A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

 

АУДИТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь аудитын үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аудитын үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох, хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Аудитын тухай хууль тогтоомж

2.1.Аудитын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг;

3.1.2.“аудитор” гэж аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд, эсхүл аудитын багийн ахлагч, бусад гишүүнийг;

3.1.3.“партнер” гэж аудитын гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдийн өмнө аудитын дүгнэлтийн талаар хариуцлага хүлээх аудиторыг;

3.1.4.“аудитын хуулийн этгээд” гэж аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөл, компанийг;

3.1.5.“санхүүгийн тайлангийн аудит” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхийг;

3.1.6.“санхүүгийн тайланг нягтлах ажил” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг нягтлах үйл ажиллагааны стандартын дагуу нягтлан шалгаж, баталгаажуулах үйл ажиллагааг;

3.1.7.“бусад баталгаажуулалт” гэж санхүүгийн мэдээллийг холбогдох олон улсын стандартын дагуу шалган баталгаажуулах үйл ажиллагааг;

3.1.8.“аудитын чанарын баталгаажуулалтын хяналт” гэж аудитын үйл ажиллагааг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхэд аудитын хуулийн этгээд өөрөө, эсхүл эрх бүхий төрийн байгууллагаас хяналт тавих үйл ажиллагааг;

3.1.9.“санхүүгийн холбогдох үйлчилгээ” гэж холбогдох үйлчилгээний олон улсын стандартын дагуу гүйцэтгэх гэрээт ажлыг;

3.1.10.“санхүүгийн баримт” гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг;

3.1.11.“үйлчлүүлэгч” гэж гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг;

3.1.12.“Аудитын олон улсын стандарт” гэж Олон улсын нягтлан бодогчдын холбооноос баталсан аудитын болон бусад үйлчилгээг эрхлэн явуулах зарчим, горимыг тусгасан баримт бичгийг;

3.1.13.“аудитын үйлчилгээний дотоод стандарт” гэж аудитын хуулийн этгээдээс Аудитын олон улсын стандарт, түүнтэй адилтгах заавар журамд нийцүүлэн баталж, тухайн аудитын хуулийн этгээдэд мөрдөх баримт бичгийг;

3.1.14.“ажлын баримт” гэж аудитын үйл ажиллагаа явуулах явцад аудитор өөрөө бэлтгэсэн, цуглуулсан санхүүгийн баримт, бүртгэл, тооцоо, тайлан, судалгаа шинжилгээний материал, уулзалтын тэмдэглэл, холбогдох этгээдээс авсан мэдээлэл зэрэг аудитын болон чанарын хяналтын олон улсын стандартын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг;

3.1.15.“завсрын санхүүгийн тайлан” гэж санхүүгийн бүтэн жилээс богино хугацааг хамруулан гаргасан санхүүгийн тайланг;

3.1.16.“аудитын баг” гэж аудитын тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхээр аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг;

3.1.17.“Стандартын хороо” гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21.1-д заасан хороог;

3.1.18.“Институт” гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.13-т заасан байгууллагыг.

4 дүгээр зүйл.Аудитын үйл ажиллагаа эрхлэх

4.1.Энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлнэ.

4.2.Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой компанид аудит хийхдээ хуульд өөрөөр заагаагүй бол Компанийн тухай хуулийн 76.1.10-т заасныг мөрдөнө.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ, СТАНДАРТ

5 дугаар зүйл.Аудитын олон улсын стандарт

5.1.Аудит баталгаажуулалтын үйл ажиллагааг чанарын хяналт, аудит, нягтлах ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээний олон улсын стандартуудын дагуу хийж гүйцэтгэнэ.

5.2.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийхдээ Аудитын олон улсын стандартыг баримтална.

