- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- АРЬС ҮНДСЭЭР АЛАГЧИЛАХ ҮЗЛИЙН БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ АРЬС ҮНДСЭЭР АЛАГЧИЛАХ ҮЗЛИЙН БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Энэхүү Конвенцид оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм хүн бүрд угаас заяасан нэр төр, эрх тэгш байдалд үндэслэсэн бөгөөд хүний эрх, үндсэн эрх чөлөөг арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэгийн ялгааг үл харгалзан нийтээр хүндэтгэн сахихыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэгэн зорилгод хүрэхийн тулд тус байгууллагын гишүүн улс бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллаж хамтын хийгээд бие даасан арга хэмжээ авах үүрэг хүлээснийг анхааралдаа авч;
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адил нэр төртэй, тэгш эрхтэй байдаг хийгээд хүн бүр уг тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг аливаа ялгаварлалгүйгээр, тухайлбал, арьс үндэс, арьсны өнгө буюу үндэсний гарлаас үл хамааран адил эдлэх ёстойг анхааралдаа авч;
хүн бүр хуулийн өмнө тэгш бөгөөд аливаа алагчилалгүйгээр болон өдөөн хатгах явдлаас хуулиар тэгш хамгаалуулах эрхтэйг анхааралдаа авч;
Нэгдсэн Үндэстний Байгууллага колоничлол болон түүнтэй холбогдсон ялгаварлан тусгаарлах, алагчилах үзэл аливаа нэгэн хэлбэрээр аливаа газар оршиж байгаа бүх дадлыг буруушааж, Колонийн орон, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай 1960 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тунхаглал (Ерөнхий Ассамблейн 1514(ХV) тоот тогтоол)-аар энэ бүгдийг нэн даруй, аливаа болзолгүйгээр эцэс болгохын зайлшгүй чухлыг нотолж, ёслол төгөлдөр зарлан тунхагласныг анхааралдаа авч,
Арьс үндсээр алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1963 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тунхаглал (Ерөнхий Ассамблейн 1904(ХҮШ) тоот тогтоол)-аар арьс үндсээр алагчилах явдлын бүх хэлбэр, илрэлийг дэлхий нийтээр нэн даруй устгаж, хувь хүний нэр төрийг ойлгон хүндэтгэх шаардлагатайг ёслол төгөлдөр батласныг анхааралдаа авч,
арьс үндэсний ялгаанд үндэслэсэн дээрэнгүйн аливаа номлол шинжлэх ухааны үүднээс буруу, ёс суртахууны хувьд жигшүүртэй, нийгмийн хувьд шударга бус, аюултай бөгөөд арьс үндсээр алагчилах үзлийг хаа ч болов онолын хувьд ч, дадлын хувьд ч зөвтгөх учир үгүй хэмээн итгэж,
хүнийг арьс үндэс, арьсны өнгө буюу гарал угсааны үндсэн дээр алагчилах нь үндэстэн хоорондын найрсаг, энхийн харилцаанд саад учруулж, улс түмний энх тайван, аюулгүй байдал, ялангуяа, нэгэн улсын дотор хүмүүс өөр хоорондоо эв найртай аж төрөхөд төвөг учруулж болзошгүйг дахин нотлож,
арьс үндэсний шинжтэй саад хориг нь хүмүүний аливаа нийгмийн туйлын зорилгод харшилна хэмээн итгэж,
дэлхийн зарим хэсэгт гарсаар байгаа арьс үндсээр алагчилах үзлийн илрэл, тухайлбал, апартеид, ялгаварлан тусгаарлах буюу салган тусгаарлах зэрэг арьс үндсээр дээрэнгүйлэх буюу үзэн ядах зарчимд тулгуурласан төрийн бодлогод сэтгэл түгшиж,
арьс үндсээр алагчилах үзлийг бүх хэлбэр, илрэлээр нь нэн даруй устгахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээ авах, үндэстнүүд бие биенээ харилцан ойлгоход дөхөм үзүүлэх болон арьс үндсээр ялгаварлан тусгаарлах болон алагчилах үзлийн бүх хэлбэрээс ангид олон улсын хамтын нийгэмлэгийг бий болгох зорилгоор арьс үндсээр алагчилах онол, дадлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхээр шийдвэрлэж,
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 1958 онд батласан Алагчилахгүй байх /Ажил мэргэжил хөдөлмөр эрхлэлт/ тухай конвенц болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 1960 онд батласан Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенцийг ухамсарлан,
Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглалд заасан зарчмыг хэрэгжүүлэх хийгээд энэ зорилгод хүрэхийн тулд тодорхой арга хэмжээг нэн даруй авахыг зорин,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I ХЭСЭГ
1 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцид "арьс үндсээр алагчилах" гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, үгүйсгэх зорилго бүхий арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхийг хэлнэ.
2. Энэхүү Конвенцийг түүнд оролцогч улсаас тухайн улсын иргэн, иргэн бус хүмүүсийн хувьд ялгаатай тогтоосон ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхэд хэрэглэхгүй.
3. Оролцогч улсын хууль тогтоомжийн заалтууд аливаа тодорхой үндэстний эсрэг алагчилах бодлого агуулаагүй бол уг хууль тогтоомжид байгаа үндэсний болон иргэний харьяалал, иргэн болох тухай заалтуудад аливаа хэлбэрээр нөлөөлнө хэмээн Конвенцийн аливаа заалтыг тайлбарлаж үл болно.
4. Хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш эдэлж, хэрэгжүүлэхийг хангах шаардлагын үүднээс хэрэгцээтэй үед үндэсний буюу угсаатны зарим бүлэг, хувь хүмүүсийг хөгжүүлэх нэгэн зорилгоор авч буй арга хэмжээг арьс үндсээр алагчилах үзэл хэмээн тооцохгүй. Чингэхдээ ийм арга хэмжээ нь зарим үндэсний бүлэг онцгой эрх эдлэхэд хүргэхгүйгээр зорилгодоо хүрмэгц эцэс болгоно.
2 дугаар зүйл
1. Оролцогч улсууд арьс үндсээр алагчилах үзлийг буруушааж, арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг бүхий л зохистой аргаар нэн даруй устгах бодлогыг явуулан, үндэстэн бүр бие биенээ харилцан ойлгох явдлыг дэмжих үүрэг авч, энэ зорилгоор:
(а) Оролцогч улс бүр хүн, бүлэг хүмүүс буюу байгууллагын эсрэг арьс үндсээр алагчилах үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээх бөгөөд улсын болон орон нутгийн төрийн бүх байгууллага, албан газрыг энэхүү үүргийн дагуу ажиллуулах явдлыг хангана.
(b) Оролцогч улс бүр аливаа хүн, байгууллагаас явуулж байгаа арьс үндсээр алагчилах үзлийг ивээн тэтгэх, хамгаалах, дэмжихгүй байх үүрэг хүлээнэ.
(c) Оролцогч улс бүр засгийн газрын, үндэсний болон орон нутгийн бодлогыг эргэн харж, арьс үндсээр алагчилах үзлийг бий болгох, эсхүл тогтоон хадгалахад чиглэсэн аливаа хууль тогтоомжийг өөрчлөх буюу хүчингүй болгохын тулд үр дүнтэй арга хэмжээ авна.
(d) Оролцогч улс бүр аливаа хүн, бүлэг хүмүүс буюу байгууллагаас явуулж буй арьс үндсээр алагчилах ажиллагааг зохистой бүхий л аргыг ашиглан нөхцөл байдлаас шалтгаалан хууль тогтоомж гаргах замаар хориглож эцэс болгоно.
(e) Оролцогч улс бүр үндэстнүүд хоорондын заагийг арилгахад чиглэсэн олон үндэстнийг нэгтгэсэн байгууллага, хөдөлгөөн болон бусад арга хэмжээг зохистой тоихолдолд хөхиүлэн дэмжиж, харин үндэстний хагарлыг гүнзгийрүүлэх аливаа үйлдлийг дэмжихгүй байна.
2. Оролцогч улсууд нөхцөл байдал ийнхүү шаардсан тохиолдолд зарим арьс үндэстний бүлэг буюу түүний гишүүдэд хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн, тэгш эдлүүлэх, тэднийг зохих ёсоор хөгжүүлэх, хамгаалах явдлыг хангах зорилгоор нийгэм, эдийн засаг, соёлын болон бусад салбарт тусгай бөгөөд тодорхой арга хэмжээ авна. Эдгээр арга хэмжээг авах болсон зорилго биелсэний дараа үндэстний аль нэгэн бүлэгт тэгш бус буюу онцгой эрх олгож буй арга хэмжээг хэвээр үлдээх ёсгүй.
3 дугаар зүйл
Оролцогч улсууд арьс үндсээр ялгаварлан тусгаарлах болон апартеидын бодлогыг эрс буруушаан, эрх мэдэлдээ байгаа нутаг дэвсгэр дээр тухайн шинжийг агуулсан аливаа дадал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг хориглох болон зогсоох арга хэмжээ авна.
4 дүгээр зүйл
Оролцогч улсууд нэг арьс үндэстэн, тодорхой нэг өнгийн арьстай буюу угсаатны гарал үүсэлтэй бүлэг этгээдийг дээрд үзэх санаа, онол дээр үндэслэсэн, эсхүл аливаа хэлбэрээр арьс үндсээр ялгаж үзэн ядах, арьс үндсээр алагчилах үзлийг зөвтгөх, дэмжиж байгаа аливаа ухуулга болон байгууллагыг буруушааж, тийм үзэл буюу үйлдэлд өдөөн турхирах аливаа үзэгдлийг устгах талаар үр нөлөөтэй арга хэмжээ нэн даруй авах үүрэг хүлээнэ. Энэ зорилгоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчмууд болон энэхүү Kонвенцийн 5 дугаар зүйлд тодорхой заасан эрхүүдийн дагуу дараахь арга хэмжээг авна, inter alia:
(а) арьс үндэсний дээрэнгүй буюу үзэн ядах санааг дэлгэрүүлэх, арьс үндсээр алагчилах үзэлд элдвээр өдөөн турхирах, мөн аливаа арьс үндэстэн буюу өөр угсаатны гаралтай бүлэг хүмүүсийн эсрэг чиглэсэн хүчирхийлэх буюу ийн үйлдэхэд өдөөн турхирах, түүнчлэн санхүүжүүлэх зэрэг арьс үндсээр алагчилахад туслалцаа үзүүлэхийг хуулиар шийтгэх гэмт хэрэг мөн гэж зарлан мэдэгдэнэ.
(b) арьс үндсээр алагчилах үзлийг өөгшүүлэн дэмжиж, өдөөн турхирч байгаа байгууллагууд, түүнчлэн ийм зорилгоор зохион байгуулсан хийгээд бусад суртал ухуулгыг хууль бус хэмээн зарлан мэдэгдэж, үйл ажиллагааг нь хориглож, ийм байгууллага буюу үйл ажиллагаанд оролцохыг хуулиар шийтгэх гэмт хэрэг хэмээн үзнэ.
(c) арьс үндсээр алагчилах үзлийг өөгшүүлэн дэмжих, өдөөн турхирахыг үндэсний буюу орон нутгийн байгууллага, төрийн албан газарт зөвшөөрөхгүй.
5 дугаар зүйл
Оролцогч улсууд энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд заасан үндсэн үүргийн дагуу арьс үндсээр алагчилах бүх хэлбэрийг хориглон устгах хийгээд арьс үндэс, арьсны өнгө, үндэсний буюу угсаатны гарал үүслийг үл харгалзан, хүн бүрийн дараахь эрхийг эдлэхэд нь хуулийн өмнө тэгш байхыг хангана:
(а) шүүх болон шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж буй бусад бүх байгууллагын өмнө тэгш байх эрх;
(b) төрийн албан тушаалтан буюу аливаа бүлэг хүмүүс эсхүл байгууллагын зүгээс хүчирхийлэх, бие махбодид гэмтэл учруулах явдлаас төрөөр хамгаалуулж, хувийн аюулгүй байдлаа хангуулах эрх;
(c) улс төрийн эрх, тухайлбал, нийтийн болон тэгш эрхийн үндсэн дээр санал өгөх, нэрээ дэвшүүлэх байдлаар сонгуульд оролцох, засгийн газар, төрийн хэргийг удирдан явуулах аливаа түвшинд оролцох хийгээд төрийн алба хаах тэгш эрх,
(d) иргэний бусад эрх, тухайлбал:
(i) улсын дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх;
(ii) аливаа улс, түүний дотор эх орноо орхин явах, эх орондоо эргэж ирэх эрх;
(iii) иргэний харьяалалтай байх эрх;
(iv) гэрлэх, гэрлэх хүнээ сонгох эрх;
(v) ганцаар буюу бусадтай хамтран эд хөрөнгө эзэмших эрх;
(vi) өв залгамжлах эрх;
(vii) чөлөөтэй бодож сэтгэх, сүсэглэх, шашин шүтэх эрх;
(viii) өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх;
(ix) тайван замаар хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх;
(e) эдийн засаг, нийгэм болон соёлын эрх, тухайлбал:
(i) хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах, адил хөдөлмөрийг тэгш үнэлүүлэх, шударга бөгөөд хангалттай хөлс авах эрх;
(ii) үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнд элсэх эрх;
(iii) орон сууцтай байх эрх;
(iv) эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, нийгмийн аюулгүй байдалд байх болон нийгмийн хангамж, үйлчилгээ авах эрх;
(v) сурч боловсрох, мэргэжил эзэмших эрх;
(vi) соёлын амьдралд тэгш оролцох эрх;
(f) тээвэр, зочид буудал, зоог, цайны газар, үзвэрийн газар, цэнгэлдэх хүрээлэн зэрэг нийтийн үйлчилгээний аливаа газраар үйлчлүүлэх эрх.
6 дугаар зүйл
Оролцогч улсууд харьяалалдаа байгаа хүн бүрийг энэхүү Конвенцийг зөрчин хүний эрх, үндсэн эрх чөлөөнд халдаж байгаа арьс үндсээр алагчилах аливаа үйлдлээс харьяалах үндэсний шүүх, төрийн бусад байгууллагаар дамжуулан үр нөлөөтэй хамгаалуулах, арга хэмжээ авахуулах, түүнчлэн арьс үндсээр алагчласны уршгаар үүссэн аливаа хохирлыг шударга бөгөөд зохих ёсоор нөхөн төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээр хангана.
7 дугаар зүйл
Оролцогч улсууд арьс үндсээр алагчилахад хүргэж байгаа үзэл бодолтой тэмцэх, үндэстэн, арьстан буюу угсаатны бүлгүүд бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдахыг хөхиүлэн дэмжих, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглал болон энэхүү Конвенцийн зорилго, зарчмыг дэлгэрүүлэх талаар нэн ялангуяа сургалт, хүмүүжил, соёл болон мэдээллийн салбарт шуурхай бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
II ХЭСЭГ
8 дугаар зүйл
1. Оролцогч улсууд ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, хараат бус байдал нь нотлогдсон арван найман мэргэжилтнийг өөрсдийн иргэдээс сонгож Арьс үндсээр алагчилах үзлийг устгах хороо (цаашид "Хороо" гэж нэрлэнэ) байгуулах бөгөөд тэд өөрсдийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэнэ. Чингэхдээ газар зүйн тэгш хуваарилалт болон соёл иргэншлийн ялгаатай хэлбэр, түүнчлэн эрх зүйн үндсэн тогтолцоонуудын төлөөлөлд анхаарна.
2. Хорооны гишүүдийг оролцогч улсуудаас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтаас нууцаар санал хураах журмаар сонгоно. Оролцогч улс бүр өөрийн иргэдээс нэг хүний нэрийг дэвшүүлнэ.
3. Анхны сонгуулийг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дараа явуулна. Сонгууль бүрийг явуулахаас наад зах нь гурван сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудад захидал илгээж, дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг хоёр сарын дотор илгээхийг санал болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшигдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар гаргаж, тэдгээрийн нэрийг дэвшүүлсэн улсыг хамт тэмдэглэн энэхүү Конвенцид оролцогч улсуудад хүргүүлнэ.
4. Хорооны гишүүдийн сонгуулийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд Ерөнхий нарийн бичгийн даргаас зарлан хуралдуулах энэхүү Конвенцид оролцогч улсуудын хуралдаан дээр явуулна. Оролцогч улсуудын гуравны хоёр нь хуралдах ирцийг бүрдүүлэх бөгөөд санал хураахад байлцаж, саналаа өгсөн оролцогч улсуудын төлөөлөгчдийн хамгийн олон болон дийлэнхи олонхийн саналыг авсан нэр дэвшигчдийг Хорооны гишүүнээр сонгогдсонд тооцно.
5. (а) Хорооны гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Гэхдээ анхны сонгуулиар сонгогдсон есөн гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах бөгөөд анхны сонгуулийг явуулж дуусмагц дээрх есөн гишүүний нэрийг Хорооны дарга шодож тогтооно.
(b) Тохиолдлоор суларсан орон тоог нөхөхийн тулд тухайн орон тоонд ажиллаж байсан мэргэжилтний нэрийг дэвшүүлсэн оролцогч улс өөрийн иргэдээс өөр нэг мэргэжилтнийг томилж, Хороогоор батлуулна.
6. Хорооны гишүүдийн үүргээ гүйцэтгэж байх үеийн зардлыг оролцогч улсууд хариуцна.
9 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор авсан хууль тогтоомж, шүүх эрх мэдэл, захиргааны буюу бусад арга хэмжээний талаархи тайланг Хороогоор хэлэлцүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дор заасан хугацаанд хүргүүлж байх үүрэгтэй:
(а) тухайн улсын хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор; болон
(b) түүний дараа хоёр жил тутам болон Хороо шаардсан тухай бүрд. Хороо нь оролцогч улсуудаас нэмэлт мэдээ хүсэх эрхтэй.
2. Хороо нь Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд үйл ажиллагааныхаа талаар жил бүр тайлагнах бөгөөд оролцогч улсуудаас авсан тайлан, мэдээллийг судалсны үндсэн дээр санал, ерөнхий зөвлөмж гаргаж болно. Ийм санал, ерөнхий зөвлөмжийг оролцогч улсуудаас ирүүлсэн тайлбар байгаа бол тус тайлбарын хамт Ерөнхий Ассамблейд мэдэгдэж байна.
10 дугаар зүйл
1. Хороо үйл ажиллагааны дотоод журмаа батална.
2. Хороо албан тушаалтнуудаа хоёр жилийн хугацаагаар сонгоно.
3. Хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бүрдүүлнэ.
4. Хорооны хурлыг гол төлөв Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд хийнэ.
11 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн заалтыг оролцогч аливаа улс биелүүлэхгүй байна гэж оролцогч өөр нэг улс үзэж байгаа бол энэ тухайгаа Хороонд мэдэгдэж болно. Уг мэдээг Хороо улмаар холбогдох оролцогч улсад хүргүүлнэ. Ийм мэдээ хүлээж авсан улс асуудлыг тодотгосон тайлбар буюу мэдэгдэл, түүнчлэн тус улсаас авсан байж болох арга хэмжээ байгаа бол тус арга хэмжээний талаархи мэдээллийг гурван сарын дотор гаргаж Хороонд бичгээр хүргүүлнэ.
2. Мэдээ хүлээн авагч улс анхны мэдээ хүлээн авснаас хойш зургаан сарын дотор асуудлыг хэлэлцээ буюу боломжтой өөр аргаар хоёр талын эрх ашигт нийцүүлэн шийдэж чадаагүй бол хоёр талын аль нь ч энэ тухай Хороо болон нөгөө улсад зохих мэдэгдэл хийж асуудлыг Хороонд дахин шилжүүлэн өгөх эрхтэй.
3. Хороо нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу дотоодын эрх зүйн хамгаалалтын боломжтой бүх аргыг барагдуулсан гэж үзсэний эцэст сая энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн асуудлыг авч хэлэлцэнэ. Харин эдгээр аргыг ашиглахыг шалтгаангүйгээр сунжруулж байгаа тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй.
4. Хороо нь түүнд шилжүүлэн өгсөн аливаа асуудлаар ач холбогдол бүхий мэдээллээр хангах хүсэлтийг холбогдох оролцогч улсад гаргаж болно.
5. Хороо нь энэ зүйлийн заалтаас үүдэн гарсан аливаа асуудлыг хэлэлцэж байгаа бол холбогдох оролцогч улс төлөөлөгчөө санал өгөх эрхгүйгээр Хорооны хуралд асуудлыг шийдвэрлэх хугацаанд оролцуулахаар илгээх эрхтэй.
12 дугаар зүйл
1. (а) Шаардлагатай гэж үзсэн бүх мэдээллийг цуглуулж, шалгасны дараа Хорооны дарга Хорооны гишүүн буюу гишүүн бус байж болох таван хүнээс бүрдсэн Түр эвлэрүүлэх комиссыг (цаашид "Комисс" гэж нэрлэнэ) томилно. Комиссын гишүүдийг маргаанд оролцогч талууд санал нэгтэй томилох бөгөөд Комисс нь энэхүү Конвенцийн заалтыг үндэслэн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зорилгоор холбогдох улсуудад туслалцаа үзүүлнэ.
(b) Комиссын нийт бүрэлдэхүүн буюу зарим гишүүний талаар маргаанд Оролцогч улсууд гурван сарын дотор харилцан тохирч эс чадвал, ийнхүү тохирон томилж чадаагүй гишүүдийг Хороо гишүүдийнхээ дотроос нууц санал хураалтаар гуравны хоёрын саналаар сонгоно.
2. Комиссын гишүүд үүргээ өөрсдийн нэрийн өмнөөс гүйцэтгэнэ. Тэд маргаанд тал болох оролцогч улс буюу Конвенцид нэгдэж ороогүй улсын иргэн байх ёсгүй.
3. Комисс даргаа сонгож, үйл ажиллагааны дотоод журмаа батална.
4. Комиссын хуралдааныг гол төлөв Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд буюу Комиссоос тогтоосон өөр тохиромжтой газар хийж болно.
5. Оролцогч улсуудын хооронд үүссэн маргааны улмаас Комисс байгуулахад хүрвэл Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон Нарийн бичгийн дарга нарын газар Комисст мөн үйлчилнэ.
6. Маргаанд оролцогч улсууд Комиссын гишүүдийн бүх зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас тогтоосон төсвийн дагуу адил хэмжээгээр хариуцна.
7. Шаардлагатай тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга маргаанд оролцогч улсуудаас энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу Комиссын гишүүдийн зардлыг нөхөн төлөхөөс өмнө уг зардлыг төлөх бүрэн эрхтэй.
8. Хорооноос хүлээн авч судалсан мэдээллийг Комисст шилжүүлэх бөгөөд Комисс хэрэгт ач холбогдол бүхий аливаа мэдээллийг холбогдох улсаас хүсч болно.
13 дугаар зүйл
1. Комисс асуудлыг бүрэн хэлэлцсэний дараа талуудын хооронд гарсан маргаанд хамаарах бүх асуудлын талаар хийсэн дүгнэлт, маргааныг эв зүйгээр шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй зөвлөмжийг агуулсан тайланг бэлтгэн Хорооны даргад илгээнэ.
2. Хорооны дарга уг тайланг маргаанд оролцогч улсуудад илгээнэ. Эдгээр улсууд нь Комиссын тайланг хүлээж авсны дараа гурван сарын дотор тайланд орсон зөвлөмжийг зөвшөөрч байгаа эсэхээ Хорооны даргад мэдэгдэнэ.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц Хорооны дарга Комиссын тайланг маргаанд оролцож байгаа улсуудаас ирүүлсэн мэдэгдлийн хамт Конвенцид оролцогч бусад улсад илгээнэ.
14 дүгээр зүйл
1. Хэргийг харьяалах оролцогч улс энэхүү Конвенцид заасан эрх нь зөрчигдөж, улмаар хохирсон хэмээн хувь хүн буюу бүлэг хүмүүсээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хэлэлцэх Хорооны эрх хэмжээг хүлээн зөвшөөрч байгаагаа хэдийд ч мэдэгдэж болно. Тийм мэдэгдэл хийгээгүй улсын холбогдох мэдээллийг Хороо хүлээж авахгүй.
2. Энэхүү Конвенцид заасан эрх нь зөрчигдөж байна хэмээн үзэж буй хувь хүн буюу бүлэг хүмүүс орон нутагтаа асуудлыг шийдвэрлэх бусад аргыг хэрэглэж дууссан тохиолдолд тэдний гомдлыг хүлээн авч хэлэлцэх байгууллагыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор мэдэгдэл хийсэн оролцогч улсууд өөрийн хууль тогтоомжийн дагуу байгуулах буюу тодорхойлж болно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн мэдэгдэл болон 2 дахь хэсэгт заасны дагуу байгуулсан буюу тодорхойлсон байгууллагын нэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд тэрээр энэ тухай оролцогч бусад улсад мэдэгдэнэ. Хийсэн мэдэгдлээ Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар хэдийд ч эргүүлэн авч болно. Гэхдээ энэ нь Хороонд хэлэлцэх үе шатанд байгаа мэдээлэлд нөлөөлөхгүй.
4. Гаргасан гомдлын бүртгэлийг энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу байгуулсан буюу тодорхойлсон байгууллагад хадгалах бөгөөд тэрхүү бүртгэлийн баталгаажуулсан хувийг жил бүр агуулгыг нь нийтэд задлахгүй байх ойлголттойгоор Ерөнхий нарийн бичгийн даргад зохих шугамаар хүргүүлнэ.
5. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу байгуулсан буюу тодорхойлсон байгууллага гомдлынх нь талаар хангалттай шийдвэр гаргаж чадаагүй хэмээн өргөдөл гаргагч этгээд үзвэл асуудлаа зургаан сарын дотор Хороонд шилжүүлэх эрхтэй.
6. (а) Хороо хүлээн авсан мэдээллийг Конвенцийн аливаа заалтыг зөрчиж байна хэмээгдэж буй оролцогч улсад нууцлалыг хадгалсан байдлаар хүргэх ба өргөдлийг гаргагч хувь хүн буюу бүлэг хүмүүсийн талаархи мэдээллийг өөрсдийнх нь тодорхой илэрхийлсэн зөвшөөрөлгүйгээр өгөхгүй.
Хороо нэргүй мэдээллийг хүлээж авахгүй.
(b) Мэдээллийг хүлээж авсан улс асуудлыг тодотгосон тайлбар буюу мэдэгдэл, түүнчлэн авсан байж болох арга хэмжээ байгаа бол тус арга хэмжээний тухай мэдээллийг гурван сарын дотор Хороонд бичгээр хүргүүлнэ.
7. (а) Хороо аливаа мэдээллийг хэлэлцэхдээ холбогдох улс болон гомдол гаргагч этгээдээс ирүүлсэн мэдээллийг үндэс болгоно. Гомдол гаргагч этгээд нь дотоодын боломжтой бүх аргыг хэрэглэж дууссан нь нотлогдоогүй бол Хороо мэдээллийг авч хэлэлцэхгүй. Харин ийм арга ашиглахыг шалтгаангүйгээр сунжруулж байгаа тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй.
(b) Хороо санал, зөвлөмжөө, ийм төрлийн санал, зөвлөмж буй тохиолдолд холбогдох оролцогч улс болон гомдол гаргагч этгээдэд хүргүүлнэ.
8. Хороо жилийн тайландаа ирүүлсэн мэдээллийн товч утга, мөн шаардлагатай тохиолдолд, холбогдох оролцогч улсаас ирүүлсэн тайлбар болон мэдэгдлийн товч утга болон өөрийн санал, зөвлөмжийг тусгана.
9. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу наад зах нь арван оролцогч улс мэдэгдэл хийсэн тохиолдолд Хороо энэхүү зүйлд заасан үүргээ гүйцэтгэнэ.
15 дугаар зүйл
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1960 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1514(ХV) тоот тогтоолд тусгагдсан Колонийн орон, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглалын зорилгыг биелүүлэх хүртэл энэхүү Конвенцийн заалтууд тэдгээр ард түмэнд олон улсын бусад гэрээ, хэлэлцээрээр буюу Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас олгосон гомдол гаргах эрхийг ямарваа нэгэн хэлбэрээр хязгаарлахгүй.
2. (а) Энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан Хороо нь энэхүү Конвенцийн зарчим, зорилтод шууд холбогдох асуудал эрхэлдэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгууллагуудад ирүүлсэн гомдлын хувийг хүлээн авч, асрамжит, өөрөө захиргаагүй болон 1514(ХV) тоот тогтоол хэрэглэгдэх бүх нутаг дэвсгэрийн оршин суугчдаас энэхүү Конвенцид дурдсан асуудлаар ирүүлсэн гомдлын талаархи санал, зөвлөмжөө тэдгээр гомдлыг хэлэлцэж буй байгууллагуудад хүргүүлнэ.
(b) Хороо энэхүү Конвенцийн зарчим, зорилттой шууд холбоотойгоор энэхүү хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан нутаг дэвсгэрийг захирагч улсаас авч хэрэгжүүлж буй хууль тогтоомж, шүүх эрх мэдэл, захиргааны болон бусад арга хэмжээний тухай тайлангийн хувийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх бүхий байгууллагуудаас хүлээн авч, эдгээр байгууллагад санал, зөвлөмжөө явуулна.
3. Хороо Ерөнхий Ассамблейд гаргах тайландаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгууллагуудаас хүлээн авсан гомдол, тайлангийн товч утга, түүнчлэн тухайн гомдол, тайланд холбогдох Хорооны санал, зөвлөмжийг тусгана.
4. Хороо энэхүү Конвенцийн зорилгын хувьд ач холбогдол бүхий бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан нутаг дэвсгэрийн талаар түүнд буй бүхий л мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүсч болно.
16 дугаар зүйл
Энэхүү Kонвенцийн маргаан буюу гомдол шийдвэрлэхтэй холбогдсон заалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагуудын үндсэн баримт бичгүүд, тэдгээрээс батлан гаргасан конвенцуудад дурдсан алагчилах үзэлтэй холбоотой аливаа маргаан, гомдлыг шийдвэрлэх бусад ажиллагаанд хохирол учруулахгүйгээр хэрэглэнэ. Энэ нь оролцогч улсуудын хооронд үйлчилж буй ерөнхий буюу тусгай хэлэлцээрт заасан маргаан шийдвэрлэх бусад аргыг хэрэглэхэд саад болохгүй.
III ХЭСЭГ
17 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний төрөлжсөн байгууллагын гишүүн, Олон улсын шүүхийн гишүүн болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү Конвенцид нэгдэн орох урилга хүлээн авсан аливаа улсын хувьд гарын үсэг зурахад нээлттэй байна.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батална. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
18 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна.
2. Нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэн орсон гэж үзнэ.
19 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хорин долоо дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.
2. Хорин долоо дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулсны дараа энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улсын хувьд батламж жуух бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.
20 дугаар зүйл
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга улсуудаас батлах буюу нэгдэн орохдоо хийсэн тайлбарыг хүлээн авч, энэхүү Конвенцид оролцогч буюу оролцож болох бүх улсад явуулна.
Дээрх тайлбарыг эсэргүүцэж байгаа аливаа улс мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш ер хоногийн дотор уг тайлбарыг хүлээж авахгүй тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.
2. Энэхүү Конвенцийн зорилго, зорилттой үл нийцэх тайлбар болон Конвенцийн дагуу байгуулсан аливаа байгууллагын ажиллагаанд саад болох тайлбар хийхийг зөвшөөрөхгүй. Хэрэв Конвенцид оролцогч улсын гуравны хоёр хувь нь тухайн тайлбарыг хүлээн авахгүй бол түүнийг үл нийцэх буюу саад болох тайлбар гэж үзнэ.
3. Ерөнхий нарийн бичгийн даргад зохих ёсоор мэдэгдсэнээр тайлбарыг хэдийд ч буцааж авч болно. Ийм төрлийн мэдэгдэл нь түүнийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
21 дүгээр зүйл
Аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж, энэхүү Конвенцийг цуцалж болно. Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.
22 дугаар зүйл
Энэхүү Конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу хэд хэдэн Оролцогч улсын хооронд үүссэн маргааныг хэлэлцээ буюу энэхүү Конвенцид тусгайлан заасан журмаар шийдвэрлээгүй маргааныг өөр журмаар шийдвэрлэх тухай тохиролцоогүй бол уг маргаанд оролцогч аливаа талын хүсэлтээр Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.
23 дугаар зүйл
1. Оролцогч аливаа улс энэхүү Конвенцийг хянаж өөрчлөх тухай хүсэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр гаргаж болно.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей энэхүү хүсэлтийн дагуу авах арга хэмжээ байгаа бол тухайн арга хэмжээний талаар шийдвэр гаргана.
24 дүгээр зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх улсад доорхи зүйлийн талаар мэдэгдэж байна:
(а) 17, 18 дугаар зүйлд заасан ёсоор гарын үсэг зурсан, соёрхон батласан, нэгдэн орсон тухай;
(b) 19 дүгээр зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон огнооны тухай;
(c) 14, 20, 23 дугаар зүйлийн дагуу хүлээж авсан мэдээлэл, мэдэгдлийн тухай;
(d) 21 дүгээр зүйлийн дагуу хүлээж авсан цуцлалтын тухай.
25 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийн хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэр нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн баталгаат хуулбарыг Конвенцийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөлд хамаарах улс бүрт хүргүүлнэ.
* Монгол Улс 1966.05.03-нд гарын їсэг зурж, 1969.03.31-нд соёрхон батласан
Текст томруулах
A
A
A
Ерөнхий Ассамблейн 2106 (XX) тоот тогтоолоор 1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон.*
Энэхүү Конвенцид оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм хүн бүрд угаас заяасан нэр төр, эрх тэгш байдалд үндэслэсэн бөгөөд хүний эрх, үндсэн эрх чөлөөг арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэгийн ялгааг үл харгалзан нийтээр хүндэтгэн сахихыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэгэн зорилгод хүрэхийн тулд тус байгууллагын гишүүн улс бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллаж хамтын хийгээд бие даасан арга хэмжээ авах үүрэг хүлээснийг анхааралдаа авч;
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адил нэр төртэй, тэгш эрхтэй байдаг хийгээд хүн бүр уг тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг аливаа ялгаварлалгүйгээр, тухайлбал, арьс үндэс, арьсны өнгө буюу үндэсний гарлаас үл хамааран адил эдлэх ёстойг анхааралдаа авч;
хүн бүр хуулийн өмнө тэгш бөгөөд аливаа алагчилалгүйгээр болон өдөөн хатгах явдлаас хуулиар тэгш хамгаалуулах эрхтэйг анхааралдаа авч;
Нэгдсэн Үндэстний Байгууллага колоничлол болон түүнтэй холбогдсон ялгаварлан тусгаарлах, алагчилах үзэл аливаа нэгэн хэлбэрээр аливаа газар оршиж байгаа бүх дадлыг буруушааж, Колонийн орон, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай 1960 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тунхаглал (Ерөнхий Ассамблейн 1514(ХV) тоот тогтоол)-аар энэ бүгдийг нэн даруй, аливаа болзолгүйгээр эцэс болгохын зайлшгүй чухлыг нотолж, ёслол төгөлдөр зарлан тунхагласныг анхааралдаа авч,
Арьс үндсээр алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1963 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тунхаглал (Ерөнхий Ассамблейн 1904(ХҮШ) тоот тогтоол)-аар арьс үндсээр алагчилах явдлын бүх хэлбэр, илрэлийг дэлхий нийтээр нэн даруй устгаж, хувь хүний нэр төрийг ойлгон хүндэтгэх шаардлагатайг ёслол төгөлдөр батласныг анхааралдаа авч,
арьс үндэсний ялгаанд үндэслэсэн дээрэнгүйн аливаа номлол шинжлэх ухааны үүднээс буруу, ёс суртахууны хувьд жигшүүртэй, нийгмийн хувьд шударга бус, аюултай бөгөөд арьс үндсээр алагчилах үзлийг хаа ч болов онолын хувьд ч, дадлын хувьд ч зөвтгөх учир үгүй хэмээн итгэж,
хүнийг арьс үндэс, арьсны өнгө буюу гарал угсааны үндсэн дээр алагчилах нь үндэстэн хоорондын найрсаг, энхийн харилцаанд саад учруулж, улс түмний энх тайван, аюулгүй байдал, ялангуяа, нэгэн улсын дотор хүмүүс өөр хоорондоо эв найртай аж төрөхөд төвөг учруулж болзошгүйг дахин нотлож,
арьс үндэсний шинжтэй саад хориг нь хүмүүний аливаа нийгмийн туйлын зорилгод харшилна хэмээн итгэж,
дэлхийн зарим хэсэгт гарсаар байгаа арьс үндсээр алагчилах үзлийн илрэл, тухайлбал, апартеид, ялгаварлан тусгаарлах буюу салган тусгаарлах зэрэг арьс үндсээр дээрэнгүйлэх буюу үзэн ядах зарчимд тулгуурласан төрийн бодлогод сэтгэл түгшиж,
арьс үндсээр алагчилах үзлийг бүх хэлбэр, илрэлээр нь нэн даруй устгахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээ авах, үндэстнүүд бие биенээ харилцан ойлгоход дөхөм үзүүлэх болон арьс үндсээр ялгаварлан тусгаарлах болон алагчилах үзлийн бүх хэлбэрээс ангид олон улсын хамтын нийгэмлэгийг бий болгох зорилгоор арьс үндсээр алагчилах онол, дадлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхээр шийдвэрлэж,
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 1958 онд батласан Алагчилахгүй байх /Ажил мэргэжил хөдөлмөр эрхлэлт/ тухай конвенц болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 1960 онд батласан Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенцийг ухамсарлан,
Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглалд заасан зарчмыг хэрэгжүүлэх хийгээд энэ зорилгод хүрэхийн тулд тодорхой арга хэмжээг нэн даруй авахыг зорин,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I ХЭСЭГ
1 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцид “арьс үндсээр алагчилах” гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, үгүйсгэх зорилго бүхий арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхийг хэлнэ.
2. Энэхүү Конвенцийг түүнд оролцогч улсаас тухайн улсын иргэн, иргэн бус хүмүүсийн хувьд ялгаатай тогтоосон ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхэд хэрэглэхгүй.
3. Оролцогч улсын хууль тогтоомжийн заалтууд аливаа тодорхой үндэстний эсрэг алагчилах бодлого агуулаагүй бол уг хууль тогтоомжид байгаа үндэсний болон иргэний харьяалал, иргэн болох тухай заалтуудад аливаа хэлбэрээр нөлөөлнө хэмээн Конвенцийн аливаа заалтыг тайлбарлаж үл болно.
4. Хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш эдэлж, хэрэгжүүлэхийг хангах шаардлагын үүднээс хэрэгцээтэй үед үндэсний буюу угсаатны зарим бүлэг, хувь хүмүүсийг хөгжүүлэх нэгэн зорилгоор авч буй арга хэмжээг арьс үндсээр алагчилах үзэл хэмээн тооцохгүй. Чингэхдээ ийм арга хэмжээ нь зарим үндэсний бүлэг онцгой эрх эдлэхэд хүргэхгүйгээр зорилгодоо хүрмэгц эцэс болгоно.
2 дугаар зүйл
1. Оролцогч улсууд арьс үндсээр алагчилах үзлийг буруушааж, арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг бүхий л зохистой аргаар нэн даруй устгах бодлогыг явуулан, үндэстэн бүр бие биенээ харилцан ойлгох явдлыг дэмжих үүрэг авч, энэ зорилгоор:
(а) Оролцогч улс бүр хүн, бүлэг хүмүүс буюу байгууллагын эсрэг арьс үндсээр алагчилах үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээх бөгөөд улсын болон орон нутгийн төрийн бүх байгууллага, албан газрыг энэхүү үүргийн дагуу ажиллуулах явдлыг хангана.
(b) Оролцогч улс бүр аливаа хүн, байгууллагаас явуулж байгаа арьс үндсээр алагчилах үзлийг ивээн тэтгэх, хамгаалах, дэмжихгүй байх үүрэг хүлээнэ.
(c) Оролцогч улс бүр засгийн газрын, үндэсний болон орон нутгийн бодлогыг эргэн харж, арьс үндсээр алагчилах үзлийг бий болгох, эсхүл тогтоон хадгалахад чиглэсэн аливаа хууль тогтоомжийг өөрчлөх буюу хүчингүй болгохын тулд үр дүнтэй арга хэмжээ авна.
(d) Оролцогч улс бүр аливаа хүн, бүлэг хүмүүс буюу байгууллагаас явуулж буй арьс үндсээр алагчилах ажиллагааг зохистой бүхий л аргыг ашиглан нөхцөл байдлаас шалтгаалан хууль тогтоомж гаргах замаар хориглож эцэс болгоно.
(e) Оролцогч улс бүр үндэстнүүд хоорондын заагийг арилгахад чиглэсэн олон үндэстнийг нэгтгэсэн байгууллага, хөдөлгөөн болон бусад арга хэмжээг зохистой тоихолдолд хөхиүлэн дэмжиж, харин үндэстний хагарлыг гүнзгийрүүлэх аливаа үйлдлийг дэмжихгүй байна.
2. Оролцогч улсууд нөхцөл байдал ийнхүү шаардсан тохиолдолд зарим арьс үндэстний бүлэг буюу түүний гишүүдэд хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн, тэгш эдлүүлэх, тэднийг зохих ёсоор хөгжүүлэх, хамгаалах явдлыг хангах зорилгоор нийгэм, эдийн засаг, соёлын болон бусад салбарт тусгай бөгөөд тодорхой арга хэмжээ авна. Эдгээр арга хэмжээг авах болсон зорилго биелсэний дараа үндэстний аль нэгэн бүлэгт тэгш бус буюу онцгой эрх олгож буй арга хэмжээг хэвээр үлдээх ёсгүй.
3 дугаар зүйл
Оролцогч улсууд арьс үндсээр ялгаварлан тусгаарлах болон апартеидын бодлогыг эрс буруушаан, эрх мэдэлдээ байгаа нутаг дэвсгэр дээр тухайн шинжийг агуулсан аливаа дадал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг хориглох болон зогсоох арга хэмжээ авна.
4 дүгээр зүйл
Оролцогч улсууд нэг арьс үндэстэн, тодорхой нэг өнгийн арьстай буюу угсаатны гарал үүсэлтэй бүлэг этгээдийг дээрд үзэх санаа, онол дээр үндэслэсэн, эсхүл аливаа хэлбэрээр арьс үндсээр ялгаж үзэн ядах, арьс үндсээр алагчилах үзлийг зөвтгөх, дэмжиж байгаа аливаа ухуулга болон байгууллагыг буруушааж, тийм үзэл буюу үйлдэлд өдөөн турхирах аливаа үзэгдлийг устгах талаар үр нөлөөтэй арга хэмжээ нэн даруй авах үүрэг хүлээнэ. Энэ зорилгоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчмууд болон энэхүү Kонвенцийн 5 дугаар зүйлд тодорхой заасан эрхүүдийн дагуу дараахь арга хэмжээг авна, inter alia:
(а) арьс үндэсний дээрэнгүй буюу үзэн ядах санааг дэлгэрүүлэх, арьс үндсээр алагчилах үзэлд элдвээр өдөөн турхирах, мөн аливаа арьс үндэстэн буюу өөр угсаатны гаралтай бүлэг хүмүүсийн эсрэг чиглэсэн хүчирхийлэх буюу ийн үйлдэхэд өдөөн турхирах, түүнчлэн санхүүжүүлэх зэрэг арьс үндсээр алагчилахад туслалцаа үзүүлэхийг хуулиар шийтгэх гэмт хэрэг мөн гэж зарлан мэдэгдэнэ.
(b) арьс үндсээр алагчилах үзлийг өөгшүүлэн дэмжиж, өдөөн турхирч байгаа байгууллагууд, түүнчлэн ийм зорилгоор зохион байгуулсан хийгээд бусад суртал ухуулгыг хууль бус хэмээн зарлан мэдэгдэж, үйл ажиллагааг нь хориглож, ийм байгууллага буюу үйл ажиллагаанд оролцохыг хуулиар шийтгэх гэмт хэрэг хэмээн үзнэ.
(c) арьс үндсээр алагчилах үзлийг өөгшүүлэн дэмжих, өдөөн турхирахыг үндэсний буюу орон нутгийн байгууллага, төрийн албан газарт зөвшөөрөхгүй.
5 дугаар зүйл
Оролцогч улсууд энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд заасан үндсэн үүргийн дагуу арьс үндсээр алагчилах бүх хэлбэрийг хориглон устгах хийгээд арьс үндэс, арьсны өнгө, үндэсний буюу угсаатны гарал үүслийг үл харгалзан, хүн бүрийн дараахь эрхийг эдлэхэд нь хуулийн өмнө тэгш байхыг хангана:
(а) шүүх болон шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж буй бусад бүх байгууллагын өмнө тэгш байх эрх;
(b) төрийн албан тушаалтан буюу аливаа бүлэг хүмүүс эсхүл байгууллагын зүгээс хүчирхийлэх, бие махбодид гэмтэл учруулах явдлаас төрөөр хамгаалуулж, хувийн аюулгүй байдлаа хангуулах эрх;
(c) улс төрийн эрх, тухайлбал, нийтийн болон тэгш эрхийн үндсэн дээр санал өгөх, нэрээ дэвшүүлэх байдлаар сонгуульд оролцох, засгийн газар, төрийн хэргийг удирдан явуулах аливаа түвшинд оролцох хийгээд төрийн алба хаах тэгш эрх,
(d) иргэний бусад эрх, тухайлбал:
(i) улсын дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх;
(ii) аливаа улс, түүний дотор эх орноо орхин явах, эх орондоо эргэж ирэх эрх;
(iii) иргэний харьяалалтай байх эрх;
(iv) гэрлэх, гэрлэх хүнээ сонгох эрх;
(v) ганцаар буюу бусадтай хамтран эд хөрөнгө эзэмших эрх;
(vi) өв залгамжлах эрх;
(vii) чөлөөтэй бодож сэтгэх, сүсэглэх, шашин шүтэх эрх;
(viii) өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх;
(ix) тайван замаар хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх;
(e) эдийн засаг, нийгэм болон соёлын эрх, тухайлбал:
(i) хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах, адил хөдөлмөрийг тэгш үнэлүүлэх, шударга бөгөөд хангалттай хөлс авах эрх;
(ii) үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнд элсэх эрх;
(iii) орон сууцтай байх эрх;
(iv) эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, нийгмийн аюулгүй байдалд байх болон нийгмийн хангамж, үйлчилгээ авах эрх;
(v) сурч боловсрох, мэргэжил эзэмших эрх;
(vi) соёлын амьдралд тэгш оролцох эрх;
(f) тээвэр, зочид буудал, зоог, цайны газар, үзвэрийн газар, цэнгэлдэх хүрээлэн зэрэг нийтийн үйлчилгээний аливаа газраар үйлчлүүлэх эрх.
6 дугаар зүйл
Оролцогч улсууд харьяалалдаа байгаа хүн бүрийг энэхүү Конвенцийг зөрчин хүний эрх, үндсэн эрх чөлөөнд халдаж байгаа арьс үндсээр алагчилах аливаа үйлдлээс харьяалах үндэсний шүүх, төрийн бусад байгууллагаар дамжуулан үр нөлөөтэй хамгаалуулах, арга хэмжээ авахуулах, түүнчлэн арьс үндсээр алагчласны уршгаар үүссэн аливаа хохирлыг шударга бөгөөд зохих ёсоор нөхөн төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээр хангана.
7 дугаар зүйл
Оролцогч улсууд арьс үндсээр алагчилахад хүргэж байгаа үзэл бодолтой тэмцэх, үндэстэн, арьстан буюу угсаатны бүлгүүд бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдахыг хөхиүлэн дэмжих, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглал болон энэхүү Конвенцийн зорилго, зарчмыг дэлгэрүүлэх талаар нэн ялангуяа сургалт, хүмүүжил, соёл болон мэдээллийн салбарт шуурхай бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
II ХЭСЭГ
8 дугаар зүйл
1. Оролцогч улсууд ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, хараат бус байдал нь нотлогдсон арван найман мэргэжилтнийг өөрсдийн иргэдээс сонгож Арьс үндсээр алагчилах үзлийг устгах хороо (цаашид “Хороо” гэж нэрлэнэ) байгуулах бөгөөд тэд өөрсдийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэнэ. Чингэхдээ газар зүйн тэгш хуваарилалт болон соёл иргэншлийн ялгаатай хэлбэр, түүнчлэн эрх зүйн үндсэн тогтолцоонуудын төлөөлөлд анхаарна.
2. Хорооны гишүүдийг оролцогч улсуудаас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтаас нууцаар санал хураах журмаар сонгоно. Оролцогч улс бүр өөрийн иргэдээс нэг хүний нэрийг дэвшүүлнэ.
3. Анхны сонгуулийг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дараа явуулна. Сонгууль бүрийг явуулахаас наад зах нь гурван сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудад захидал илгээж, дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг хоёр сарын дотор илгээхийг санал болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшигдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар гаргаж, тэдгээрийн нэрийг дэвшүүлсэн улсыг хамт тэмдэглэн энэхүү Конвенцид оролцогч улсуудад хүргүүлнэ.
4. Хорооны гишүүдийн сонгуулийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд Ерөнхий нарийн бичгийн даргаас зарлан хуралдуулах энэхүү Конвенцид оролцогч улсуудын хуралдаан дээр явуулна. Оролцогч улсуудын гуравны хоёр нь хуралдах ирцийг бүрдүүлэх бөгөөд санал хураахад байлцаж, саналаа өгсөн оролцогч улсуудын төлөөлөгчдийн хамгийн олон болон дийлэнхи олонхийн саналыг авсан нэр дэвшигчдийг Хорооны гишүүнээр сонгогдсонд тооцно.
5. (а) Хорооны гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Гэхдээ анхны сонгуулиар сонгогдсон есөн гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах бөгөөд анхны сонгуулийг явуулж дуусмагц дээрх есөн гишүүний нэрийг Хорооны дарга шодож тогтооно.
(b) Тохиолдлоор суларсан орон тоог нөхөхийн тулд тухайн орон тоонд ажиллаж байсан мэргэжилтний нэрийг дэвшүүлсэн оролцогч улс өөрийн иргэдээс өөр нэг мэргэжилтнийг томилж, Хороогоор батлуулна.
6. Хорооны гишүүдийн үүргээ гүйцэтгэж байх үеийн зардлыг оролцогч улсууд хариуцна.
9 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор авсан хууль тогтоомж, шүүх эрх мэдэл, захиргааны буюу бусад арга хэмжээний талаархи тайланг Хороогоор хэлэлцүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дор заасан хугацаанд хүргүүлж байх үүрэгтэй:
(а) тухайн улсын хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор; болон
(b) түүний дараа хоёр жил тутам болон Хороо шаардсан тухай бүрд. Хороо нь оролцогч улсуудаас нэмэлт мэдээ хүсэх эрхтэй.
2. Хороо нь Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд үйл ажиллагааныхаа талаар жил бүр тайлагнах бөгөөд оролцогч улсуудаас авсан тайлан, мэдээллийг судалсны үндсэн дээр санал, ерөнхий зөвлөмж гаргаж болно. Ийм санал, ерөнхий зөвлөмжийг оролцогч улсуудаас ирүүлсэн тайлбар байгаа бол тус тайлбарын хамт Ерөнхий Ассамблейд мэдэгдэж байна.
10 дугаар зүйл
1. Хороо үйл ажиллагааны дотоод журмаа батална.
2. Хороо албан тушаалтнуудаа хоёр жилийн хугацаагаар сонгоно.
3. Хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бүрдүүлнэ.
4. Хорооны хурлыг гол төлөв Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд хийнэ.
11 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн заалтыг оролцогч аливаа улс биелүүлэхгүй байна гэж оролцогч өөр нэг улс үзэж байгаа бол энэ тухайгаа Хороонд мэдэгдэж болно. Уг мэдээг Хороо улмаар холбогдох оролцогч улсад хүргүүлнэ. Ийм мэдээ хүлээж авсан улс асуудлыг тодотгосон тайлбар буюу мэдэгдэл, түүнчлэн тус улсаас авсан байж болох арга хэмжээ байгаа бол тус арга хэмжээний талаархи мэдээллийг гурван сарын дотор гаргаж Хороонд бичгээр хүргүүлнэ.
2. Мэдээ хүлээн авагч улс анхны мэдээ хүлээн авснаас хойш зургаан сарын дотор асуудлыг хэлэлцээ буюу боломжтой өөр аргаар хоёр талын эрх ашигт нийцүүлэн шийдэж чадаагүй бол хоёр талын аль нь ч энэ тухай Хороо болон нөгөө улсад зохих мэдэгдэл хийж асуудлыг Хороонд дахин шилжүүлэн өгөх эрхтэй.
3. Хороо нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу дотоодын эрх зүйн хамгаалалтын боломжтой бүх аргыг барагдуулсан гэж үзсэний эцэст сая энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн асуудлыг авч хэлэлцэнэ. Харин эдгээр аргыг ашиглахыг шалтгаангүйгээр сунжруулж байгаа тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй.
4. Хороо нь түүнд шилжүүлэн өгсөн аливаа асуудлаар ач холбогдол бүхий мэдээллээр хангах хүсэлтийг холбогдох оролцогч улсад гаргаж болно.
5. Хороо нь энэ зүйлийн заалтаас үүдэн гарсан аливаа асуудлыг хэлэлцэж байгаа бол холбогдох оролцогч улс төлөөлөгчөө санал өгөх эрхгүйгээр Хорооны хуралд асуудлыг шийдвэрлэх хугацаанд оролцуулахаар илгээх эрхтэй.
12 дугаар зүйл
1. (а) Шаардлагатай гэж үзсэн бүх мэдээллийг цуглуулж, шалгасны дараа Хорооны дарга Хорооны гишүүн буюу гишүүн бус байж болох таван хүнээс бүрдсэн Түр эвлэрүүлэх комиссыг (цаашид “Комисс” гэж нэрлэнэ) томилно. Комиссын гишүүдийг маргаанд оролцогч талууд санал нэгтэй томилох бөгөөд Комисс нь энэхүү Конвенцийн заалтыг үндэслэн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зорилгоор холбогдох улсуудад туслалцаа үзүүлнэ.