A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

 

2000 оны 7 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 19-ний өдөр                                                                                                   Дугаар 244                                                                                                                              хот

 

 

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН

ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 

“Өршөөл үзүүлэх тухай” 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын хуулийн зарим заалтыг нэг мөр нэгдмэлээр ойлгож, зөв хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.”Өршөөл үзүүлэх тухай” энэхүү хууль 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст болон 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүмүүст хамаарна.

2.”Өршөөл үзүүлэх тухай” энэ хуулийн зарим заалтыг дараахь байдлаар ойлгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

а)Энэ хуулийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5-д дурдсан өршөөл үзүүлэх үндэслэл, нөхцөлийг шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол (шийдвэр) эсхүл төрсний гэрчилгээ, иргэний паспорт, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бусад баримт бичиг, “арван зургаан насанд хүрээгүй”, “арван дөрвөн насанд хүрэээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй буюу гурав хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн”, өөрийн асрамжинд байгаа арван зургаа хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй хүмүүс буюу өрх толгойлсон эмэгтэй” болох нь баг, сум, хороо, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, аль нэг нь нас барсан, нас барсанд тооцогдсон, сураггүй алга болсон тухай хууль ёсны баримт, “жирэмсэн”, буюу “тахир дутуугийн нэг, хоёрдугаар” зэрэгт орсон нь мэргэжлийн эмнэлгийн комиссын акт, дүгнэлт зэрэг албан ёсны баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байвал зохино.

Энэ хуульд дурдсан өршөөл үзүүлэх үндэслэл, нөхцөлүүд нь 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас өмнө буй болсон байна.

3.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд дурдсан “анх удаа хорих ял шийтгүүлсэн” гэдэгт урьд хорих ял шийтгүүлж байгаагүйгээс гадна хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж байсан, урьд хорих ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлгүй болсон болон ял шийтгэлгүйд тооцогдсон , хорих ял нь тэнсэгдэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй, уг хугацаа дууссан, түүнчлэн Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн боловч нэг таслан шийдвэрлэх тогтоолоор анх удаа хэд хэдэн зүйлээр ял шийтгүүлсэн болон шийтгүүлж байгаа этгээдийг хамааруулан ойлгоно.

4.Гэм буруутай этгээд 16 насанд хүрээгүй байхдаа 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө болон дараа нь Эрүүгийн хуульд заасан өөр өөр төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас өмнө үйлдсэн (эн хуулиар хориглоогүй) хэрэгт оногдуулсан ялд зохих өршөөл үзүүлж, харин 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас хойш үйлдсэн хэрэгт оногдуулсан ялд энэ хуульд заасан өршөөл үл хамаарна.

Түүнчлэн гэм буруутай этгээд 16 насанд хүрээгүй байхдаа 1999 оны 7 дугаар сарын 29-ний 09 цагаас өмнө болон дараа нь Эрүүгийн хуульд заасан нэг төрлийн хэргийг үргэлжилсэн болон давтан үйлдлээр үйлдсэн бол энэ хуульд заасан өршөөлд хамаарахгүй.

5.Энэ хуулийн 1.2, 1.3, 1.4-д дурдсан “хүмүүс” гэдэгт арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, мөн өөрийн нь шууд асрамжинд хууль ёсоор байгаа 16 хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй болон тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэг (групп)-т орсон нь 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас өмнө тогтоогдсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь хамаарна.

6.Энэ хуулийн 1.3 дахь хэсгийн “өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй хүмүүс буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд” гэдэгт уг өнчин хүүхдийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалах үүргийг зохих журмын дагуу хүлээсэн этгээд хамаарах бөгөөд “өрх толгойлсон эмэгтэй” гэдэг заалт нөхөргүй, нөхөр нь нас барсан, эсхүл нас барсанд тооцогдсон, сураггүй алга болсон болон нөхрөөс гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан зэрэг нь албан ёсоор нотлогдсон эмэгтэйд хамаарна.

7.Энэ хуулийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт дурдсан “… насанд хүрээгүй” гэдэг нь уг этгээд 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагт дээр дурдсан насанд хүрээгүй байхыг ойлгоно.

8.Энэ хуульд заасан өршөөл үзүүлэх ажиллагааг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын шатанд гүйцэтгэхгүй боловч өршөөл үзүүлэх буюу үл үзүүлэх үндэслэл, нөхцөлийг заавал шалган тогтоосон байвал зохино. Шүүх эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэж ялын төрөл, хэмжээ, эдлүүлэх хэлбэрийг тогтоосны дараа энэ хуулийг хэрэглэх эсэхийг мөн хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэнэ.

9.Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байгаа болон хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдолд шүүгдэгчид энэ хуульд заасан өршөөл үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялын хөнгөнийг хүндэд багтаах, эсхүл бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх зэргээр Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

10.Ял эдэлж байгаа этгээдэд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан өршөөл үзүүлэхдээ энэ тогтоолын 9 дүгээр зүйлд заасан журмаар гүйцэтгэх бөгөөд хэрэв хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгүүлж хөнгөн ялуудыг хүнд ялд нь багтаасан бөгөөд багтаасан ял нь өршөөлд үл хамаарах бол өршөөлд хамаарах зүйл, хэсгээр оногдуулсан ялд зохих өршөөлийг үзүүлнэ. Мөн хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгэсэн тохиолдолд өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд өршөөл үзүүлж хорих ял биеэр эдэлсэн хугацааных нь дотор өршөөлд үл хамаарах зүйл, хэсгээр эдэлсэн ялын хэмжээг хувь тэнцүүлэн бодож хасаж, өршөөлд үл хамаарах ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.

Хэрэв нэмж нэгтгэсэн ял нь тус бүрдээ өршөөлд хамаарагдаж байгаа бол уг этгээдэд зохих өршөөлийг үзүүлнэ.

11.Энэ хуулийн 2 дугаар зүйлд дурдсан “Хорихоос өөр төрлийн хөнгөн ялаас хэлтрүүлэх” өршөөлийг уг ялыг эдлүүлж байгаа газрыг харьяалах шүүхийн шүүгч ЭБШ хуулийн 360 дугаар зүйлд заасан журмаар захирамж гарган шийдвэрлэнэ.

12.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд Цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг Иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа ял шийтгэлийн тухай тэмдэглэл (бүртгэл)-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэл хийнэ.

13.Энэ хуулийн 5.2 дахь хэсгийн “гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн” гэдэгт уг этгээд Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял шийтгэлгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад хорих болон өөр төрлийн ялын аль алинаар гурав буюу түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн явдал хамаарна.

14.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5-д заасан хүмүүст энэ хуульд заасан аль ч өршөөл үл хамаарна.

15.Энэ хуулийн 3 дугаар зүйлд …”гурваас арван жил”, “арван нэгээс арван таван жил” гэсэн хугацаа тогтоосон бөгөөд арваас арван нэгэн жил хүртэлх хоорондын хугацаа орхигдсон байх тул арваас арван нэгэн жил хүртэлх, арван таваас арван зургаан жил хүртэлх хугацааг урагш нь “арав”, “арван тав” гэсэн хугацаанд оруулан тооцвол зохино.

Тухайлбал:

-“10жил 6 сарын” хорих ялыг арван жилд,

-“арван таван жил 11 сар 29 хоногийн” хорих ялыг арван таван жилд хамааруулна.

16.Өршөөлийн хуулийг шүүх буруу хэрэглэсэн тохиолдолд Дээд шатны шүүх уг хэргийг давж заалдах буюу хяналтын журмаар хянан хэлэлцэхдээ алдаа, зөрчлийг залруулан зөвтгөж байвал зохино.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ч.ГАНБАТ

 

ШҮҮГЧ                                               Д.АЛТАНГЭРЭЛ