A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 62

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр дараах асуудалд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх талаар:

а/"Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц", "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол"-ын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж танилцуулах;

б/хүний эрх, шударга ёсыг хангах хууль хяналтын байгууллагын алба хаагчид хууль тогтоомжоор олгосон эрхээ хэтрүүлж, иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хараат бусаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах бие даасан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж танилцуулах;

в/эрүү шүүлтээс ангид байх эрх, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх сургалтыг шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын давтан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгаж, сургалтыг тогтмолжуулах, хүний эрхийн чиглэлээр сургалтад тогтмол хамруулах;

г/хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор сэтгэл санаа, бие махбодод нь дарамт учруулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа байдлыг таслан зогсоож, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчил гаргасан алба хаагчид хуулийн хариуцлага хүлээлгэх;

д/хууль хяналтын байгууллагаас хууль зөрчин гэмт хэрэг тулган хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял эдэлж байгаа иргэдийн эрхийг хангах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээг авах;

е/цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хууль, журмын дагуу хэрэгжүүлж байгаад хяналт, шалгалт хийх.

2/Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар:

а/хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх;

б/аливаа хэлбэрийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд үзүүлэх нийгэм, сэтгэлзүйн нөхөн сэргээх шинэ төрлийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох;

в/хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчийн нийгэм, сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээнд гарч байгаа зардлыг төр бүрэн хариуцдаг байх, хохирогчийг дэмжих сан байгуулахад анхаарах;

г/хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдээллийн талаарх сургалтыг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан явуулах;

д/сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, цахим орчны нөлөө, хүчирхийллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

е/үндэстний болон хэлний цөөнх хүүхдийн төрийн албан ёсны хэлээр сурч боловсрох эрхийг хангах, сүм, хийдэд шавилан сууж байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, унаач хүүхэд, мал маллаж байгаа хүүхдийн сурч боловсрох эрхийг хангасан бодлого, үйл ажиллагаа, зарцуулагдах төсөв хөрөнгийг нэн тэргүүнд шийдвэрлэх;

ж/эцэг, эхийн хараа хяналтаас гадуурх хүүхэд, түүнчлэн сургуульд сурах зорилгоор эцэг, эхээсээ тусдаа амьдарч байгаа болон сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгож, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах талаар холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулах;

з/хүүхдийн бэлгийн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуулийн түвшинд үр дүнтэй зохион байгуулах арга замыг тодорхойлж, хүүхдийн нууцыг чанд хадгалдаг, итгэлийг нь хүлээдэг тогтолцоог сургуульд бүрдүүлэх;

и/эмнэлгийн стандарт, шаардлага хангаагүй нөхцөлд нууцаар үр хөндөх, хяналтгүйгээр үр зулбуулах эм зардаг байдлыг илрүүлж, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх тодорхой арга хэмжээг авах;

к/гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсонтой холбоотой хүүхэд сэтгэлзүйн гүн хямралд орж, улмаар амиа хорлох байдалд хүрч байгааг онцгойлон анхаарч гэмт хэрэг, зөрчлийн хохирогчийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлдэггүй байх арга хэмжээг авах;

л/олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын тогтолцоог урлаг, соёл, спортын байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бий болгож, хяналтыг сайжруулан хүүхдийн эрх зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх;

м/Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хууль тогтоомжийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр сурталчлах, хүүхдийн эрх, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалтай холбоотой өөрчлөлтийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

3/Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар:

а/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дэд бүтцийн чиглэлээр баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, зохих арга хэмжээг авах;

б/ашигт малтмал хайх, ашиглах явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх стандартын дагуу хүний аюулгүй байдал болон хүрээлэн байгаа орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийг багасгаж, уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг олон улсын жишигт нийцүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

в/Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дэд бүтцийн чиглэлээр баталсан хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх;

г/цэвэр усны түгээлт, хэрэглээнд хэмнэлтийн горимыг баримтлах, үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг зохицуулсан бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх;

д/хот төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээг авах;

е/газар чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

ж/Монгол Улсын үндэсний болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хилийн боомтуудад орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори байгуулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх, шаардлага хангаагүй хүнс, хүнсний түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох.

4/Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар:

а/эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санг бий болгох, мэдээлэл тогтмол цуглуулах тогтолцоог ажиллуулах, судалгаа, мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах;

б/эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны сургалтын хөтөлбөрийн багцад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай сургалтыг оруулж, үе шаттайгаар зохион байгуулах;

в/аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн үржихүйн зөвлөгөө, мэдээллийг бүх хүнд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, нөхөн үржихүйн кабинет, төрөх тасгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцүүлэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах;

г/эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, конвенцид заасан зохицуулалттай нийцүүлэх.

5/Хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжих талаар:

а/боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр болон "Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр"-ийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг байх;

б/хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилгыг бүх шатны боловсролын хичээлийн хөтөлбөрт тусгах;

в/дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, шаардлагад хүний эрхийн боловсролын асуудлыг тусгах, хэрэгжилтэд хяналт тавих;

г/хууль, эрх зүйн сургалттай их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт "Хүний эрх" хичээлийг заавал судлан үзэхээр тусгаж, багш бэлтгэж, мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулахыг дэмжих.

6/Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлаар:

а/Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн мэдээллийн нэгдсэн сантай болох;

б/хүний эрхийн олон улсын гэрээний албан ёсны орчуулгын чанарыг сайжруулах, үндэсний хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын гэрээний нэр томьёог нэг мөр болгох.

7/Бусад асуудлаар

а/хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах, хянан шалгах, холбогдох дүгнэлт гаргах, хариуцлага тооцох зэрэг асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын эрх хэмжээг нэмэгдүүлэх, ажиллах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн найруулж, өргөн мэдүүлэх;

б/Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж Жендэрийн үндэсний хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, хариуцлагыг сайжруулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан тодорхойлж, холбогдох зардал, төсвийн асуудлыг шийдвэрлэх;

в/онцгой байдлын алба хаагчийн ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, хэрэгслээр хангахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон бол нэг удаагийн тусламж олгохоос гадна амь насны даатгалыг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ нөхөн сэргээхэд нь шаардлагатай эмчилгээ, оношилгооны зардлыг төрөөс бүрэн хариуцдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх;

г/уул уурхайн салбарт ажиллагсдыг осол гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

д/гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг бий болгож, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

е/ажиллах нөхцөл, боломжоор барьцаалан дарамтлах, байгууллага, ажил олгогч ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хэм хэмжээг дотоод журамдаа тусгах, хэрэгжүүлээгүй, эсхүл журмаа зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох зохицуулалтыг Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд тусгах асуудлыг судлах.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, биелэлтийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР