Хэвлэх DOC Татаж авах

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр                                                                                                                   Дугаар 1014                                                                                                                                      Улаанбаатар хот

 

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 6.1-6.4 дэх хэсгийг дор дурдсан агуулгаар шинэчлэн найруулсугай:

“6.1. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн ерөнхий болон шууд гишүүнчлэлийн шаардлагыг хангаж, гишүүнээр элссэн этгээд нь Хорооноос олгосон зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлж болно.

6.2. Зохицуулалттай этгээд нь мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших зөвшөөрлийг авахдаа дараах шаардлагыг хангасан байна:

6.2.1. 1.0 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй, Санхүүгийн зохицуулах хорооны “Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам”-ын шаардлагыг сүүлийн 4 улирал дараалан хангасан байх;

6.2.2. мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг гүйцэтгэх, харилцагч бүрийн дансны бүртгэлийг хөтлөх, мэдээлэл авах, хэвлэх, дансаа удирдах боломжоор хангагдсан төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламж болон арилжааны банктай холбогдож, мэдээлэл солилцох, цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан программ хангамжтай байх; /Үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэгч болон программ хангамж нийлүүлэгчээс тодорхойлолт гаргуулсан байх/

6.2.3. үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан номинал данс хариуцсан мэргэжилтэнтэй байх бөгөөд тухайн мэргэжилтэн нь бусад албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;

6.2.4. харилцагчийн мөнгөн хөрөнгийн орлого, зарлага, үлдэгдлийн мэдээллийг цахимаар сар бүрийн 10-ны өдрийн дотор тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээд болон Хороонд ирүүлэх бөгөөд нууцлалтай холбоотой асуудлыг хоорондын гэрээнд тусгасан байх;

6.2.5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-д заасны дагуу харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлан харилцагч тус бүрээр хөтөлж, мөнгөн орлого, зарлагын гүйлгээг санхүүгийн тайлан тэнцэлд дэлгэрэнгүй бүртгэж, Хорооны “Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам”-д заасан өөрийн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн зохистой харьцаанд хамруулан тооцохгүй байх;

6.2.6. мөнгөн хөрөнгийн номинал дансны зөвшөөрөлтэй этгээдийн дотоод хяналтын ажилтан нь энэхүү журмын 6.2.4-т заасан мэдээллийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргэх, номинал данс хариуцсан ажилтны үйл ажиллагаа болон харилцагчаа таньж мэдсэн байдал, харилцагчийн дансны шилжүүлэг, гүйлгээнд тогтмол хяналт тавьж ажиллах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөх;

6.2.7. мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал дансны үйл ажиллагааг зохицуулсан нарийвчилсан журмыг хувьцаа эзэмшигч эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлуулж, журмын хавсралтаар харилцагчаа таньж мэдэх маягтын загварыг баталсан байх;

6.2.8. номинал дансны зөвшөөрөлтэй этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-36.10 дахь хэсгийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, номинал данс дахь харилцагчийн зарлагын гүйлгээг арилжааны төлбөр тооцоотой холбоотой гүйлгээ хийхээс бусад тохиолдолд зөвхөн харилцагчийн нэр дээрх арилжааны банкны дансанд шилжүүлэх;

6.2.9. мөнгөн хөрөнгийн номинал данс нь арилжааны банкинд тусгайлан нээсэн, ҮЦК-ийн нэр дээрх харилцагчдын мөнгөн хөрөнгийн нэгдсэн данс байх бөгөөд тус данс дахь харилцагчдын мөнгөн хөрөнгөөр ҮЦК нь ямарваа нэг үүргийн гүйцэтгэл хангуулах, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэхгүй байх;

6.2.10. мөнгөн хөрөнгийн номинал дансны зөвшөөрөлтэй этгээд нь жилийн санхүүгийн тайланд Хороонд бүртгэлтэй аудитын компаниар аудит хийлгэх хүрээнд номинал дансны мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд аудит хийлгэж, гаргасан дүгнэлтийг тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээд болон Хороонд дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх;

6.2.11. үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх төлөвлөгөө /BCP, DRP/, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага болон мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоотой байх, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааны аудит хийлгэсэн байх.

6.3. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд нь үнэт цаасны номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг авахдаа дараах шаардлагыг хангасан байна:

6.3.1. 1 тэрбум 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх, Санхүүгийн зохицуулах хорооны “Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам”-ын шаардлагыг сүүлийн 4 улирал дараалан хангасан байх;

6.3.2. зөвшөөрөл хүсэгч нь мөнгөн хөрөнгийн номинал дансны зөвшөөрөлтэй үйл ажиллагааг 1-ээс дээш жилийн хугацаанд тасралтгүй эрхэлж, энэхүү журмын 6.2.10-д заасан аудитын дүгнэлт гаргуулсан байх;

6.3.3. үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагын гишүүнчлэлийн шаардлагыг хангаж, гишүүнээр элссэн байх;

6.3.4. номинал данс хөтлөх тусгаар, бие даасан нэгжтэй байх ба тухайн нэгж нь брокер дилер, андеррайтерийн үйл ажиллагаанаас тусдаа зохион байгуулалтын бүтэцтэй байх бөгөөд зөвхөн харилцагчийн зөвшөөрлөөр түүний үнэт цаасны орлого, зарлагыг гүйлгээг гүйцэтгэж, өмчлөх эрхийг бүртгэх үүрэгтэй;

6.3.5. нэгж нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан, мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй байх бөгөөд тухайн мэргэжилтнүүд нь бусад албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;

6.3.6. харилцагчийн үнэт цаасны шилжүүлэг, үлдэгдлийн мэдээллийг сар бүрийн 10-ны өдрийн дотор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд болон Хороонд ирүүлж байх;

6.3.7. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-д заасны дагуу харилцагчийн үнэт цаасыг өөрийн үнэт цааснаас тусгаарлан харилцагч тус бүрээр тусгаарлаж, орлого, зарлагын гүйлгээ бүрийг тайлан тэнцлийн гадуур дэлгэрэнгүй бүртгэж байх;

6.3.8. үнэт цаасны номинал дансны үйл ажиллагааг зохицуулсан нарийвчилсан журмыг хувьцаа эзэмшигч эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлуулж, тухайн журамд харилцагчийг таньж мэдэх, тайлан хуулга хүргэх, үнэт цаастай холбоотой мэдээлэл хүргэх тухай зохицуулалт тусгасан байх ба журмын хавсралтаар харилцагчийг таньж мэдэх маягтын загварыг баталсан байх;

6.3.9. үнэт цаасны номинал данс хөтөлж, харилцагчид үйлчилгээ үзүүлэхэд баримтлах бодлого, эрсдэлийн удирдлагын тогтолцоотой байх;

6.3.10. үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага, арилжааны банк, төлбөр тооцооны байгууллагатай мэдээлэл солилцох, төлбөр тооцоог гүйцэтгэх техник төхөөрөмж, программ хангамжийг бүрдүүлсэн талаарх тодорхойлолтыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаас гаргуулсан байх;

6.3.11. үнэт цаасны номинал дансны үйл ажиллагаанд ашиглах программ нь кастодианы удирдлагын программтай ижил, эсхүл төсөөтэй шинжтэй, программ нь багц, эсхүл байгууллагын оюуны өмчийн эрхтэй (proprietary) байж болох бөгөөд үнэт цаасны номинал дансны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай функцтэй байх; (тухайлбал, үнэт цаасны болон харилцагчийн мэдээллийн сан, данс удирдах программ, харилцагчаас өгөх зааварчилгааг боловсруулах, удирдах, арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэх, компанийн үйл ажиллагааны гүйлгээ хийх боломжтой талаарх тодорхойлолтыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаас гаргуулсан байх)

6.3.12. үнэт цаасны номинал дансны үйл ажиллагаа явуулах сүлжээ, программ хангамжид гэмтэл, саатал гарсан, эсхүл давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэдгээрт байгаа харилцагчдын мэдээллийн бааз, бусад өгөгдлийг давхар хадгалах, сэргээх системтэй байх;

6.3.13. бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, дотоод хяналтын болон комплаенсийн тогтолцоотой, Хороо шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагааны талаар хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх.

6.4. Энэхүү журмын 6.2-6.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан этгээдэд Хороо зөвшөөрөл олгох бөгөөд журмын нөхцөл шаардлагыг хангаагүй нөхцөлд Хороо зөвшөөрөл олгохоос татгалзсан албан бичгийг ажлын 20 хоногийн дотор хүргүүлнэ.”

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

ДАРГА                                   Д.БАЯРСАЙХАН