6 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагааны зарчим

6.1.Аудитын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

6.1.1.Аудитын олон улсын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулах;

6.1.2.хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болох шахалт, эрхшээлд орох аливаа нөхцөл байдлаас зайлсхийх;

6.1.3.харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалах;

6.1.4.шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөх, үүний тулд үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэхээргүй бодитой зар сурталчилгаа явуулах, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах болон тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргахгүй байх;

6.1.5.аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандах.

7 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагааны хараат бус байдал

7.1.Аудитор нь үйлчлүүлэгч байгууллага болон үйлчлүүлэгчээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд, мөн аудитын үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдсон нөхцөл байдлын хувьд хараат бус байна.

7.2.Аудитын хуулийн этгээдийн удирдлага болон аудитор нь ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд хараат бус байх шаардлагыг хангахын тулд дараах нөхцөл бүрдсэн байна:

7.2.1.аудитор нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.8, 3.1.9-д заасан хандив, бэлэг аваагүй, авах тухай ямар нэг тохиролцоо хийгээгүй байх;

7.2.2.аудитын үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн байдал, аудитын дүгнэлтийн шинж чанараас хамааруулан тогтоогоогүй байх;

7.2.3.үйлчлүүлэгчтэй Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

7.2.4.аудитын үйлчилгээний төлбөр болон бусад шийдвэрлэгдээгүй асуудалгүй байх;

7.2.5.аудитын багийн гишүүд нь үйлчлүүлэгчийн эрх бүхий аль нэг албан тушаалтан болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй садан төрөл, худ ургийн холбоо хамааралгүй байх;

7.2.6.аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд үйлчлүүлэгч байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн тав буюу түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг аливаа хэлбэрээр хийгээгүй байх.

7.3.Аудитын хуулийн этгээд аудитын үйл ажиллагааны горим, дотоод хяналтын журамтай байна.

7.4.Энэ хуулийн 7.2.5-д заасан үйлчлүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдэгт дараах этгээдийг хамааруулан ойлгоно:

7.4.1.үйлчлүүлэгч байгууллагын санхүүгийн болон удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломжтой эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч;

7.4.2.үйлчлүүлэгчийн толгой болон охин компанийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч.

7.5.Энэ хуульд заасан хараат бус байх зарчмыг зөрчсөн гэж үзвэл аудитлагдсан санхүүгийн тайланг хэрэглэгч этгээд санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй.

8 дугаар зүйл.Аудитын үйлчилгээг хязгаарлах

8.1.Аль нэг аудитын хуулийн этгээд нь нэг аж ахуйн нэгж, байгууллагад дараалсан таван жилээс илүү хугацаанд энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасан аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу таван жил өнгөрсний дараа солигдсон аудитын хуулийн этгээд нь солигдсоноос хойш дараагийн гурван жилийн хугацаанд тухайн үйлчлүүлэгч байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

8.3.Энэ хуулийн 8.1 дэх хэсгийн заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ

9 дүгээр зүйл.Аудитын үйл ажиллагаа

9.1.Аудитын хуулийн этгээд дараах үйл ажиллагаа явуулна:

9.1.1.санхүүгийн тайлангийн аудит;

9.1.2.санхүүгийн тайланг нягтлах ажил;

9.1.3.бусад баталгаажуулах ажил;

9.1.4.санхүүгийн холбогдох үйлчилгээ.

9.2.Аудитын хуулийн этгээд холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж болно.

9.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болно.

9.4.Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

9.5.Аудитын хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийхийг хориглоно.

10 дугаар зүйл.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх

10.1.Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ:

10.1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.2.нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.3.өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.4.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.5.Иргэний хуулийн 36.2-т заасан сан;

10.1.6.хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангийн аудитыг дараах хугацаанд хийлгэсэн байна:

10.2.1.хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө;

10.2.2.өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө;

10.2.3.банк жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор;

10.2.4.бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор.

10.3.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх хугацааны асуудлыг Төсвийн тухай болон бусад хуулиар зохицуулна.

10.4.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа, иргэн санхүүгийн баримтдаа аудит хийлгэж болно.

