A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авсан гадаадын хөрөнгө оруулагчийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан “хөрөнгө оруулагч” гэж үзэх бөгөөд энэ хугацаа дуусгавар болсноор  тухайн хөрөнгө оруулагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлнэ.  

2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу байгуулсан тогтвортой байдлын гэрээ болон Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлийн дагуу байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь уг гэрээнд заасан  хугацаанд хүчин төгөлдөр байна.

3 дугаар зүйл. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан хуулийн этгээдэд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ олгохгүй.

4 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл нь мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд тогтворжуулах  гэрчилгээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан хугацаагаар олгоно. Хөрөнгө оруулалтын дүнг аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланд үндэслэн тогтооно.

5 дугаар зүйл. Энэ хууль батлагдахаас өмнө Монгол Улсын хуулийн этгээдийн 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эзэмших хувь, хэмжээнд өөрчлөлт ороход  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасан нөхцөл үл хамаарна.

6 дугаар зүйл. Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

           

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД