A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 152

Улаанбаатар хот

ДАЛАЙД ГАРАХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсын далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг хурдасгах зорилгоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 1.2.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд "Дунзяны гаалийн баталгаат боомт" бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэх Монголын талын төлөөллөөр "Монголын төмөр зам" ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгож оролцуулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

2. БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн "Дунзяны гаалийн баталгаат боомт" бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж ашиглах эрх авахад монголын талаас гаргах хөрөнгийг Монголбанк болон Зам, тээврийн яамны хамтран хэрэгжүүлж байгаа "Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай.

3. Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ, хэлэлцээр болон далайд гарцгүй улсын статусаа ашиглан Тяньжин боомт хүртэл далайгаар дамжин Монгол Улсад ирж байгаа ачаа тээврийн үнэ тарифыг бууруулах талаар судалгаа хийж, холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

4. Монгол Улсын хилийн боомтууд болон БНХАУ-ын Тяньжин боомтын хооронд төмөр зам болон авто замын нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн тарифын асуудал, дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон хэлбэрийн талаар хятадын талтай хэлэлцээ хийж, үр дүнг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд танилцуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

5. БНХАУ-ын Тяньжин боомтод хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын экспорт, импортын барааны эргэлтийг хурдасгах, тээвэр ложистикийн төслийг хэрэгжүүлэх, цаашид хөдөө аж ахуй, уул уурхайн болон газрын тосны бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх, хадгалах, борлуулах төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2013-2016 онд хэрэгжүүлэх ажлыг газар дээр нь зохион байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг "Улаанбаатарын төлөөлөгчийн газар"-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

6. БНХАУ-ын Тяньжин боомтод хөдөө аж ахуй, уул уурхайн болон газрын тосны бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх, хадгалах, далайн баялаг ашиглах, борлуулах, үйлдвэрлэл явуулахад шаардагдах 200 хүртэл га газрыг хятадын талтай хамтарч эзэмшиж ашиглах эрх авахад монголын талаас гаргах хөрөнгийн эх үүсвэрийг 2014-2016 оны улсын төсөвт тусгаж, Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж төсөлд хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах хэлбэрээр санхүүжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА