.1.3.татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтад тэнцсэн байх;

15.1.4.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үндсэн орон тоон дээр ажилладаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч өөр байгууллагад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр давхар ажил эрхлэхгүй, түүнчлэн бусад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахгүй байх;

15.1.5./Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.2.Татварын мэргэшсэн зөвлөх нь тангараг өргөх ба үнэмлэх, хувийн тэмдэгтэй байна. 

Хэвлэх

16 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг

16.1.Татварын мэргэшсэн зөвлөх энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

16.1.1.гэрээнд заасан ажлын хүрээнд энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийг үйлчлүүлэгчээс бичгээр гаргуулж авах;

16.1.2.зөвлөх үйлчилгээг үзүүлэх явцад үйлчлүүлэгч энэ хуулийн 20.3-т заасан үйлдлийг гаргасан тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах тухайгаа татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд мэдэгдэх;

16.1.3.зөвлөх үйлчилгээг энэ хуулийн 11.1.3-т заасан гэрээний дагуу гүйцэтгэх;

16.1.4.татварын тайланг хянах явцад алдаа, зөрчил илэрсэн бол түүнийг засахад нь туслах, зөвлөгөө өгөх;

16.1.5.татварын мэргэшсэн зөвлөхийн эрхээ сунгуулахдаа энэ хуулийн 18.2.4-т заасан сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн байх;

16.1.6.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг мөрдөх.

Хэвлэх

 17 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох

 17.1.Дараах тохиолдолд татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг эрх бүхий этгээд хүчингүй болгоно:

 17.1.1.эрхийн хугацаа дууссан бөгөөд түүнийг сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй;

 17.1.2.эрх сунгах шалгалтад тэнцээгүй;

 17.1.3.хууль тогтоомж зөрчсөн;

 17.1.4.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн;

 17.1.5.нас барсан, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан.

 17.2.Энэ хуулийн 17.1.3, 17.1.4-т заасан үндэслэлээр эрх нь хүчингүй болсон татварын мэргэшсэн зөвлөх гурван жилийн дараа зохих журмын дагуу шинээр эрх авах тухай хүсэлт гаргаж болно.

Хэвлэх

 18 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг 

 18.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг /цаашид “Нийгэмлэг” гэх/ нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын мэргэшсэн зөвлөхүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага мөн.

 18.2.Нийгэмлэг нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй:

18.2.1.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

18.2.2.татварын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа төрийн эрх бүхий байгууллагад оруулах;

18.2.3.татварын мэргэшсэн зөвлөхийн тангараг өргөх, хувийн тэмдгийн загвар, үнэмлэх, түүнийг ашиглахтай холбогдсон журмыг батлах; 

18.2.4.мэргэжлийн сургалт болон татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулах;

18.2.5.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, үйл ажиллагаандаа мөрдөх гарын авлага, мэдээллээр хангах;

18.2.6.татварын мэргэшсэн зөвлөх, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх.

Хэвлэх


 ТАВДУГААР БҮЛЭГ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ, ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 

19 дүгээр зүйл.Зөвлөх үйлчилгээнд тавих хяналт

19.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль тогтоомжийн биелэлтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

19.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн биелэлтэд Нийгэмлэг хяналт тавина.

 20 дугаар зүйл.Зөвлөх үйлчилгээний талаар холбогдох этгээдийн үйл ажиллагаанд хориглох зүйл

 20.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 20.1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх ажиллагаанд оролцох;

 20.1.2.үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийн нууцыг задруулах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

 20.1.3.аудитын үйл ажиллагааг давхар эрхлэх.

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.2.Энэ хуулийн 20.1 дэх хэсгийн заалт татварын мэргэшсэн зөвлөхөд нэгэн адил хамаарна.

20.3.Үйлчлүүлэгч нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд нь хууль бус үйлдэл хийлгүүлэхээр шахалт үзүүлэх, энэ чиглэлийн удирдамж, заавар өгч, биелүүлэхийг шаардах, энэ хуулийн 5.1.1-д заасан зарчмыг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 20.4.Татварын албаны эрх бүхий албан тушаалтан нь үйлчлүүлэгчид зөвлөх үйлчилгээг авахыг шаардах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдээ сонгоход нь нөлөөлөх үйлдэл хийхийг хориглоно.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

 21 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага

 21.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд Нийгэмлэг ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулах арга хэмжээ авна.

 21.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн бол Нийгэмлэг татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгуулах саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана.

 21.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгэмлэгийн саналыг үндэслэн татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгоно.

 21.4.Нийгэмлэгийн саналыг эс зөвшөөрвөл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.

Хэвлэх

22 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

22.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Хэвлэх