A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 441

Улаанбаатар хот

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭ, ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагааг дагнан эрхлэхээс бусад банк бус санхүүгийн үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөг, бусад аймаг, сумдад 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Гадаад валютын арилжааны үйл ажиллагааг дагнан шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг, аймаг сумдад 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг байхаар тус тус тогтоосугай.

3.Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

4.Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд банк бус санхүүгийн итгэлцэл, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нэмж олгохдоо энэхүү тогтоолын 1-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 136 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

5.Улаанбаатар хотод хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 1,400,000,000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумаас бусад аймаг, сумдад 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгт хүргээгүй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргэхийг банк бус санхүүгийн байгууллагуудын хувьцаа эзэмшигч нарт үүрэг болгосугай.

6.Энэ тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН