Хэвлэх DOC Татаж авах
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 3 дугаар                                                                                                                                                                                               Улаанбаатар
сарын  2-ны  өдөр                                                                                                  Дугаар 71                                                                                       хот


БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН ТӨСӨЛ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 


Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Бодлогын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр “Шинэ төмөр зам” төсөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох төсөл, “Гудамж” (Улаанбаатар хотын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх болон Туул гол, Сэлбэ голын даланг дагуулан хурдны зам барих) төсөл, Тавантолгойн нүүрсний орд газарт 300МВт цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэхээр тогтсугай. /Энэ заалтын зарим хэсгийг ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг бүрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулан ажиллуулахаар тогтоосугай.

 

3. Төслийн нэгж байгуулж, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх талаар дараахь арга хэмжээ авч ажиллан тухай бүр Засгийн газарт танилцуулж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тухайн төсөл хэрэгжиж байгаа салбарын эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай:

 

3.1. бүтээн байгуулалтын төсөл, обьектын ажлын зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийг захиалж боловсруулах;

3.2. төслийн санхүүгийн болон эдийн засгийн тооцоог хийлгэх;

3.3. төслийн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргуулах;

 

3.4. бүтээн байгуулалтын ажлын нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулан түүний гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, улмаар ажлыг нь эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах.

 

3.5. Төслийн нэгжийн үйл ажиллагааг удирдаж, ажлын хэрэгжилтэд нь хяналт тавьж, төсөл бүрийн явцын талаар Засгийн газарт тухай бүр мэдээлж байх.

 

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 


Эдийн засгийн хөгжлийн сайд                                             Н.БАТБАЯР

 

Монгол  Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын дарга                                                            Ч.САЙХАНБИЛЭГ