Хэвлэх DOC Татаж авах
“ДЦС-5”  төслийг  хэрэгжүүлэх  ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

“ДЦС-5”  төслийг  хэрэгжүүлэх  ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

   

2012 оны 02 дүгээр сарын 15-ны  өдөр                                              Дугаар 44                                                                           Улаанбаатар хот 

Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн  Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Дулааны цахилгаан станц-5” (“ДЦС-5”)-ын нүүрсний хангамжтай холбогдолтой асуудал болон станцаас үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг тус станц ашиглалтад орох үед бэлэн байлгах  зорилгоор дараахь ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, шаардлагатай хөрөнгийг гадаадын зээл, тусламжид хамруулж,  2013 оноос эхлэн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Д.Хаянхярваа  нарт даалгасугай:

1.1. “ДЦС-5”-ын нүүрсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх техник, технологийн шийдэл, дэд бүтцийн өргөтгөлийн ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах,  барьж байгуулах.

1.2. “ДЦС-5”-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг дамжуулах, түгээх шугам сүлжээ бүхий системийг шинээр байгуулах болон хотын дулаан хангамжийн одоогийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажиллагааны горимын тооцоо хийх,  дамжуулах сүлжээ, өргөх станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв  боловсруулах, барьж байгуулах.

1.3. “ДЦС-5”-ын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугам сүлжээ, хуваарилах байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг боловсруулах,  барьж байгуулах.

1.4. Станцад нүүрс тогтвортой нийлүүлэх зорилгоор “ДЦС-3” төрийн өмчит хувьцаат компанийн салбар төмөр замын сүлжээг өргөтгөх.

2. “ДЦС-5”-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу тус станцын усны хэрэглээг “ДЦС-3”-ын гүний усны худгаас хангах болон шинээр худаг гаргах асуудлыг судалсны үндсэн дээр худгийн цооног өрөмдөх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож усан хангамжийг баталгаажуулах арга хэмжээ авахыг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

3.  “ДЦС-5”-ын нүүрс тээвэрлэлтийн найдвартай байдлыг хангах зорилгоор Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Багануур-Улаанбаатар, Шивээ-Овоо-Улаанбаатар чиглэлийн шугамын нэвтрүүлэх чадвар болон Улаанбаатар өртөөний ачаа боловсруулах чадлыг Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөнд хүндрэл үүсгэхгүй нөхцөлтэйгээр нэмэгдүүлэх болон бусад зайлшгүй авах цогц арга хэмжээний төлөвлөгөө, төсөв, санхүүжилтийн боломжийн талаар тодорхой санал боловсруулан 2012 оны 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулж зохих шийдвэр гаргуулахыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид даалгасугай.

4. “ДЦС-5”-аас гарах үнсний байгаль орчин, хүн амд үзүүлэх нөлөөллийн талаар холбогдох хяналтын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр үнсийг цаашид байгаль орчин, хүн амд  сөрөг нөлөөлөлгүйгээр хадгалах, ашиглах талаар  санал боловсруулан 2012 оны 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт оруулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт тус тус даалгасугай.

5. “ДЦС-5” болон түүний дэд бүтцийг барихад шаардлагатай бусдын эзэмшилд байгаа газрыг чөлөөлөх, шаардлагатай бол улсын тусгай хэрэгцээнд авах саналыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, 2012 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт оруулахыг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт даалгасугай.

6. Дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгоор “ДЦС-5” төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон нэгдэлд Монгол Улсын нэгээс доошгүй хуулийн этгээдийг хувь нийлүүлэгчээр оролцуулсан байх нөхцөл, шаардлагыг уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгаж концесс эзэмшигчийг зохих журмын дагуу шалгаруулахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай.

7. “ДЦС-5”-ын үйлдвэрлэсэн цахилгааны эрчим хүч, дулааны эрчим хүчийг худалдан авах талаар төрөөс өгөх баталгааг хангах зорилгоор аккредитив нээх нөхцөлийг тохирон зохих зөвшөөрөл олгох талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.

                                   Монгол Улсын Ерөнхий сайд                                           С.БАТБОЛД

                 Монгол  Улсын  сайд,

                 Засгийн газрын Хэрэг

                 эрхлэх  газрын  дарга                                                      Ч.ХҮРЭЛБААТАР