Хэвлэх DOC Татаж авах
“ЦАХИМ ХУУДАС ДАХЬ СЭТГЭГДЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 1 дүгээр сарын  5-ны  өдөр                                                                Дугаар 1                                    Улаанбаатар хот                                                                                                                                                                          
                                                                                                                                                                          

   

“ЦАХИМ ХУУДАС ДАХЬ СЭТГЭГДЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙН ТУХАЙ

 


Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Цахим хуудас дахь сэтгэгдлийг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийг бий болгож, уг системийн программ хангамж, техникийн шийдлийг боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, системийг  тогтвортой ажиллуулах, ашиглахтай холбогдуулан үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон холбогдох байгууллагатай гэрээ байгуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Жадамбаад даалгасугай.

 

2. Монгол Улсад домэйн нэр олголтыг зохион байгуулах болон мэдээ, мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цахим хуудсанд тавигдах шаардлагыг тодорхойлох, зохицуулах журмыг зохих хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Балгансүрэн)-нд даалгасугай.

 

3. “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийн мэдээллийн санг үүсгэх, ашиглахад шаардлагатай хуулийн этгээд болон иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Пүрэвдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт үүрэг болгосугай.


4. Цахим хуудас дахь сэтгэгдэлтэй холбоотой мэдээллийг системээс ашиглах, нягтлан шалгах программ хангамж, тоног төхөөрөмжийг тогтвортой, найдвартай ажиллуулах арга хэмжээ авахыг  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Жадамбаад, сэтгэгдэлтэй холбоотой гомдол болон гүтгэн доромжилсон, садар самуунд уруу татсан, заналхийлсэн сэтгэгдлийг системээс нягтлан шалгаж тэдгээрийг бичсэн этгээдийг тодруулж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд тус тус үүрэг болгосугай.

 

5. Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Жадамбаад даалгасугай.

 

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                        Н.АЛТАНХУЯГ

 

 

Монгол  Улсын  сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын  дарга                                                    Ч.САЙХАНБИЛЭГ