- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- БУРХАН ХАЛДУНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 203
Улаанбаатар хот
БУРХАН ХАЛДУНЫ ТУХАЙ
Хан Хэнтийн нурууны Бурхан халдун уул бол Монголчуудын их түүх, Эзэн Чингисийн намтар цадигт холбогдолтой үйл явдлууд өрнөж байсан түүхэн газар нутаг, байгалийн унаган төрхөөрөө байгаа үзэсгэлэнт сайхан хайрхан билээ.
Бурхан халдун хайрханы байгалийн унаган төрх, Монголын түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй саналыг дэмжиж, Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Уламжлалт ёс заншлаа дээдлэн Бурхан халдун хайрханы тахилгын ёслолыг "Дээд овоо"-ны бэлд шинээр бий болгосон овоонд үйлдэж байхаар тогтоосугай.
2.Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан, ЮНЕСКО-д хандах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т чиглэл болгосугай.
3.Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулах зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, түүх соёлын зүтгэлтнүүд, нийт ард иргэдэд уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A