A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цөмийн хаягдлын асуудлаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах.

2.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД