A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 11

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хуулийн зарим заалт Үндсэн хуулийн

холбогдох хэсгийг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, гишүүн Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ш.Алтангадас, Ө.Эрдэнэ-Очир, Т.Мөнх-Эрдэнэ, Д.Гантөмөр нар оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч, иргэн Ө.Эрдэнэ-Очир, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Алтангадас нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ..." гэж заасны дагуу хууль бусаар хохирсон гэдэг нь шүүхээр тогтоогдсон бол хохирол учруулсан этгээдээс нөхөн төлүүлж зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо нөхөн сэргээлгэх эрхийг баталгаатай эдлэхээр заажээ. Иргэний "шүүхэд гомдол гаргаж хохирлоо нөхөн төлүүлэх" эрх нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах гол баталгаа болж байдаг билээ.

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "18.1.1. энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил; 18.1.2. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2.3-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.3. энэ хуулийн 6.2.4, 6.2.5-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.4. энэ хуулийн 6.2.6-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил." гэж заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэж заасныг зөрчиж "шүүхийн шийдвэр заавал биелэх" шинж чанарыг үгүйсгэж тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх хууль зүйн нөхцөлийг үүсгэжээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болох нөхцөл боломжийг хуулиар бий болгох нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалалтгүй болгож төр Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа тул уг асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн агуулгатай мэдээлэл гаргажээ.

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Орхон нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар тусгажээ. Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэж заасныг зөрчсөн байна.

Аливаа этгээдийг "хууль бусаар бусдад хохирол учруулсан" хэмээн шүүх тогтоосон тохиолдолд бусдад хохирол учруулсан этгээд хохирлыг сайн дураараа нөхөн төлөх үүрэгтэй ба ийнхүү сайн дураар нөхөн төлөөгүй тохиолдолд гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, эрх нь зөрчигдсөн этгээдийн хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг албадан гүйцэтгэдэг журамтай.

Өөрөөр хэлбэл, нэг талаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээх баталгаа, нөгөө талаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага албадлага хэрэглэх үйл явц бөгөөд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь иргэний үндсэн эрх болж, ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсанд оршиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь иргэний үндсэн эрхийг хангах зорилготой байтал тодорхой хугацаа өнгөрсний дараа эл шийдвэрийг биелүүлэхгүй байхаар хуульчилсан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хийгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн зорилгод нийцэхгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурдсан маргаан бүхий зүйл, заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчсөн гэж үзэж байна." гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргажээ.

Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Гантөмөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Иргэний хуулийн эрх зүйн зохицуулалтын дагуу эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэл, гомдлыг шүүхэд гарган шийдвэрлүүлдэг. Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь түүний үр дүнд гарах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай салшгүй холбоотой байдаг.

Энэ утгаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад "хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь саад учруулсан этгээдэд хууль ёсны хариуцлага хүлээлгэнэ", "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ", "Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасны үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ" гэж хуульчилжээ. Дээрхээс үзэхэд, шүүхийн шийдвэр нь хуулийн адил заавал биелэгдэх ёстой.

Нөгөө талаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь төрийн албадлагаар хэрэгждэг бөгөөд заавал биелэгддэг байх ёстой. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлд тодорхой хугацаа өнгөрсөн бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй гэх зохицуулалтыг оруулсан нь Шүүхийн эрхэм зорилго болох "хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх"-ийг үгүйсгээд зогсохгүй нийгмийн дэг журмыг зөрчиж байна.

Шүүхийн шийдвэрийн хариуцагч буюу төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв биелүүлэхгүй бол хуульд заасны дагуу албадан гүйцэтгүүлэх үр дагавар үүснэ. Ийнхүү хуулиар хариуцагч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг олгож байгаа нь өөрийн санхүүгийн эх үүсвэрийн байдалтай уялдуулан хуваарь гарган төлбөрийг төлөх, өөрийн ямар хөрөнгийн аль хэсгээс төлбөрийг барагдуулах тухай шийдвэрийг гаргах боломжийг олгож байгаа бөгөөд энэ нь хариуцагч, төлбөр төлөгчийн өөрийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг баталгаажуулах боломжийг олгож байдаг. Нөгөө талаас, нь авч үзвэл, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хооронд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг хэрхэн төлөх, авах талаар харилцан тохиролцох боломжийг олгохын зэрэгцээ хэрэв уг тохиролцоо зөрчигдвөл төлбөр авагчид түүний хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх боломж хэзээд хадгалагдаж байх агуулгыг илэрхийлдэг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрвөл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхгүй тухай заалт нь Үндсэн хуулиар олгогдсон бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг шууд зөрчиж байна.

Нийгэмд шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим алдагдах жишиг тогтоно. Тодруулбал, нэг талд төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгүүлэхгүй байх боломжит хугацааг хүлээх, цаг хожихын тулд төрөл бүрийн худал нөхцөл байдлыг зориудаар бий болгох ингэснээр хууль, шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх, уг дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөгөө талд нь хууль, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийг авах эрх бүхий этгээд нь хуулийн мухардалд орно.

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үүднээс авч үзвэл, хүмүүс бие биенээ харилцан ойлголцож, өөр өөрийн ухамсар ойлголтын түвшнээс хамааран нийгмийн болон бусдын харилцааг ойлгож, тэдгээрт боломж ухаарал, итгэл олгох бөгөөд /зарим тохиолдолд төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь ойр дотнын ах дүү, хамаатан садан байх тохиолдол бий/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг шууд албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргахаас өөр сонголтыг олгохгүй байна.

Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулан Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж хуульчилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тодорхой хугацаа өнгөрсөн бол иргэний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн хүлээсэн үүргийг шууд үгүйсгэж байгаа ба уг хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч иргэн өөрийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээлгэх, өр төлбөрийг хэрхэн авах талаар мухардмал байдалд оруулж байна.

Тодруулбал, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүсэлтийг хүлээн авахгүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх боломжгүй болсон иргэн өөрөө төлбөр төлөгчийн хойноос хөөцөлдөж төлбөрөө авахаас өөр сонголт үйлдэхгүй байна. Төлбөр төлөгч эд хөрөнгөө нуусан, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд иргэн түүнийг мэдэх, илрүүлэх боломжгүй бөгөөд энэ ажиллагааг зөвхөн эрх бүхий байгууллага тусгай журмын дагуу гүйцэтгэх эрхтэй ба үүнийг гүйцэтгэх ажиллагаа хэмээн нэрлэдэг. Иймд төлбөр төлөгчийн хойноос өөрөө хөөцөлдөж төлбөрөө гаргуулан авах гэдэг нь боломжгүй зүйл юм.

Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлсэн байна.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж болохгүй хугацааг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн төрөл, агуулгаас хамааран харилцан адилгүй тогтоосон. Хууль тогтоогч хууль заасан дээрх хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар хуульчлаагүй, өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн ч хуульд /18.2-18.7, 124.2-124.4/ заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хугацааг сэргээх, шинээр тоолох тухай зохицуулалтыг тодорхой тусгасан нь төлбөр авагчид шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх хангалттай боломж, нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн буруугаас буюу төлбөр төлөгч оргон зайлсан, эсхүл эд хөрөнгөө нуун далдалсан үйлдлийн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа дууссан тохиолдолд уг хууль бус үйлдэл үргэлжилсэн хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хүсэлт гаргах хугацаанд оруулахгүй талаарх заалт хуульд тусгагдсан байгаа нь төлбөр төлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас төлбөр авагчийн эрх ашиг дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн механизм юм. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мөн дээрхтэй адил зохицуулалтыг нэгэн адил хуульчилж өгсөн.

