A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2004 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

                                    ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР

Хэвлэх

Нэг.ИХШХШТ хуулийн 74, 75 дугаар зүйлд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэснээс хойш анхан шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигчид эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол тухайн хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заажээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, зохигчдын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталсан тухай захирамж гарган хэргийг дуусгавар болгоно.

Уг захирамж нь тухайн хэрэгт эцсийн шийдвэр болдгоос гадна түүнийг шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ёстой бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Харин зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь ИХШХШТ хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.

2004 оны 1, 2 дугаар сард дүүргийн шүүхүүд хялбаршуулсан журмаар нийт 219 хэрэг шийдвэрлэсэн нь энэ хугацаанд хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 14,9 хувийг эзэлж байна.

Дүүргийн шүүхүүд ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан дөрвөн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн байдлыг хүснэгтээр харуулбал:

Шүүхийн нэр

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

Хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн

Зохигчид эвлэрсэн

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн

Нийт шийдвэрлэсэн

1.

Баянгол

5

16

7

2

30

2.

Баянзүрх

6

18

10

10

44

3.

Багануур

2

16

1

2

21

4.

Сүхбаатар

7

8

22

10

47

5.

Сонгинохайрхан

3

10

7

4

24

6.

Хан-Уул

5

10

13

2

30

7.

Чингэлтэй

2

2

9

4

17

8.

Налайх

-

3

2

1

6

Бүгд

30

83

71

35

219

Хоёр.Дээрхи 219 хэргүүдийг уншиж судлахад дор дурьдсан нийтлэг алдаазөрчил илэрлээ.

2.1.Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс төлөх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийнхээ үнийн дүнгээс дутуу төлсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг хэтрүүлэх, зохигчдод эрх, үүргийг тайлбарлан өгөхгүй байх зэргээр ИХШХШТ хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 67 дугаар зүйлийн 67,1.1, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг зөрчжээ.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 2 сарын 25-ны өдрийн 221, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 6-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт зохигчдод эрх үүргийг нь тайлбарлан өгөөгүй, мөн шүүхийн 2004 оны 1 сарын 29-ний өдрийн 203 дугаар шүүгчийн захирамжтай хэргийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн хянан шийдвэрлэжээ.

Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 28-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

2.2.ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл , зохигчдын эвлэрэл болон хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож гарын үсэг зуран баталгаажуулснаас гадна хэрэв эвлэрлийн гэрээ байгуулсан бол тэр нь Иргэний хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл шүүгчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг огт биелүүлэхгүй байна.

Тухайлбал: Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 12 сарын 25-ны өдрийн 2 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудасны ард нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж бичсэнийг үндэслэн шүүгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэжээ.

Мөн шүүхийн 2004 оны 1 сарын 21-ний өдрийн 15, 2004 оны 1 сарын 28-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт зохигч талууд бичгээр тохиролцож гарын үсэг зурсан баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

2.3.Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт зохигчид чухам нэхэмжлэлийн ямар шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлж, эвлэрч, нэхэмжлэгч ямар шаардлагаасаа татгалзаж байгааг тодорхой бичихгүй зөвхөн "зохигчид эвлэрснийг, хариуцагч зөвшөөрснийг, биелүүлснийг, нэхэмжлэгч татгалзсаныг баталж" гэж хэтэрхий товчлон бичиж байгаа нь ИХШХШТ хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д заасан шаардлагыг хангахгүй байна.

Тухайлбал: Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 13-ны өдрийн 96, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 2 сарын 12-ны өдрийн 173 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн биелүүлснийг тодорхой заагаагүй орхигдуулжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 20-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт зохигчдын эвлэрч буй мөнгөний үнийн дүнг заагаагүй нь буруу болжээ.

2.4.ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж байна.

Тухайлбал: Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт зохигчид эвлэрч, энэ тухай гэрээ байгуулсан байхад шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж, түүний зөвшөөрлийг баталжээ.

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 14-ний өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжтай хэрэгт дээрхийн адил алдааг гаргажээ.

2.5.ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 болон энэ зүйлийг хэрхэн хэрэглэх талаар гаргасан Улсын Дээд Шүүхийн зөлөмжийг баримтлахгүйгээр улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилан шийдвэрлэж байна.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 21-ний өдрийн 81, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 сарын 21-ний өдрийн 1, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 20-ны өдрийн 157, 2004 оны 1 сарын 14-ний өдрийн 131, Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 2 сарын 12-ны өдрийн 90 дүгээр шүүгчийн захирамжаар зохигчид эвлэрсэн болохыг тус тус баталж шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжииг хэрхэн төлөх талаар зохигчид тохирч, эвлэрлийн гэрээндээ тусгаагүй тохиолдолд эвлэрэн хэлэлцсэн нэхэмжлэлийн үнийн дүнд оногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувийг гаргуулаагүй нь буруу болжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 1 сарын 14-ний өдрийн 65, 2004 оны 1 сарын 19-ний өдрийн 74, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 сарын 6-ны өдрийн 6, 2004 оны 1 сарын 22-ны өдрийн 68, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 2 сарын 5-ны өдрийн 164 , 2004 оны 1 сарын 20-ны өдрийн 110, 2004 оны 1 сарын 7-ны өдрийн 55 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэргүүдэд тэмдэгтийн хураамжийг буруу тооцох, хуваарилахгүй орхих зэрэг алдаа гаргажээ.

Гурав.ИХШХШТ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхээс 3ӨВЛӨХ НЬ:

3.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд энэ үндэслэлээр түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар бол но.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр тухайн нэхэмжлэлд үүсгэсэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуусна.

Зохигчид эвлэрэх нь тэдгээрийн буюу хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тэд тухайн маргаантай асуудал дээр нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож, харилцан буулт хийх замаар эвлэрлийн гэрээ байгуулснаар тухайн нэхэмжлэлд үүсгэсэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болдог.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх нь тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр барагдуулснаар нэхэмжлэл хангагдах явдал юм.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан эдгээр үндэслэлийг тухайн маргаантай хэрэгт зөв сонгон хэрэглэх нь чухал гэдгийг анхаарвал зохино.

3.2.ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т "Нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталсан тухай баримтад зохигч талууд гарын үсэг зурж баталгаажуулна", мөн зүйлийн 74.6-д "зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан бол эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна" гэж тус тус заасныг чанд мөрдөж ажиллах нь зүйтэй.

3.3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу болон энэ талаар гаргасан Улсын Дээд шүүхийн зөвлөмжийг үндэслэн шийдвэрлэж байвал зохино.

3.4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг ИХШХШТ хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу үйлдэж, хуулийн нэр томъеог зөв хэрэглэхэд анхаарах нь зүйтэй.

3.5.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх хуулийн зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