A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ

Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд Н.Алтанхуяг) – т чиглэл болгосугай. Үүнд:

1.Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох,

2.Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох,

3.Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах,

4.Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх,

5.Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцох.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