Шүүхээс иргэний зөрчигдсөн эрх ашиг, сонирхлыг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах талаарх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа хуульд зааснаас бусад тохиолдолд гагцхүү төлбөр авагчийн хүсэл, сонирхлыг үндэслэж буюу уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг төлбөр авагч шүүхэд гаргаж байж гүйцэтгэх хуудсыг шүүхээс олгосноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах нөхцөл бүрддэг.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн маргааны талууд өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үүргийг хүлээж, нотлох баримт цуглуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэхээ өөрөө бие даан хэрэгжүүлдгийн нэгэн адил дээр дурдсанчлан гарсан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргах эсэх нь мөн өөрсдийнх нь эрхийн асуудал тул уг эрхээ хэрэгжүүлэх хугацааг ямар нэгэн хязгааргүйгээр олгох нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж хугацаагүй төлбөр төлөгч байхад хүргэх бөгөөд 10 жил, 20 жилийн өмнө ч гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн албадлагын арга хэмжээ явуулж, төлбөр төлөгчийн эрхэд халдах эрсдэлийг бий болгох сөрөг үр дагавартай юм.

Ийнхүү хугацааг зааж зохицуулж өгснөөр төлбөр төлөгч хуульд заасан хугацааны дотор буюу шийдвэр гарсан даруйд түүнийг биелүүлэх хүсэлт гаргаснаар шийдвэрийн биелэгдэх боломж нэмэгдэх, түүнчлэн хэдэн ч жилийн өмнө гарсан шийдвэрийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргах, ажиллагаа явуулах, эрх зүйн ач холбогдлоо алдсан, хугацаа алдсаны улмаас эд хөрөнгө байхгүй болсон буюу биелэгдэх боломжгүй шийдвэрийг биелүүлэхээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарахгүй байх нөхцөл боломж бүрдсэн. Нөгөө талаас, хугацаа заахгүй байх нь төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож ямар нэгэн цаг хугацааны хязгааргүйгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа үүсгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн шүүхийн журмаар хөндөгдсөн эрхээ сэргээн эдлэх нэхэмжлэл гаргах эрхийг баталгаажуулсантай зэрэгцэн иргэн өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг зөрчихгүй байх зарчмыг ч мөн адил тодорхойлсон байдаг. Үүнтэй уялдуулан хууль тогтоогч шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэн бүрд төлбөр авагч, төлбөр төлөгч эсэхээс үл хамааран адил тэгш эрх, эрхээ хамгаалах механизмыг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Дээр дурдсаныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...", Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж тус тус заасныг зөрчөөгүй." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн агуулга ёсоор хуулийн хүчин төгөлдөр болсон аливаа шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим үйлчлэх бөгөөд холбогдох этгээд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол эрх бүхий байгууллага албадан биелүүлэх боломж, баталгааг хуулиар бүрдүүлсэн байх учиртай. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг батлан гаргажээ.

2. Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг албадан биелүүлэх буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл нь төлбөр авагч, нэхэмжлэгч этгээдийн хүсэлтийн дагуу шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас байдаг. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч, нэхэмжлэгч этгээдийн хүсэлтийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулдаг болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй буюу түүнийг албадан гүйцэтгэхгүй байх үр дагавар бүхий зохицуулалтыг хуульчилсан байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд төлбөр авагч болон нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байхаас гадна уг хугацааг хэтрүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж болох тодорхой тохиолдлуудыг мөн тусгажээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-18.7 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.2-124.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болон уг хугацаанд төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан зэрэг хэд хэдэн тохиолдолд тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолохоор тусгасны зэрэгцээ тоолохгүй байх үндэслэлийг мөн хуульчилсан байна.

Иймд иргэний болон захиргааны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах иргэний эрх, хугацаа, тухайн хугацааг сэргээлгэх үндэслэл зэргийг тус хуулийн холбогдох зохицуулалтаар тогтоосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааны талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох буюу тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолох, тоолохгүй байх үндэслэлийг дэлгэрүүлэн тогтоох шаардлага байхыг үгүйсгэхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй: 18.1.1.энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил; 18.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2.3-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.3.энэ хуулийн 6.2.4, 6.2.5-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.4.энэ хуулийн 6.2.6-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил."; 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй: 124.1.1. энэ хуулийн 6.3.1, 6.3.3, 6.3.4-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 124.1.2.энэ хуулийн 6.3.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан." гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...", Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР

Ц.НАНЗАДДОРЖ