A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 266

Улаанбаатар хот

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2013-2014 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:

1.1. Мал аж ахуйн салбарын 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах;

1.2. Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх явцад хяналт тавих;

1.3. Мал сүргийн зун, намрын отрыг зохион байгуулан тарга хүч авахуулах, мал сүрэгт ангилалт хийж дундаас доош тарга хүчтэй болон үржилд тэнцэхгүй малыг хүнсний зориулалтаар бэлтгэх;

1.4. Өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан малыг өөрийн аймгийн бусад сумын болон өөр аймгийн нутаг, аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх гэрээ байгуулах, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих, хаваржих зөвшөөрлийг холбогдох газруудаас зохих журмын дагуу авах ажлыг зохион байгуулах;

1.5. Аймаг, сум бүр нийт бэлчээрийн талбайнхаа 10 хүртэл хувийг цаг хүндэрсэн үед ашиглах тусгай хэрэгцээний отрын бүс нутаг болгох арга хэмжээ авах;

1.6. Бог малын хээлтүүлэгчийг тусгайлан ялган суурилж, мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгж, хоршоодын эзэмшилд шилжүүлэх, малд үзлэг, заазлалт хийж, хээлтүүлэгч шинээр нөхөн тавих ажлыг зохион байгуулах, хээлтүүлэгчийн тохироо, хүрэлцээ хангамжийг сайжруулахад ажил, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

1.7. Энэ онд бүртгэлжүүлэх хуваарьтай аймаг, сумдын үхэр, цөм сүрэг, хээлтүүлэгч малыг хувийн дугаартай болгон гэрчилгээжүүлж, сумын бүртгэл мэдээллийн санд бүртгэх ажлыг эрчимжүүлэх;

1.8. Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардагдах тарилга, эм биобэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

1.9. Улсын төсвийн болон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр шинээр худаг гаргах, бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлын явцад хийх гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах;

1.10. Малчин өрх бүрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ, тэмдэг олгох ажлыг энэ оны 7 дугаар сард багтаан дуусгаж, малчдын бэлтгэсэн хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгоход ашиглах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;

1.11. Малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэг засварлах, тохижуулах, түлээ түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнс базаах, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр мал өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах;

1.12. Аймаг, сумын хөгжлийн сангийн хөрөнгөөс өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн агуулах, саравч барих ажлыг зохион байгуулах.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран хангай, тал хээрийн бүсэд шинээр бий болгох аймаг дундын отрын бүс нутгийн хайгуул, судалгаа хийж тэдгээрийн хилийн цэс, заагийг тогтоон тусгай хэрэгцээний газарт авах тухай шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.

3. Томоохон хот, суурин газарт махны худалдааны төв, аймаг, орон нутагт мал, махны бирж байгуулан ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх, 2013-2014 онд гадаад оронд экспортлох мал, махны төрөл, тоо хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангасан улсын хэмжээний дүнг нэгтгэн энэ оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА