A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

Дугаар 02

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт,

118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12.25 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Д.Цолмон нар оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ:

"... Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэж үзэн ирүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн саналыг Монгол Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж дүгнэн, энэ талаар Үндсэн хуулийн цэцэд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт мэдүүлэх тухай 02 дугаар тогтоолыг гаргасан.

Нэгдүгээрт. Монгол Улсын Их Хурал 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан, "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №24/981/ дугаарт албан ёсоор нийтлэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд "67.1.5. хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах." гэсэн заалт нэмэлтээр оруулж, уг ажиллагаа хийх үүргийг шүүгчид хүлээлгэсэн байна..

Дээрх 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь:

А/. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрх зүй нь нийгмийн харилцааг зохицуулагчийн хувьд өргөн ойлголт боловч тэрээр зохицуулах зүйл буюу харилцаа, зохицуулалтын арга, зохицуулалтын зарчим зэрэг шалгуур, үндсэн шинжээр ялгагдаж, бие даасан салбар эрх зүйд хуваагддаг. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй гэх зэргээр салбар эрх зүй нь өөр өөрийн онцлогийг тусгасан хэм хэмжээнээс бүрдэж байдаг нь ойлгомжтой.

Эрх зүйн харилцаанд оролцогч нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй бөгөөд шүүх нь нэн тэргүүнд "... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" буюу Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, түүний суурь зарчмыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Мэдээж, "... хууль, шүүхийн өмнө эрх тэгш" байх ойлголт нь өргөн утга, агуулгыг илэрхийлдэг, хүний эрхийн суурь зарчим бөгөөд энэ нь хуулийн өмнө, шүүхийн өмнө гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

Хууль тогтоогч нь эрх зүйн хэм хэмжээг тогтоохдоо салбар эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчмаас хамааран тухайн харилцаанд оролцогчдын "эрхийн тэнцвэртэй байдлыг хангах" нь Үндсэн хуулийн "эрх тэгш" байх байдлыг хууль тогтоох аргаар тэнцвэржүүлэх үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн давуу тал, эсхүл хязгаарлалт тогтоохгүй байх нь шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг ойлголтыг тайлбарлах үндсэн шалгуур мөн төдийгүй энэ нь салбар эрх зүй буюу материаллаг эрх зүйн хэм хэмжээ, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчим, түүний онцлог, үндсэн шинжээс хамааралтайгаар тухайн харилцаа нь үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн факт, талуудын хүсэл зоригоос хамаарах, эсхүл хамаарахгүйгээр эрх зүйн харилцаанд оролцогчдод хууль зүйн эрх, үүрэг, хариуцлага үүсч байдаг нь тодорхой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хуулийн 1 дүгээр зүйлд тодорхойлохдоо иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэжээ. ...

Иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох аливаа иргэн, төр, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор шүүхэд хандах эрхийн баталгаа, үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан байдаг.

Иргэний эрх зүй нь өөрийн гэсэн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчим, бие даасан хуультай салбар эрх зүй болохынхоо хувьд энэхүү материаллаг эрх зүйгээр хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах нь процессын эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болдог нь ойлгомжтой.

Материаллаг эрх зүйн харилцаанаас үүсдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим бол зохигчдын буюу "талуудын зарчим" байдаг бөгөөд шүүх энэхүү зарчмыг хангахын тулд "хөндлөнгийн байх" зарчмыг хэрэгжүүлэх нь салбар эрх зүйн онцлогтой илүүтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс дуусгавар болох бүх процесст оролцогчдын "хүсэл зоригийн" шинжийг зайлшгүй харгалзах нь материаллаг эрх зүй буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмын үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болдог үндсэн шинжээс хамааран зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "тэгш" байх явдал нь иргэний процессын эрх зүйн онцлог шинж юм.

Иймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэм хэмжээг хуулиар тогтоохгүй байгаа нь Үндсэн хуулийн "... эрх тэгш" байх эрхийг хангаж байгаа явдал.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр орсон 67.1.5 дахь заалт нь шүүгчийг "нэхэмжлэгчийн талд" үйлчлэх хуулийн тэгш бус байдлыг үүсгэж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг маргаанаа шийдвэрлүүлж буй талуудын "хүсэл зоригийг үл харгалзах" байдлаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулахыг шүүгчид үүрэг болгосныг Үндсэн хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүргийг хүлээдэг хэдий ч зохигч "шүүхэд хүсэлт гаргах" замаар баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох тусгайлсан зохицуулалтыг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3., 69 дүгээр зүйл, 70 дугаар зүйлээр хэдийнээ зохицуулсан байдаг.

Тэгвэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хүсэл зоригоос хамааралгүйгээр шүүхээс "мөрдөн шалгах" зарчмыг хэрэгжүүлж байгаа нь энэ салбар эрх зүйн онцлогтой холбоотой "тэгш байдлыг" хангах зохицуулалт юм. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч салбар эрх зүйн онцлогтой холбоотойгоор сэжигтний гэм бурууг нотлох үүргийг төр хүлээдэг, эрүүгийн процессын зорилтыг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг тусгайлан зохицуулдаг нь мөн л Үндсэн хуулийн зарчмыг салбар эрх зүй бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байгаа явдал юм.

Б/. Процессын хуульд орсон дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... хөрөнгө чинээ, ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн энэ зохицуулалт нь нэн тэргүүнд ялгаварлалгүй, алагчлахгүй байхыг шаарддаг буюу энэ нь Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... эрх тэгш байх" зарчимтай шууд хамааралтай байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан этгээдийг "хариуцагч" гэж үздэг бөгөөд хариуцагчаар оролцох иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, олон улсын байгууллага аль нь ч байсан "хэдий хэмжээний хөрөнгө, орлоготой, эсхүл хөрөнгө орлогогүй" байхаас үл хамааран шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл "хариуцагч" гэж үзэж буй этгээдийнхээ хөрөнгө, орлогын мэдээллийг шүүхээр гаргуулах давуу байдлыг нэхэмжлэгчид хуулиар олгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэхийг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн "... хөрөнгө чинээ, ... гээр нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж заасантай нийцэхээргүй байна.

В/. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана." гэж заасан байдаг. Гэтэл хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчийн аль нэг талд буюу нэхэмжлэгчийн талд үйлчлэх зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр оруулсан нь "шүүгчийн хараат бус, хөндлөнгийн байх" Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй юм. Нэхэмжлэгчээс хариуцагчаа гэж сонгосон этгээдийн хөрөнгийн талаарх лавлагаа, тодорхойлолтыг эрх бүхий байгууллагаас гаргуулах ажиллагааг шүүх зохигчдын хүсэлтээр бус харин өөрийн санаачилгаар хийх үүргийг хуульчилж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр гаргуулсан дээрх баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцээний зүйл буюу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх сөрөг нөхцөл үүсч болохоор байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагчаа буруу сонгосон, хариуцагчаар татагдсан иргэн, хуулийн этгээд тухайн маргааны хариуцагч биш болох тогтоогдвол "төлбөр төлөх ёстой этгээд" гэдгийг шүүх урьдчилан тогтоож байгаатай адил үр дагаврыг бий болгож байна.

Г/. Шүүхээс үйлчилгээ авч буй талуудын эрхийг хуулиар тэнцвэржүүлэлгүйгээр, талуудын эрх тэгш байдлыг хангалгүйгээр, зөвхөн "хариуцагч"-аар татагдсан этгээдийн хуулиар хамгаалагдсан хувийн нууц, мэдээлэлд халдахыг дээрх хуулийн нэмэлтээр шүүхэд үүрэг болгож буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "... Иргэний хувийн ... нууц ...-ыг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 17 дахь заалтад "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд ... хамгаалах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.", Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;" гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улс нууцын асуудлыг хуулиар тогтоосон бөгөөд "хөрөнгө" энэхүү нууцын төрөлд хамаарсан байна.

Д/. Монгол Улс "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай конвенци"- д 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Конвенцид нэгдэн орох тухай хууль"-иар нэгдэн орсон ба тус Конвенцийн Арван долдугаар зүйлд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хоёрдугаарт. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн агуулгад тавигдах, нөхцөл шаардлагыг хуулиар тогтоож өгсөн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн "...Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана. ..." гэснийг "Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно." гэж өөрчилснийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. ...

Шүүх нь Үндсэн хуулиар тогтоосон зарчим болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчимд захирагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Үндсэн хуульд заасан "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх; шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах; хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх" гэсэн зарчмуудыг Үндсэн хуулийн зарчим гэх бөгөөд харин диспозитив буюу талуудын зарчим, мэтгэлцэх буюу шүүх хөндлөнгийн байх, шүүх хуралдааныг нээлттэй, тасралтгүй явуулах, монгол хэл дээр явуулах, эх хэлээрээ мэдүүлэг тайлбар өгөх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх гэсэн зарчмуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим гэж үздэг.

Дээрх зарчмууд нь "... хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх" Үндсэн хуулийн эрхэм зорилгод хүрэхийн тулд шүүхээс шударга ёсыг тогтооход үндсэн үзэл баримтлал нь болдог. Тиймээс шүүхийн шударга байдал нь процессын шударга байдлаар тодорхойлогддог учиртай.

Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ." гэж зааснаар шүүх нь талуудын мэтгэлцээний хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, маргааны нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хууль хэрэглэж шийдвэрлэдэг бүрэн эрхтэй цорын ганц байгууллага. Харин шүүх нь гаргасан шийдвэрээ "биелүүлнэ" гэсэн ойлголт байх боломжгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай чиг үүрэг бүхий байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулдаг, энэ харилцаа нь бие даасан хууль тогтоомжоор зохицуулагддаг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэдэг онцлогтой. ...

Шүүх хууль хэрэглэж шийдвэр гаргадаг бол шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан хүсэлтийн үндсэн дээр шүүхээс гаргасан гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх эрх нь үүсдэг байгууллага юм. Тодруулбал, шүүхийн шийдвэр нь эрх зүйн эх сурвалж болох боломжтой тул гүйцэтгэх засаглалын чиг үүргийг хэрэгжүүлэх буюу хууль тогтоомжийн хэрэгжилтийн ажлыг зохион байгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шинжтэй ажил үүрэгт оролцох нь Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хуваарилах зарчимд харшлахаар байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлт нь 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалттай холбоотой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлтөөр шүүх "нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, хэргийн оролцогчийн хүсэлт гаргаагүй" асуудлыг шүүх санаачилгаараа шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... шүүх хэрэг маргааныг ... шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр бүрийн Тогтоох хэсэгт ".... төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно" гэж өөрчлөлт оруулсныг алдаатай, буруу томъёолол гэж үзэж байна.

