A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2020 оны ... дугаар сарын ...-ны өдрийн

... дугаар зарлигийн хавсралт

ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлэх, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулах ажиллагаа /цаашид "сонгон шалгаруулалт" гэх/-г энэ журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журам нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

1.3. Сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/-ны шалгалтын үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/-ийн болон Монголын хуульчдын холбоо /цаашид "Хуульчдын холбоо" гэх/-ны дүгнэлт, Ерөнхий зөвлөлийн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх саналаас бүрдэнэ.

1.4. Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлагдах бүрд зохион байгуулна.

1.5. Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл батална. Шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Мэргэшлийн хороо хариуцна.

1.6. Мэргэшлийн хорооны ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/ нь шүүгчийн сонгон шалгаруулалтад техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

1.7. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.

Хоёр.Шүүгчийн сонгон шалгаруулалтын төрөл, үнэлгээ

2.1. Сонгон шалгаруулалт нь дараах төрөлтэй байна.

2.1.1. анхан шатны шүүхийн шүүгчийн;

2.1.2. давж заалдах шатны шүүхийн шүүгчийн;

2.1.3. хяналтын шатны шүүхийн шүүгчийн;

2.1.4. анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн.

2.2. Мэргэшлийн хороо энэ журмын 2.1-т заасан сонгон шалгаруулалтын хүрээнд суурь болон тусгай шалгалтыг зохион байгуулж, шалгалт тус бүрийг 100 хүртэл оноогоор үнэлнэ. Нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-4.1.9 дэх заалтад заасан шаардлагыг хэрхэн хангасныг шалгаж, үнэлгээ гаргана. Нэр дэвшигчийн Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, монгол хэлний бичгийн болон ярианы чадвар, хэрэглээний программ ашиглах чадвар, эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар, хуульчийн ёс зүйн мэдлэгийг суурь шалгалтаар, салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар, салбар эрх зүйн мэдлэг /сорил/, ёс зүй, зан төлөв /намтар судлах/, мэргэшсэн байдлыг тусгай шалгалтаар үнэлнэ.

2.3. Суурь шалгалтыг энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигчээс авна. Шүүгчээр ажиллаж байгаа нэр дэвшигчээс суурь шалгалт авахгүй.

2.4. Энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигч суурь шалгалтад авбал зохих 100 онооны 60 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Нэр дэвшигчийн суурь болон тусгай шалгалтын оноо тус бүр 60 ба түүнээс дээш байвал Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн гэж үзнэ.

2.5. Энэ журмын 2.1.2, 2.1.4-т заасан сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигчээс тусгай шалгалт авна. Нэр дэвшигчийн шалгалтын оноо 60 ба түүнээс дээш байвал Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн гэж үзнэ

2.6. Шүүгч өөр дагнасан шүүхийн шүүгчид нэр дэвших тохиолдолд энэ журмын дагуу тусгай шалгалт өгнө.

2.7. Шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн нэр дэвшигч адил шатны болон өөр дагнасан шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох тохиолдолд Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан хугацаанд суурь шалгалтын оноог нөөцийн онооноос тооцуулж болох бөгөөд дагнасан салбар эрх зүйн чиглэлээр тусгай шалгалт өгнө.

2.8. Сум дундын шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн нэр дэвшигч нь Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшихдээ тухайн салбар эрх зүйн чиглэлээр өгсөн шалгалтын үнэлгээг тооцуулж болно.

2.9. Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээг нэн даруй гаргаж, Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулна.

2.10. Мэргэшлийн хорооны үнэлгээ Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ нь нэр дэвшигч сонгон шалгаруулалтад дахин оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Гурав. Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт

3.1. Суурь шалгалт:

3.1.1. Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноо;

3.1.2. монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 20 хүртэл оноо;

3.1.3. хэрэглээний программ ашиглах чадвар 10 оноо;

3.1.4.эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар 20 хүртэл оноо;

3.1.5. хуульчийн ёс зүйн мэдлэг /сорил/ 30 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.

3.2. Тусгай шалгалт:

3.2.1. салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо;

3.2.2. салбар эрх зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноо;

3.2.3. ёс зүй, зан төлөв /намтар судлах/ 30 хүртэл оноо;

3.2.4. мэргэшсэн байдал /нэр дэвшиж буй дагнасан шүүхийн салбар эрх зүйн чиглэлээр хамгаалсан боловсролын зэрэг, эрдмийн бүтээл зэргийг харгалзах/ 10 оноогоор тус тус үнэлнэ.

Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт

4.1. Тусгай шалгалт:

4.1.1. хууль хэрэглэх мэдлэг, ур чадварыг 40 хүртэл оноо;

4.1.2. шүүн таслах ажлын туршлага 30 хүртэл оноо;

4.1.3. магадлал бичих ур чадвар 30 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.

Тав. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалт

5.1. Суурь шалгалт:

5.1.1. Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноо;

5.1.2. эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах чадвар 20 хүртэл оноо;

5.1.3. монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 10 хүртэл оноо;

5.1.4. хэрэглээний программ ашиглах чадвар 10 хүртэл оноо;

5.1.5. шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх ур чадвар 20 хүртэл оноо;

5.1.6. хуульчийн ёс зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.

5.2.Тусгай шалгалт:

5.2.1. салбар эрх зүйн мэдлэг /сорил/ 15 хүртэл оноо;

5.2.2. салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 25 хүртэл оноо;

5.2.3. хууль тайлбарлах ур чадвар 20 хүртэл оноо;

5.2.4. ёс зүй, зан төлөв /намтар судлах/ 30 хүртэл оноо;

5.2.5. мэргэшсэн байдал /нэр дэвшиж буй дагнасан шүүхийн салбар эрх зүйн чиглэлээр хамгаалсан боловсролын зэрэг, эрдмийн бүтээл зэргийг харгалзах/ 10 оноогоор тус тус үнэлнэ.

Зургаа. Ерөнхий шүүгчийн шалгалт

6.1. Тусгай шалгалт:

6.1.1. манлайлал /ёс зүй, зан төлөв/ 30 хүртэл оноо;

6.1.2. хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо;

6.1.3. шүүн таслах ажиллагааны туршлагыг 30 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.

Долоо. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

7.1. Нэр дэвшигч нь анхан шатны шүүхийн шүүгчийн хэд хэдэн чиглэлээр сонгон шалгаруулалтад бүртгүүлж болно.

7.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг бүртгэх хугацаанаас 45, сул орон тооны сонгон шалгаруулалтыг 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлана.

7.3. Ажлын алба шалгалт эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө шалгалтын хуваарийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулна. Шалгалт явуулах газар, огноо, эхлэх цагийг хуваарьт тусгасан байна.

7.4. Бүртгэлтэй холбоотой гомдлыг нэр дэвшигчдийг бүртгэсэн талаар нийтэд албан ёсоор мэдээлснээс хойш ажлын 3 өдрийн дотор Ерөнхий зөвлөлд бичгээр гаргана.

7.5. Ерөнхий зөвлөл гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж хариуг бичгээр өгнө.

7.6. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь илэрсэн тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, бүртгэлийг хүчингүйд тооцох эсэхийг Ерөнхий зөвлөл шийдвэрлэнэ.

Найм. Нэр дэвшигчид хориглох зүйл

8.1. Нэр дэвшигчид дараах зүйлсийг хориглоно:

8.1.1. шалгалтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах;

8.1.2. шалгалт эхлэх хугацаанаас хожимдох;

8.1.3. шалгалтын танхимд хууль, хуулийн тайлбар, ном, гарын авлагыг файл болон цаасан хэлбэрээр, гар утас, чихэвч, зөөврийн компьютер, аудио, видео техник хэрэгсэл, ноорог цаас, дэвтэр, үзэг, харандаа, флаш, зургийн аппарат зэрэг адилтгах бусад зүйлс авч орох, ашиглах;

8.1.4. шалгалтын программд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй байхад түрүүлж нэвтрэх;

8.1.5. шалгалтын явцад бусдад саад учруулах, ярилцах, бусдын гүйцэтгэлийг харах, ашиглах;

8.1.6. өөр хүнийг шалгалтад оруулах, суудлын дугаарыг сольж суух;

8.1.7. шалгалтын материалд тэмдэг, тэмдэглэгээ хийх /Тэмдэг, тэмдэглэгээ гэдэгт юуг ойлгохыг Мэргэшлийн хороо тухай бүр шийдвэрлэнэ/;

8.1.8. сонгон шалгаруулалтад оролцогч сонгон шалгаруулалт зарласнаас эхлэн өргөн мэдүүлэх хүртэл хугацаанд Ерөнхий зөвлөл болон Мэргэшлийн хорооны гишүүдтэй сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар биечлэн уулзах, утсаар ярих, цахимаар харилцах;

8.1.9. шалгалтын дүн, үнэлгээнд урьдчилан нөлөөлөх гэсэн аливаа хууль бус оролдлого хийх.

8.2. Энэ журмын 8.1-д заасныг зөрчсөн тохиолдолд танхимд нэвтрүүлэхгүй байх, тухайн нэр дэвшигчийн шалгалтыг хүчингүй болгож, танхимаас чөлөөлөх арга хэмжээ авна.

Ес. Дүгнэлт гаргах

9.1. Мэргэшлийн хороо нь сонгон шалгаруулалтад тэнцсэн шүүгчид нэр дэвшигчдийн нэгдсэн үнэлгээг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

9.2. Хуульчдын холбоо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан дүгнэлтийг гарган Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

9.3. Энэ журмын 9.2-т заасан дүгнэлт ирсний дараа шүүгчийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн ярилцлагад тухай бүр оролцоно.

9.4. Ерөнхий зөвлөл сул орон тоонд нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулж, дүгнэлт гаргана.

9.5. Ерөнхий зөвлөлийн дүгнэлт гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор нэр дэвшигчийн www.shuugch-songon.mn цахим хуудсанд бүртгүүлсэн цахим хаягаар мэдээлнэ.

Арав. Гомдол гаргах, шийдвэрлэх журам

10.1. Сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг дор дурдсан хугацааны дотор Мэргэшлийн хороонд бичгээр гаргана:

10.1.1. шалгалтын төрөл тус бүрийн үнэлгээтэй холбоотой гомдлыг нэр дэвшигчид танилцуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор;

10.1.2. суурь шалгалтын болон нэгдсэн үнэлгээтэй холбоотой гомдлыг нийтэд албан ёсоор мэдээлснээс хойш ажлын 3 өдрийн дотор.

10.2. Энэ журмын 8.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэр гарсан даруй Мэргэшлийн хороонд бичгээр гаргана.

Арван нэг. Өргөн мэдүүлэх санал хураалт

11.1. Шүүгчийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшигч тус бүрийг Ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар сонгон шалгаруулна.

11.2. Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

---оОо---