A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан "хуульч" /цаашид "хуульчийн гэрчилгээ эзэмшигч" гэх/ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд хуульчийн гэрчилгээ нь хүчинтэй байна.

1.2.Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан "хуульч"-д тооцно.

2 дугаар зүйл.

Хэвлэх

2.1.Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор гаргах бөгөөд хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

2.1.1.хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

2.1.2.Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан журмын дагуу авсан хуульчийн гэрчилгээний эх хувь;

2.1.3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19.2.2, 19.2.3-т заасан баримт бичиг.

2.2.Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдлийн маягтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.3.Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч дараах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэрийг Хуульчдын холбоонд хүргүүлнэ:

2.3.1.хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх;

2.3.2.хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг түдгэлзүүлэх;

2.3.3.хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзах.

2.4.Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргагчийг дараах үндэслэлээр тухайн нөхцөл арилах хүртэл хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг түдгэлзүүлнэ:

2.4.1.энэ хуулийн 2.1-д заасан баримт бичигтэй холбоотой гомдол, маргаан гарсан;

2.4.2.хүсэлт гаргагч нь улс төрийн албан тушаал эрхэлж байгаа;

2.4.3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20.1.1, 20.1.5-д заасан үндэслэлээр.

2.5.Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргагчийг дараах үндэслэлээр хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзана.

2.5.1.энэ хуулийн 2.1-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамчаар үйлдсэн;

2.5.2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21.1.1, 21.1.3-21.1.5-д заасан үндэслэлээр.

2.6.Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрт хүсэлт гаргагч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

3 дугаар зүйл.

Хэвлэх

3.1.Энэ хуулийн 2.1-д заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, эсхүл хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно.

4 дүгээр зүйл.

Хэвлэх

4.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасан хуульчийн шалгалт зохион байгуулахтай холбоотой, мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанд хуульч сонгон шалгаруулахдаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмыг дагаж мөрдөнө.

4.3.Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанд Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан шаардлагыг хангасанд тооцно.

4.4.Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанаас өмнө Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд элсэж, төгссөн иргэнийг Хуульчдын холбооноос тогтоосон магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан сургууль төгссөнд тооцно.

4.5.Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.

4.6.Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанд хууль зүйн их, дээд сургуулийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулна.

5 дугаар зүйл.

Хэвлэх

5.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх бөгөөд өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүртэлх хугацаанд түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй байна.

6 дугаар зүйл.

Хэвлэх

6.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тус хуулийн 24, 35 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байсан хуулийн этгээд 2014 оны 4 дүгээр сарын 15-ны дотор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36.3 дахь хэсэг болон Нөхөрлөлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1, 15.1.7-д заасан тэмдэгтийн хураамжийг төлөхгүй.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд шинэчлэн бүртгүүлээгүй хуулийн этгээдийг татан буулгах тухай хүсэлтийг Хуульчдын холбоо шүүхэд гарган шийдвэрлүүлнэ.

7 дугаар зүйл.

Хэвлэх

7.1.Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуульчийн Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн дагуу хангасан сургалтын багц цагийг үргэлжлүүлэн тоолж тооцно.

8 дугаар зүйл.

Хэвлэх

8.1.Хуульчдын анхдугаар их хурлыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуульчдын нэгдсэн бүртгэл дууссан өдрөөс хойш 60 хоногийн дотор хуралдуулах бөгөөд зохион байгуулах ажлын хэсгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн төлөөллийг оролцуулна.

8.2.Хуульчдын анхдугаар их хурал 500 хүртэл хуульчийн төлөөлөлтэй байх бөгөөд төлөөлөгчдийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуульчдын нэгдсэн бүртгэлд хамрагдсан хуульчдаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай 46.6-д заасан хувь хэмжээгээр сонгон оролцуулна.

8.3.Хуульчдын анхдугаар их хуралд шүүгчдийн төлөөллийг шүүгчдээс, прокуроруудын төлөөллийг прокуророос, өмгөөлөгчдийн төлөөллийг Монголын өмгөөлөгчдийн холбооноос, бусад хуульчийн төлөөллийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдаас тус тус сонгоно.

8.4.Хуульчдын анхдугаар их хуралд оролцох бусад хуульчийн төлөөллийг сонгох ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

9 дүгээр зүйл.

Хэвлэх

9.1.Засгийн газар Хуульчдын анхдугаар их хурлыг зохион байгуулах зардлыг хариуцаж, Хуульчдын холбоог үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэлх хугацаанд байраар хангана.

10 дугаар зүйл.

Хэвлэх

10.1.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хороо байгуулагдах хүртэлх хугацаанд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаар гаргасан гомдол, маргааныг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл.

Хэвлэх

11.1.Энэ хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД