Хэвлэх DOC Татаж авах
“ШИНЭ  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                 Улаанбаатар
сарын 30-ны  өдөр                                                                                                  Дугаар 118                                                                                                    хот

 


“ШИНЭ  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.6 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол,  нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор, Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2013-8-2-ны 285-р тогтоолоор 1, 2-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон. ЗГ-ын 2013-11-23-ны 386, 2014-4-4-ний 114-р тогтоолоор 1-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон/

 

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгөөс 2013 онд 200.0 (хоёр зуу) хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан үе шаттай санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн хөрөнгийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг тухай бүр Улсын төсөвт тусган шийдвэрлүүлж байхыг  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт  даалгасугай.

 

4. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэхүү тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний зураг төсөл, төсөв, техник-эдийн засгийн үндэслэлийг хөтөлбөрт тавигдах шаардлагад нийцүүлэн боловсруулж, холбогдох  хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

 

5. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Засгийн газрын үнэт цаасны санхүүжилтээр  инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээг нь барьсан орон сууцны барилгын нийт талбайн тодорхой хувийг төрийн эзэмшилд шилжүүлэн авч иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох журам боловсруулж Засгийн газарт оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

 


6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн   149 дүгээр тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 337 дугаар тогтоолыг  тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Н.АЛТАНХУЯГ

 


Барилга, хот байгуулалтын сайд                                          Ц.БАЯРСАЙХАН