Хэвлэх DOC Татаж авах
ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр                                                               Дугаар 27                                                                                                      Улаанбаатар хот

 

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

 

Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор,

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн Зарлиг болгох нь:

Нэг.Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд  таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай:

1/ өвлийн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан,  задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх;

2/ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын хөтөлбөрт өвлийн спортын төрлүүдээс тусган, өвлийн улиралд дадал болгон хэвшүүлэх, сурагч оюутны өвлийн спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх;

3/үндэсний шигшээ багийн өвлийн спортын олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4/өвлийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаад улсын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих;

Хоёр.Зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж,  хэрэгжилтийн талаар Ерөнхийлөгчид болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

Гурав.Өвлийн спортын тамирчдыг ивээн тэтгэх, урамшуулах, өвлийн спортын барилга байгууламж барих, шинэ технологийг нэвтрүүлэх зэргээр эх орондоо өвлийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллагад уриалсугай.

 

 

                                                                    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                       Ц.ЭЛБЭГДОРЖ

 

                                                                    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                       Н.АЛТАНХУЯГ