Дээрх өөрчлөлтөөр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх хуулиар олгосон боломж буюу төлбөр төлөгчийн эрхийг хязгаарлаж, харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шууд албадан явуулахыг шүүхийн шийдвэр бүрийн тогтоох хэсгээр шүүх шийдвэрлэх нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.", Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;", Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно." гэснийг тус тус зөрчсөн гэж тайлбарлахаар нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэгтэй болсон этгээд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх буюу өөрийн ямар хөрөнгийн, аль хэсгээс төлбөрөө барагдуулах тухай шийдвэр гаргах өмчлөгчийн эрхийг зөрчиж байна.

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгатай холбогдон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хууль гарсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар "Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ"-нд 17 төрлийн ажиллагааг хамруулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь дээрх ажиллагааг хуулиар тогтоосон арга, журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.5 дахь хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлттэй шууд холбоотой бөгөөд энэ нь Үндсэн хуулийн "Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх" гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт болгох нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл: "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 67.1.5 дахь заалт нэмсүгэй. 67.1.5: "хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авах", мөн хуулийн 2 дугаар зүйл: "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн "шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга журмыг заана" гэснийг "Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга журмыг зааж, хүний орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно" гэж өөрчилсүгэй хэмээн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... 1.Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна." гэж тус тус заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулиуд нь бүхэлдээ хохирогч бур хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлоо гэм буруутай, гэм хор учруулсан этгээдээр нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх тэгш эрх, боломжтой байж, уг эрхээ баталгаатай эдлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үр дүнтэй, түргэн шуурхай, бүрэн дүүрэн, хуулийн дагуу явагдах баталгааг бүрдүүлэхэд чиглэгдсэн.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд хандсан үеэс буюу тухайн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн шүүх нь төрөөс иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг биелүүлэх арга хэмжээг авч ажиллах ёстой.

Ингэхийн тулд шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаарх хуулийн зохицуулалтыг бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх, хариуцагч өөрийн хөрөнгө, орлогыг нуух, бусдад шилжүүлдэг байдлыг халах шаардлага бий болсон.

Дээр дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлээр шүүх эрх мэдлийн байгууллагад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон. Хуулийн дээрх зохицуулалтыг шүүхээс хэрэгжүүлэхийн тулд хариуцагч буюу төлбөр төлөгч нь хаана, ямар, хэр хэмжээний хөрөнгө, орлоготой болохыг лавлаж, тодруулан тогтоох шаардлагатай бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтаар шүүхэд энэ эрх буюу боломжийг хууль тогтоогч олгосон байна. Шүүх төлбөр төлөгчийн өмч хөрөнгийн байдлыг мэдэхгүйгээр дээр дурдсан хөрөнгө хамгаалах, шийдвэр баталгаажуулах арга хэмжээг авах боломж байхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад "хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах." гэж заасан нь шүүхэд аль нэг талын нэрийн өмнөөс нотлох баримт цуглуулах үүрэг хүлээлгээгүй буюу Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан "иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим"-д халдсан шинж, утга агуулаагүй.

2. Шүүхээс аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь түүний үр дүнд гарах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Учир нь шүүх, түүний шийдвэр нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоодог бөгөөд харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн тогтоосон зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор сэргээн эдлүүлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хангалттай арга хэмжээг авахгүй байгаагаас буюу гарсан шийдвэр нь биелэгдэх боломжтой эсэхэд хайхрамжгүй хандсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэхэд хүндрэл бий болох, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй, төлбөр төлөгч хөрөнгө, орлогоо нуун далдлах, бусдад шилжүүлэх, үрэгдүүлэх нөхцөлийг үүсгэж байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн тоо баримтаас харахад шүүхээс татан буугдсан хадгаламж, зээлийн хоршоодын 8301 хохирогчид нийт 72.4 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн ч 29.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 69.515 ширхэг хөрөнгийг төлбөрт тооцохоор шийдвэртээ заасан нь нийт хохирлын 40 хувьтай тэнцэх бөгөөд үлдсэн хувийг хэрхэн яаж төлүүлэх нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. ...

Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн хүсэлтдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд тус хуулийн 69 дүгээр зүйл болон 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтад зааснаар талууд шүүхэд хүсэлт гаргах замаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх зохицуулалтыг аль хэдийн бүрдүүлсэн гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ." гэж заасан нь Улсын дээд шүүхийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтэд дурдсан "талуудын зарчим", "шүүх хөндлөнгийн байх" зарчмыг мөн үгүйсгэх үндэслэл болж байна. Хэрвээ Улсын дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтыг Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байна гэж үзвэл мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэж ирснийг тодруулах шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтад "хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах." гэж заасан нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтаас илүүтэйгээр шүүхэд нотлох баримт цуглуулах үүрэг хүлээлгэсэн байх магадлалтай бөгөөд хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь мөн зүйлийн 67.1.3 дахь заалттай харьцуулахад нотлох баримт цуглуулах үүргийг шүүхэд хүлээлгээгүй, зөвхөн лавлагаа, тодорхойлолт авах, ингэхдээ "шүүхээс мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлээгүй" хэн нэгэн этгээдэд үндэслэлгүйгээр давуу байдал бий болгох утга, санаа агуулаагүйгээрээ, түүнчлэн мөн хуулийн 69 дүгээр зүйлтэй харьцуулахад хариуцагчийн өмч хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан агуулгагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл Улсын дээд шүүх хуулийг ялгамжтайгаар ойлгож, Үндсэн хуульд нийцэж байгаа мэтээр тайлбарлан, нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг шүүхийн эрх ашигт нийцэхгүй буюу шүүхэд нэмэлт үүрэг бий болгосон, шүүхийн ачааллыг нэмсэн гэх шалтгаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хууль тогтоох байгууллагаас баталсан хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж болохгүй гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан иргэний өмч, хөрөнгөтэй холбоотой мэдээ, мэдээлэл нь холбогдох хуулиар нууцад хамаарах бөгөөд эдгээр мэдээллийг зөвхөн хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан буюу шүүх авах эрхтэй байдаг. Ийм ч учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг тал болох нэхэмжлэгч нь хариуцагчийн өмч хөрөнгийн талаар мэдээлэл байхгүй, олж авах боломжгүй тул уг мэдээллийг гаргуулах талаар шүүхэд хандахад шүүх хүсэлтийг хүлээж авдаггүй, үүнээс улбаалан өмч хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй учраас нэхэмжлэгчийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг "битүүмжлэх дансны дугаар, эсхүл эд хөрөнгийн талаарх мэдээллийг олж ирэх үүргийг нэхэмжлэгчид өгч" шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авдаггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн зохицуулалтын хүрээнд жилд 2000 гаруй шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэж байгаа нь шүүхээр шийдвэрлэж буй нийт хэрэг, маргааны тоотой харьцуулахад зөвхөн 5 хувьд энэ төрлийн арга хэмжээг шүүхээс авч байгаа нь харагдаж байна.

З. Хууль тогтоогч шүүх шийдвэртээ төлбөр төлөгчийн ямар хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхой заадаггүйгээс шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн бүх хөрөнгөд явуулж, төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд өөрийн үзэмжээр халддаг, түүнчлэн, иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан орон байрны халдашгүй байдалд шүүхийн шийдвэргүйгээр халдах буюу шаардлагагүй байхад орон байранд хүчээр нэвтэрч, иргэдийг айлгадаг байдлыг өөрчлөхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдээр дээрх эрхийг хамгаалах зохицуулалтуудыг нарийвчлан тодорхой хуульчилсан.

Ийнхүү шүүхээс төлбөр төлөгчийн хөрөнгийн талаарх лавлагааг үндэслэн төлбөр төлөгчийн төлбөрт гаргуулах хөрөнгийг тодорхой зааж өгснөөр нэг талаас хохирсон төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хурдан хангаж хохирлыг барагдуулах, нөгөө талаас төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдах, төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх явдлыг таслан зогсоох зэрэг төлбөр төлөгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бодитоор биелэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй, шуурхай биелэгдэх боломж бүрдсэн.

Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчийн төлбөрт гаргуулах хөрөнгө, орлогыг тодорхой заахын тулд төлбөр төлөгчийн нэр дээр ямар хөрөнгө, орлого хаана байгааг мэдэж байх шаардлага хууль ёсоор тавигдсан бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд шүүгчид холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах эрхийг нь хуулийн дагуу нээж өгсөн. Харин Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан хүний өмчлөх эрхэд халдсан, иргэний эрх зүйн суурь зарчмыг алдагдуулсан зүйл байхгүй бөгөөд хууль хоорондын уялдаа холбоог хангасан зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн болно.

Түүнчлэн, Засгийн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шатанд Улсын дээд шүүхээс холбогдох санал авахаар хуулийн төслийг илгээж, шүүхээс "тусгайлан өгөх саналгүй" буюу хуулийн төслийг дэмжсэн саналыг өгч байсан бөгөөд хуулийн төслийг Засгийн газрын түвшинд боловсруулах болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах бэлтгэл хангах ажлын хэсэгт аль алинд нь нийслэлийн болон Улсын дээд шүүхийн төлөөлөл орж ажилласан болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах болон мэтгэлцэх зарчимд үндэслэдэг явдал юм.

Дээрх зарчмуудын агуулга нь зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх асуудлаа бие даан чөлөөтэй хэрэгжүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх эсэхээ өөрийн хүсэл сонирхол, санаачилгаараа шийдэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, татгалзлыг үгүйсгэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй байдагт оршино. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй." хэмээн дээрх зарчмыг хуульчилсан байна.

2. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг ба зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг шүүх албадан гаргуулж болохоор хуульд заасан.

Харин хэргийн үйл баримтыг иргэний хэргийн шүүх өөрийн санаачилгаар тогтоохгүй бөгөөд талуудын зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хөндлөнгийн байр сууринаас шинжлэн судалж маргааныг шийдвэрлэдэг.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид нотлох баримт гаргах, цуглуулах, тайлбараа өгөх зэргээр тэгш эрхтэй оролцдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгчийн заавал явуулах ажиллагаанд хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан нь шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заалт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим болон зохигчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байгаагаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад "хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.", 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт "... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэснийг зөрчсөн байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... хөрөнгө чинээ, …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;", мөн зүйлийн 13 дахь заалтад "... Иргэний хувийн ... нууц ...-ыг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 17 дахь заалтад "... төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;", Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;", Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...", Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана." гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад "хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.", 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт "... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.СУГАР

ГИШҮҮД Н.ЧИНБАТ

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2018 оны 02 дугаар сарын  02-ны өдөр                                                                                                                        Дугаар 02                                                                                                                                      Улаанбаатар хот                                                                                        

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

           хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт,

              118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт

          Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

          маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

                     Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

  танхим 12.25 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Д.Цолмон нар оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ:
 
“... Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэж үзэн ирүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн саналыг Монгол Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж дүгнэн, энэ талаар Үндсэн хуулийн цэцэд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт мэдүүлэх тухай 02 дугаар тогтоолыг гаргасан.

Нэгдүгээрт. Монгол Улсын Их Хурал 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №24/981/ дугаарт албан ёсоор нийтлэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд “67.1.5. хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.” гэсэн заалт нэмэлтээр оруулж, уг ажиллагаа хийх үүргийг шүүгчид хүлээлгэсэн байна..

Дээрх 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь:

А/. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрх зүй нь нийгмийн харилцааг зохицуулагчийн хувьд өргөн ойлголт боловч тэрээр зохицуулах зүйл буюу харилцаа, зохицуулалтын арга, зохицуулалтын зарчим зэрэг шалгуур, үндсэн шинжээр ялгагдаж, бие даасан салбар эрх зүйд хуваагддаг. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй гэх зэргээр салбар эрх зүй нь өөр өөрийн онцлогийг тусгасан хэм хэмжээнээс бүрдэж байдаг нь ойлгомжтой.

Эрх зүйн харилцаанд оролцогч нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй бөгөөд шүүх нь нэн тэргүүнд “... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” буюу Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, түүний суурь зарчмыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Мэдээж, “... хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байх ойлголт нь өргөн утга, агуулгыг илэрхийлдэг, хүний эрхийн суурь зарчим бөгөөд энэ нь хуулийн өмнө, шүүхийн өмнө гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

Хууль тогтоогч нь эрх зүйн хэм хэмжээг тогтоохдоо салбар эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчмаас хамааран тухайн харилцаанд оролцогчдын “эрхийн тэнцвэртэй байдлыг хангах” нь Үндсэн хуулийн “эрх тэгш” байх байдлыг хууль тогтоох аргаар тэнцвэржүүлэх үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн давуу тал, эсхүл хязгаарлалт тогтоохгүй байх нь шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг ойлголтыг тайлбарлах үндсэн шалгуур мөн төдийгүй энэ нь салбар эрх зүй буюу материаллаг эрх зүйн хэм хэмжээ, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчим, түүний онцлог, үндсэн шинжээс хамааралтайгаар тухайн харилцаа нь үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн факт, талуудын хүсэл зоригоос хамаарах, эсхүл хамаарахгүйгээр эрх зүйн харилцаанд оролцогчдод хууль зүйн эрх, үүрэг, хариуцлага үүсч байдаг нь тодорхой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хуулийн 1 дүгээр зүйлд тодорхойлохдоо иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. ...

Иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох аливаа иргэн, төр, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор шүүхэд хандах эрхийн баталгаа, үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан байдаг.

Иргэний эрх зүй нь өөрийн гэсэн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчим, бие даасан хуультай салбар эрх зүй болохынхоо хувьд энэхүү материаллаг эрх зүйгээр хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах нь процессын эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болдог нь ойлгомжтой.

Материаллаг эрх зүйн харилцаанаас үүсдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим бол зохигчдын буюу “талуудын зарчим” байдаг бөгөөд шүүх энэхүү зарчмыг хангахын тулд “хөндлөнгийн байх” зарчмыг хэрэгжүүлэх нь салбар эрх зүйн онцлогтой илүүтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс дуусгавар болох бүх процесст оролцогчдын “хүсэл зоригийн” шинжийг зайлшгүй харгалзах нь материаллаг эрх зүй буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмын үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болдог үндсэн шинжээс хамааран зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “тэгш” байх явдал нь иргэний процессын эрх зүйн онцлог шинж юм.

Иймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэм хэмжээг хуулиар тогтоохгүй байгаа нь Үндсэн хуулийн “... эрх тэгш” байх эрхийг хангаж байгаа явдал.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр орсон 67.1.5 дахь заалт нь шүүгчийг “нэхэмжлэгчийн талд” үйлчлэх хуулийн тэгш бус байдлыг үүсгэж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг маргаанаа шийдвэрлүүлж буй талуудын “хүсэл зоригийг үл харгалзах” байдлаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулахыг шүүгчид үүрэг болгосныг Үндсэн хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүргийг хүлээдэг хэдий ч зохигч “шүүхэд хүсэлт гаргах” замаар баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох тусгайлсан зохицуулалтыг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3., 69 дүгээр зүйл, 70 дугаар зүйлээр хэдийнээ зохицуулсан байдаг.

Тэгвэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хүсэл зоригоос хамааралгүйгээр шүүхээс “мөрдөн шалгах” зарчмыг хэрэгжүүлж байгаа нь энэ салбар эрх зүйн онцлогтой холбоотой “тэгш байдлыг” хангах зохицуулалт юм. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч салбар эрх зүйн онцлогтой холбоотойгоор сэжигтний гэм бурууг нотлох үүргийг төр хүлээдэг, эрүүгийн процессын зорилтыг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг тусгайлан зохицуулдаг нь мөн л Үндсэн хуулийн зарчмыг салбар эрх зүй бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байгаа явдал юм.

Б/. Процессын хуульд орсон дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хөрөнгө чинээ, ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн энэ зохицуулалт нь нэн тэргүүнд ялгаварлалгүй, алагчлахгүй байхыг шаарддаг буюу энэ нь Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... эрх тэгш байх” зарчимтай шууд хамааралтай байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан этгээдийг “хариуцагч” гэж үздэг бөгөөд хариуцагчаар оролцох иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, олон улсын байгууллага аль нь ч байсан “хэдий хэмжээний хөрөнгө, орлоготой, эсхүл хөрөнгө орлогогүй” байхаас үл хамааран шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл “хариуцагч” гэж үзэж буй этгээдийнхээ хөрөнгө, орлогын мэдээллийг шүүхээр гаргуулах давуу байдлыг нэхэмжлэгчид хуулиар олгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэхийг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн “... хөрөнгө чинээ, ... гээр нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж заасантай нийцэхээргүй байна.

В/. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж заасан байдаг. Гэтэл хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчийн аль нэг талд буюу нэхэмжлэгчийн талд үйлчлэх зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр оруулсан нь “шүүгчийн хараат бус, хөндлөнгийн байх” Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй юм. Нэхэмжлэгчээс хариуцагчаа гэж сонгосон этгээдийн хөрөнгийн талаарх лавлагаа, тодорхойлолтыг эрх бүхий байгууллагаас гаргуулах ажиллагааг шүүх зохигчдын хүсэлтээр бус харин өөрийн санаачилгаар хийх үүргийг хуульчилж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр гаргуулсан дээрх баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцээний зүйл буюу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх сөрөг нөхцөл үүсч болохоор байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагчаа буруу сонгосон, хариуцагчаар татагдсан иргэн, хуулийн этгээд тухайн маргааны хариуцагч биш болох тогтоогдвол “төлбөр төлөх ёстой этгээд” гэдгийг шүүх урьдчилан тогтоож байгаатай адил үр дагаврыг бий болгож байна.

Г/. Шүүхээс үйлчилгээ авч буй талуудын эрхийг хуулиар тэнцвэржүүлэлгүйгээр, талуудын эрх тэгш байдлыг хангалгүйгээр, зөвхөн “хариуцагч”-аар татагдсан этгээдийн хуулиар хамгаалагдсан хувийн нууц, мэдээлэлд халдахыг дээрх хуулийн нэмэлтээр шүүхэд үүрэг болгож буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “... Иргэний хувийн ... нууц ...-ыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд ... хамгаалах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улс нууцын асуудлыг хуулиар тогтоосон бөгөөд “хөрөнгө” энэхүү нууцын төрөлд хамаарсан байна.

Д/. Монгол Улс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай конвенци”- д 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Конвенцид нэгдэн орох тухай хууль”-иар нэгдэн орсон ба тус Конвенцийн Арван долдугаар зүйлд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хоёрдугаарт. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн агуулгад тавигдах, нөхцөл шаардлагыг хуулиар тогтоож өгсөн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн  “...Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана. ...” гэснийг “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно.” гэж өөрчилснийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.  ...

Шүүх нь Үндсэн хуулиар тогтоосон зарчим болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчимд захирагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Үндсэн хуульд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх; шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах; хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх” гэсэн зарчмуудыг Үндсэн хуулийн зарчим гэх бөгөөд харин диспозитив буюу талуудын зарчим, мэтгэлцэх буюу шүүх хөндлөнгийн байх, шүүх хуралдааныг нээлттэй, тасралтгүй явуулах, монгол хэл дээр явуулах, эх хэлээрээ мэдүүлэг тайлбар өгөх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх гэсэн зарчмуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим гэж үздэг.

Дээрх зарчмууд нь “... хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх” Үндсэн хуулийн эрхэм зорилгод хүрэхийн тулд шүүхээс шударга ёсыг тогтооход үндсэн үзэл баримтлал нь болдог. Тиймээс шүүхийн шударга байдал нь процессын шударга байдлаар тодорхойлогддог учиртай.

Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж зааснаар шүүх нь талуудын мэтгэлцээний хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, маргааны нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хууль хэрэглэж шийдвэрлэдэг бүрэн эрхтэй цорын ганц байгууллага. Харин шүүх нь гаргасан шийдвэрээ “биелүүлнэ” гэсэн ойлголт байх боломжгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай чиг үүрэг бүхий байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулдаг, энэ харилцаа нь бие даасан хууль тогтоомжоор зохицуулагддаг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэдэг онцлогтой. ...

Шүүх хууль хэрэглэж шийдвэр гаргадаг бол шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан хүсэлтийн үндсэн дээр шүүхээс гаргасан гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх эрх нь үүсдэг байгууллага юм. Тодруулбал, шүүхийн шийдвэр нь эрх зүйн эх сурвалж болох боломжтой тул гүйцэтгэх засаглалын чиг үүргийг хэрэгжүүлэх буюу хууль тогтоомжийн хэрэгжилтийн ажлыг зохион байгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шинжтэй ажил үүрэгт оролцох нь Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хуваарилах зарчимд харшлахаар байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлт нь 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалттай холбоотой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлтөөр шүүх “нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, хэргийн оролцогчийн хүсэлт гаргаагүй” асуудлыг шүүх санаачилгаараа шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хэрэг маргааныг ... шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр бүрийн Тогтоох хэсэгт “.... төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж өөрчлөлт оруулсныг алдаатай, буруу томъёолол гэж үзэж байна.

Дээрх өөрчлөлтөөр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх хуулиар олгосон боломж буюу төлбөр төлөгчийн эрхийг хязгаарлаж, харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шууд албадан явуулахыг шүүхийн шийдвэр бүрийн тогтоох хэсгээр шүүх шийдвэрлэх нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж тайлбарлахаар нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэгтэй болсон этгээд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх буюу өөрийн ямар хөрөнгийн, аль хэсгээс төлбөрөө барагдуулах тухай шийдвэр гаргах өмчлөгчийн эрхийг зөрчиж байна.

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгатай холбогдон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хууль гарсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар “Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ”-нд 17 төрлийн ажиллагааг хамруулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь дээрх ажиллагааг хуулиар тогтоосон арга, журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.5 дахь хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлттэй шууд холбоотой бөгөөд энэ нь Үндсэн хуулийн “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт болгох нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 67.1.5 дахь заалт нэмсүгэй. 67.1.5: “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авах”, мөн хуулийн 2 дугаар зүйл: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга журмыг заана” гэснийг “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга журмыг зааж, хүний орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж өөрчилсүгэй хэмээн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... 1.Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна.” гэж тус тус заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулиуд нь бүхэлдээ хохирогч бур хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлоо гэм буруутай, гэм хор учруулсан этгээдээр нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх тэгш эрх, боломжтой байж, уг эрхээ баталгаатай эдлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үр дүнтэй, түргэн шуурхай, бүрэн дүүрэн, хуулийн дагуу явагдах баталгааг бүрдүүлэхэд чиглэгдсэн.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд хандсан үеэс буюу тухайн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн шүүх нь төрөөс иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг биелүүлэх арга хэмжээг авч ажиллах ёстой.

Ингэхийн тулд шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаарх хуулийн зохицуулалтыг бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх, хариуцагч өөрийн хөрөнгө, орлогыг нуух, бусдад шилжүүлдэг байдлыг халах шаардлага бий болсон.

Дээр дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлээр шүүх эрх мэдлийн байгууллагад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон. Хуулийн дээрх зохицуулалтыг шүүхээс хэрэгжүүлэхийн тулд хариуцагч буюу төлбөр төлөгч нь хаана, ямар, хэр хэмжээний хөрөнгө, орлоготой болохыг лавлаж, тодруулан тогтоох шаардлагатай бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтаар шүүхэд энэ эрх буюу боломжийг хууль тогтоогч олгосон байна. Шүүх төлбөр төлөгчийн өмч хөрөнгийн байдлыг мэдэхгүйгээр дээр дурдсан хөрөнгө хамгаалах, шийдвэр баталгаажуулах арга хэмжээг авах боломж байхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.” гэж заасан нь шүүхэд аль нэг талын нэрийн өмнөөс нотлох баримт цуглуулах үүрэг хүлээлгээгүй буюу Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим”-д халдсан шинж, утга агуулаагүй.

2. Шүүхээс аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь түүний үр дүнд гарах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Учир нь шүүх, түүний шийдвэр нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоодог бөгөөд харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн тогтоосон зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор сэргээн эдлүүлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хангалттай арга хэмжээг авахгүй байгаагаас буюу гарсан шийдвэр нь биелэгдэх боломжтой эсэхэд хайхрамжгүй хандсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэхэд хүндрэл бий болох, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй, төлбөр төлөгч хөрөнгө, орлогоо нуун далдлах, бусдад шилжүүлэх, үрэгдүүлэх нөхцөлийг үүсгэж байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн тоо баримтаас харахад шүүхээс татан буугдсан хадгаламж, зээлийн хоршоодын 8301 хохирогчид нийт 72.4 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн ч 29.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 69.515 ширхэг хөрөнгийг төлбөрт тооцохоор шийдвэртээ заасан нь нийт хохирлын 40 хувьтай тэнцэх бөгөөд үлдсэн хувийг хэрхэн яаж төлүүлэх нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. ...

Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн хүсэлтдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд тус хуулийн 69 дүгээр зүйл болон 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтад зааснаар талууд шүүхэд хүсэлт гаргах замаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх зохицуулалтыг аль хэдийн бүрдүүлсэн гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан нь Улсын дээд шүүхийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтэд дурдсан “талуудын зарчим”, “шүүх хөндлөнгийн байх” зарчмыг мөн үгүйсгэх үндэслэл болж байна. Хэрвээ Улсын дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтыг Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байна гэж үзвэл мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэж ирснийг тодруулах шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтад “хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах.” гэж заасан нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтаас илүүтэйгээр шүүхэд нотлох баримт цуглуулах үүрэг хүлээлгэсэн байх магадлалтай бөгөөд хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт нь мөн зүйлийн 67.1.3 дахь заалттай харьцуулахад нотлох баримт цуглуулах үүргийг шүүхэд хүлээлгээгүй, зөвхөн лавлагаа, тодорхойлолт авах, ингэхдээ “шүүхээс мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлээгүй” хэн нэгэн этгээдэд үндэслэлгүйгээр давуу байдал бий болгох утга, санаа агуулаагүйгээрээ, түүнчлэн мөн хуулийн 69 дүгээр зүйлтэй харьцуулахад хариуцагчийн өмч хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан агуулгагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл Улсын дээд шүүх хуулийг ялгамжтайгаар ойлгож, Үндсэн хуульд нийцэж байгаа мэтээр тайлбарлан, нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг шүүхийн эрх ашигт нийцэхгүй буюу шүүхэд нэмэлт үүрэг бий болгосон, шүүхийн ачааллыг нэмсэн гэх шалтгаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хууль тогтоох байгууллагаас баталсан хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж болохгүй гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан иргэний өмч, хөрөнгөтэй холбоотой мэдээ, мэдээлэл нь холбогдох хуулиар нууцад хамаарах бөгөөд эдгээр мэдээллийг зөвхөн хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан буюу шүүх авах эрхтэй байдаг. Ийм ч учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг тал болох нэхэмжлэгч нь хариуцагчийн өмч хөрөнгийн талаар мэдээлэл байхгүй, олж авах боломжгүй тул уг мэдээллийг гаргуулах талаар шүүхэд хандахад шүүх хүсэлтийг хүлээж авдаггүй, үүнээс улбаалан өмч хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй учраас нэхэмжлэгчийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг “битүүмжлэх дансны дугаар, эсхүл эд хөрөнгийн талаарх мэдээллийг олж ирэх үүргийг нэхэмжлэгчид өгч” шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авдаггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн зохицуулалтын хүрээнд жилд 2000 гаруй шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэж байгаа нь шүүхээр шийдвэрлэж буй нийт хэрэг, маргааны тоотой харьцуулахад зөвхөн 5 хувьд энэ төрлийн арга хэмжээг шүүхээс авч байгаа нь харагдаж байна.

З. Хууль тогтоогч шүүх шийдвэртээ төлбөр төлөгчийн ямар хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхой заадаггүйгээс шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн бүх хөрөнгөд явуулж, төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд өөрийн үзэмжээр халддаг, түүнчлэн, иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан орон байрны халдашгүй байдалд шүүхийн шийдвэргүйгээр халдах буюу шаардлагагүй байхад орон байранд хүчээр нэвтэрч, иргэдийг айлгадаг байдлыг өөрчлөхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдээр дээрх эрхийг хамгаалах зохицуулалтуудыг нарийвчлан тодорхой хуульчилсан.

Ийнхүү шүүхээс төлбөр төлөгчийн хөрөнгийн талаарх лавлагааг үндэслэн төлбөр төлөгчийн төлбөрт гаргуулах хөрөнгийг тодорхой зааж өгснөөр нэг талаас хохирсон төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хурдан хангаж хохирлыг барагдуулах, нөгөө талаас төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдах, төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх явдлыг таслан зогсоох зэрэг төлбөр төлөгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бодитоор биелэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй, шуурхай биелэгдэх боломж бүрдсэн.

Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчийн төлбөрт гаргуулах хөрөнгө, орлогыг тодорхой заахын тулд төлбөр төлөгчийн нэр дээр ямар хөрөнгө, орлого хаана байгааг мэдэж байх шаардлага хууль ёсоор тавигдсан бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд шүүгчид холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах эрхийг нь хуулийн дагуу нээж өгсөн. Харин Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан хүний өмчлөх эрхэд халдсан, иргэний эрх зүйн суурь зарчмыг алдагдуулсан зүйл байхгүй бөгөөд хууль хоорондын уялдаа холбоог хангасан зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн болно.

    Түүнчлэн, Засгийн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шатанд Улсын дээд шүүхээс холбогдох санал авахаар хуулийн төслийг илгээж, шүүхээс “тусгайлан өгөх саналгүй” буюу хуулийн төслийг дэмжсэн саналыг өгч байсан бөгөөд хуулийн төслийг Засгийн газрын түвшинд боловсруулах болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах бэлтгэл хангах ажлын хэсэгт аль алинд нь нийслэлийн болон Улсын дээд шүүхийн төлөөлөл орж ажилласан болохыг дурдах нь зүйтэй.

  Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах болон мэтгэлцэх зарчимд үндэслэдэг явдал юм.

Дээрх зарчмуудын агуулга нь зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх асуудлаа бие даан чөлөөтэй хэрэгжүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх эсэхээ өөрийн хүсэл сонирхол, санаачилгаараа шийдэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, татгалзлыг үгүйсгэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй байдагт оршино. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” хэмээн дээрх зарчмыг хуульчилсан байна.

2. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг ба зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг шүүх албадан гаргуулж болохоор хуульд заасан.

Харин хэргийн үйл баримтыг иргэний хэргийн шүүх өөрийн санаачилгаар тогтоохгүй бөгөөд талуудын зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хөндлөнгийн байр сууринаас шинжлэн судалж маргааныг шийдвэрлэдэг.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид нотлох баримт гаргах, цуглуулах, тайлбараа өгөх зэргээр тэгш эрхтэй оролцдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгчийн заавал явуулах ажиллагаанд хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан нь шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заалт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим болон зохигчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байгаагаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... хөрөнгө чинээ, …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, мөн зүйлийн 13 дахь заалтад “... Иргэний хувийн ... нууц ...-ыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 17 дахь заалтад “... төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.