10.5.Аудитын хуулийн этгээд нь аудитын дүгнэлтийн талаар өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ.

11 дүгээр зүйл.Санхүүгийн тайланг нягтлах болон бусад баталгаажуулах ажил

11.1.Төрийн эрх бүхий хяналт зохицуулалтын байгууллага, банк санхүүгийн байгууллагын хүсэлтээр аж ахуйн нэгж, байгууллагаас завсрын санхүүгийн тайландаа энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.4-т заасан ажил үйлчилгээг хийлгэж болно.

11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санаачилгаар энэ хуулийн 9.1.1-д заасан ажил үйлчилгээ хийлгэж болно.

11.3.Бусад баталгаажуулах ажилд дараах ажил үйлчилгээ болон санхүүгийн мэдээлэл, хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэх ажиллагаа хамаарна:

11.3.1.үнэт цаас гаргахтай холбоотой эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэлийг хянаж, дүгнэлт гаргах;

11.3.2.Аудитын олон улсын стандартад заасан бусад баталгаажуулах ажил;

11.3.3.аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтын системийг үнэлж, дүгнэлт гаргах.

12 дугаар зүйл.Аудитын ажлын баримт, түүний хадгалалт

12.1.Аудитын дүгнэлт нь үнэн, зөв нотлох баримтад үндэслэх бөгөөд аудитын үйл ажиллагааны явцад аудиторын өөрөө цуглуулсан ажлын баримт нь цаас, хальс, цахим болон бусад хэрэгсэл дээр хадгалсан мэдээлэл хэлбэртэй байна.

12.2.Аудитын баг, эсхүл аудитор нь санхүүгийн тайлангийн аудитын явцад шалгалт, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт, давтан тооцоолол, шинжилгээний горимыг гүйцэтгэх замаар нотлох зүйлс болох ажлын баримтыг цуглуулж, тэдгээрт судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

12.3.Аудитын баг, эсхүл аудитор гүйцэтгэсэн ажлын баримтад тэмдэглэл хөтөлж, дүгнэлтээ баримтжуулна.

12.4.Аудитын ажлын баримт нь Аудитын олон улсын стандартад заасан ажлын баримтад тавих шаардлагыг хангасан байна.

12.5.Аудитын ажлын баримт нь аудитын хуулийн этгээдийн өмч бөгөөд ажлын баримтыг 10 жил хадгална.

13 дугаар зүйл.Гэрээ

13.1.Аудитын үйлчилгээ үзүүлэх талаар үйлчлүүлэгч болон аудитын хуулийн этгээд бичгээр гэрээ байгуулна. Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

13.2.Гэрээнд аудитын үйл ажиллагаатай холбогдуулж харилцан хүлээх үүрэг, хариуцлага, ажлын хүрээ, гүйцэтгэх хугацаа, хөлс, үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээг дуусгавар болгох журмыг заасан байна.

14 дүгээр зүйл.Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

14.1.Үйлчлүүлэгч дараах эрх эдэлнэ:

14.1.1.аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аудитын байгууллагыг сонгох;

14.1.2.аудитын дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг шаардах;

14.1.3.аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах;

14.1.4.аудитын шалгалт, нягтлах ажил, бусад баталгаажуулах ажил хийлгэх, санхүүгийн үйлчилгээ авах, хуулийн дагуу заавал магадлан шинжилгээ, баталгаажуулалт хийх тохиолдолд энэ хуульд заасан үндэслэл байвал томилогдсон аудитороос татгалзах саналыг аудитын хуулийн этгээдэд гаргах.

14.2.Үйлчлүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

14.2.1.холбогдох олон улсын стандартад нийцүүлэн гаргасан санхүүгийн тайланг аудиторт шалгуулахаар хүлээлгэн өгөх;

14.2.2.аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах;

14.2.3.аудиторын шаардсан баримт, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх;

14.2.4.байгууллагын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэл, тайланд стандартын дагуу зөв тусгасан тухай, мөн эдгээртэй холбогдох баримт, материал, тайлбарыг бүрэн танилцуулсан, энэ талаар үүсч болох хариуцлагыг хүлээх тухайгаа нотолсон тодорхойлолтыг аудиторт гаргаж өгөх;

14.2.5.шалгалтын явцад илэрсэн бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлантай холбоотой хүлээн зөвшөөрсөн алдаа, зөрчлийг шуурхай залруулах;

14.2.6.байгууллагын удирдлагын зүгээс аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, ямар нэг хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхгүй байх;

14.2.7.аудиторын хүссэн шаардлагатай нотлох баримтыг гуравдагч этгээдээс гаргуулж өгөх.

14.3.Аудиторт гаргаж танилцуулсан санхүүгийн тайланг холбогдох олон улсын стандарт болон эрх бүхий байгууллагаас тогтоосон дүрэм журамд нийцүүлэн гаргасан эсэхийг болон бусад баримт, мэдээллийн үнэн зөв, бодитой байх хариуцлагыг үйлчлүүлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодох бүртгэлийн удирдах ажилтан хүлээнэ.

14.4.Аудит хийлгэсэн үйлчилгээний хөлсийг гэрээний үндсэн дээр төлнө.

14.5.Төсвийн байгууллагын хувьд энэ хуулийн 14.1.1 дэх заалт хамаарахгүй.

15 дугаар зүйл.Аудиторын эрх, үүрэг

15.1.Аудитор дараах эрхтэй байна:

15.1.1.үйлчлүүлэгч байгууллага, түүний гүйцэтгэх удирдлага, нягтлан бодох бүртгэлийн удирдах ажилтан, аудитын хорооны дарга, дотоод аудитын нэгжийн ажилтан, санхүү, бүртгэлийн болон бусад ажилтнаас аудитын үйл ажиллагааны гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхтэй холбогдсон баримт, мэдээллийг гаргуулж авах, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт хийх;

15.1.2.үйлчлүүлэгч байгууллагад өмнө нь хийсэн аудитын ажлын баримт, мэдээлэлтэй танилцах;

15.1.3.аудитын үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой баримт, мэдээллийг харилцагч банк, санхүүгийн байгууллага болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардан авч танилцах;

15.1.4.аудитын үйл ажиллагааны горим, стандарт, мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэгч байгууллага болон аудитын багийн хооронд үл ойлголцол гарсан тохиолдолд Стандартын хорооноос зөвлөгөө авах.

15.2.Аудитор дараах үүрэгтэй байна:

15.2.1.аудитын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомж, холбогдох олон улсын стандартын дагуу явуулах;

15.2.2.аудит хийж болохооргүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд аудит хийхээс татгалзах, эсхүл бусад мэргэжилтнийг татан оролцуулах, шаардлага гарвал энэ тухай өөрийн болон үйлчлүүлэгч байгууллагад мэдэгдэх;

15.2.3.аудит хийх явцад олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах;

15.2.4.үйлчлүүлэгч хүсвэл дүгнэлтийнхээ үндэслэлийг бичгээр болон амаар тайлбарлах;

15.2.5.энэ хуулийн 15.1.2-т заасны дагуу бусад аудитын хуулийн этгээд аудиторын шаардсан ажлын баримтыг аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр танилцуулах;

15.2.6.энэ хуулийн 17.1-д заасан мэдээллийг энэ хуулийн 17.2-т заасан эрх бүхий этгээдэд мэдээлэх;

15.2.7.бусад аудиторын нэр хүндийг гутаах үйлдэл хийхгүй байх.

15.3.Энэ хуулийн 15.2.3-т заасан шаардлага аудиторын үүрэг гүйцэтгэхээ зогсоосноос хойш нэгэн адил тавигдана.

16 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн

16.1.Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн нь дүгнэлт байна. Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн аудитаас бусад үйлчилгээ үзүүлсэн бол холбогдох стандартаар шаардсан тайлангууд байна. Аудитын олон улсын стандартын дагуу дотоод хяналтын ноцтой асуудлын талаар аудитын хороо, уг хороо байхгүй бол төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх ба энэ нь зөвлөмж хэлбэртэй байж болно.

16.2.Аудитын үйл ажиллагааны явцад аудиторын анхааралд өртсөн их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх мэт онцгой үйл явдлын талаар тэмдэглэсэн тодруулга, тэмдэглэл нь аудитлагдсан болон нягтлан баталгаажуулсан санхүүгийн тайлангийн салшгүй хэсэг байна.

16.3.Аудиторын дүгнэлтэд захирал, эсхүл партнер гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

16.4.Санхүүгийн тайланд алдаа байгаа тухай аудитын хуулийн этгээдийн дүгнэлтийг үйлчлүүлэгч байгууллага хүлээн зөвшөөрвөл уг алдааг залруулсан байна. Санхүүгийн тайлангийн алдааг хүлээн зөвшөөрөх, залруулах асуудлаар гарсан санал зөрөлдөөнийг шийдвэрлэж чадаагүй бол Стандартын хороонд хандан мэргэжлийн дүгнэлт гаргуулж болно.

16.5.Аудитын дүгнэлтээр санхүүгийн тайланд гарсан алдааны залруулгыг аудитын үйл ажиллагаа хамарсан санхүүгийн жилийн тайланд тусгана.

17 дугаар зүйл.Аудитын талаарх эзэмшигчийн эрх

17.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан болон хувьцаа эзэмшигч нь санхүүгийн тайлан, өр төлбөр, хөрөнгийн хөдөлгөөн, сонирхлын зөрчил бүхий хэлцэл болон бусад ажил, гүйлгээ, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнтэй холбогдсон дүгнэлтийг гэрээний үндсэн дээр аудитороос шаардан гаргуулах эрхтэй.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан эрхийг дараах этгээд эдэлнэ:

17.2.1.нээлттэй хувьцаат компанийн нийт гаргасан хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;

17.2.2.нөхөрлөл, хоршооны гишүүн;

17.2.3.хаалттай хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч;

17.2.4.төрийн бус байгууллагын нийт гишүүдийн 10 буюу түүнээс дээш хувьтай тэнцэх тооны гишүүд.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдээр нэмэлт баталгаажуулах ажил хийлгэх шаардлага гарсан тохиолдолд уг ажлыг захиалсан этгээдтэй гэрээ байгуулна.

17.4.Энэ хуулийн 17.2-т заасан эрх бүхий этгээд нь гэрээт аудитын хуулийн этгээд болон ахлах аудиторын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдийн талаар мэдээлэл шаардан гаргуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх удирдлага нь энэ мэдээллийг шаардсан тухайд нь гаргаж өгнө.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

18 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах

18.1.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.аудитын тусгай зөвшөөрөл авсан болон энэ хуулийн 19.3, 19.4-т заасан шаардлагыг хангасан аудитын хуулийн этгээдийн жагсаалт, тэдгээрийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг тухай бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх;

18.1.2.аудитын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт тавих;

18.1.3.аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журмыг батлах;

18.1.4.аудитын хуулийн этгээдэд гурван жил тутамд чанарын хяналтыг хэрэгжүүлэх.

19 дүгээр зүйл.Аудитын хуулийн этгээд

19.1.Аудитын хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагааг нөхөрлөл, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр эрхлэн явуулна.

19.2.Аудитын хуулийн этгээд нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр аудитын үйл ажиллагаа эрхэлнэ.

19.3.Аудитын хуулийн этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна. Үүнд:

19.3.1.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байх;

19.3.2.захирал, партнер нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, Институтээс зохих зөвшөөрөл авсан байх;

19.3.3.хоёроос доошгүй үндсэн орон тооны, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой байх;

19.3.4.аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй байх;

19.3.5.үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх;

19.3.6.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт мэргэшсэн нягтлан бодогчдын гуравны хоёроос доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх;

19.3.7.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт хувьцаа эзэмшлийн гуравны нэгээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, мэргэшсэн нягтлан бодогч эзэмшдэг байх;

19.3.8.аудитын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн байх;

19.3.9.бусад хууль тогтоомжоор заасан нэмэлт шаардлага.

19.4.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй аудитын хуулийн этгээд нь дөрвөөс доошгүй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой байна.

19.5.Аудитын хуулийн этгээд нь салбартай байж болох бөгөөд салбарт үндсэн орон тооны нэгээс доошгүй аудитортай байна. Салбарын захиралд энэ хуулийн 16.3 дахь хэсгийн заалт хамаарахгүй.

20 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

20.1.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

20.1.1.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

20.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

20.1.3.аудитын хуулийн этгээд үүсгэн байгуулах шийдвэр;

20.1.4.аудитын хуулийн этгээдийн дүрмийн төсөл;

20.1.5.аудитын үйл ажиллагааны дотоод болон чанарын хяналтын стандарт;

20.1.6.байгууллагын дотоод хяналтын журам;

20.1.7.аудиторуудын дэлгэрэнгүй анкет;

20.1.8.мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн тодорхойлолт;

20.1.9.Институтийн зөвшөөрөл;

20.1.10.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан баримт бичиг нь шаардлага хангасан гэж үзвэл санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.

20.3.Тусгай зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь “Аудит” гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэнэ.

20.4.Аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхлэх, бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Аудитын үйл ажиллагааны чанарын хяналт

21.1.Аудитын хуулийн этгээд нь аудиторын үйл ажиллагаанд хяналт тавих дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлж, аудитын үйл ажиллагааны чанарын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ талаарх хариуцлагыг аудитын хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд хүлээнэ.

21.2.Аудитын хуулийн этгээд нь аудиторын үйл ажиллагаанд тавих чанарын хяналтыг байгууллагын эрх бүхий удирдлагын баталсан чанарын хяналтын удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.

22 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

22.1.Аудитын хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг бусад холбогдох баримт бичгийн хамтаар санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

22.2.Энэ хууль болон тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн нөхцөл, шаардлагыг хангасан, тогтоосон журам, стандартыг мөрдөж ажилласан тохиолдолд аудитын хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

22.3.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

22.3.1.өргөдөл;

22.3.2.сүүлийн гурван жилийн хугацааны үйл ажиллагааны тайлан;

22.3.3.ажиллагсдын жагсаалт;

22.3.4.үндсэн орон тоонд ажиллаж байгаа аудиторуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

22.3.5.мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн тодорхойлолт.

22.4.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

22.5.Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Үүнд:

22.5.1.энэ хуулийн 8.1, 8.2 дахь хэсгийг зөрчсөн;

22.5.2.энэ хуулийн 9.4 дэх хэсгийг зөрчсөн;

22.5.3.энэ хуулийн 19.3 дахь хэсгийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй нь тогтоогдсон;

22.5.4.энэ хуулийн 20.4 дэх хэсгийг зөрчсөн үндсэн орон тоогоор ажиллуулахаар гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээдийг.

22.6.Энэ хуулийн 22.5-д заасны дагуу түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг сэргээнэ.

22.7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Үүнд:

22.7.1.нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартын дагуу ажлын баримт бүрдүүлээгүй;

22.7.2.аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтыг гүйцэтгэхэд албаны байр, ажлын баримт бичиг, бусад шаардлагатай мэдээлэл үзүүлэхээс зайлсхийсэн;

22.7.3.санхүүгийн тайланг хуурамчаар баталгаажуулсан нь нотлогдсон;

22.7.4.энэ хууль болон бусад хууль тогтоомж, журмыг зөрчиж ажилласан.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД