A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 32

Төрийн ордон,Улаанбаатар хот

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, хэрэгжилтийн явцын талаар сар тутам Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:

1/эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй банкны тогтолцоог хөгжүүлж, банкны салбарын реформ хийх;

2/банкны зээлийн хүүг болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;

3/мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

4/жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх;

5/банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх;

6/төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх;

7/гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх;

8/Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, банкны эрх хүлээн авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг, сургууль, улсын хэрэгцээнд ашиглах;

9/төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх;

10/иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх;

11/эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зорилтот сан байгуулах.

3.Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах;

2/ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг хилийн бүх боомтуудаар саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг "0" болгох асуудлыг шийдвэрлэх;

3/малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20 000 /хорин мянган/ төгрөгийн урамшууллыг Малын генетик нөөцийн тухай хуульд заасан малчин, мал бүхий этгээд бүрд олгох;

/Энэ дэд заалтад 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

4/ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд тус тус даалгасугай.

5.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР