A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2, Тавин хоёрдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"... Монгол Улсын Их Хурал 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна." гэж өөрчлөн найруулжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 2 дахь заалтад "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус дараахь үндэслэлээр зөрчсөн гэж үзэхээр байна.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй болохыг тунхагласны зэрэгцээ дагнасан буюу эрүүгийн хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй, Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага учраас давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхтэй, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэж тодорхой заасан. Тийм ч учраас, хэдийгээр Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авсан шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргаж болдог ч гомдол гаргагч эс зөвшөөрсөн тохиолдолд Ерөнхий шүүгчид гомдол гаргах, шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх боломж нь нээлттэй хэвээр байдаг. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх болон Үндсэн хуульд заасан бусад холбогдох заалтын агуулгыг илэрхийлдэг.

Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-130 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-1781дүгээр зүйлд яг дурдсан байдлаар зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулахаас өмнө ч Үндсэн хуульд нийцсэн агуулгатай байсан буюу уг хэсгээр хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байсан. Гэтэл өөрчлөн найруулсан хэсэгт "... Энэхүү шийдвэр эцсийн байна ..." гэж заасан нь Үндсэн хуульд нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн бусад заалттай зөрчилдөж байна. Тухайлбал, "Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах" гэсэн 40.10 дугаар зүйл, "Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан" гэсэн 40.11 дүгээр зүйл нь 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийдвэрт үргэлжлүүлэн гомдол гаргах эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг нь Үндсэн хууль, бусад хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн холбогдох заалтуудад нийцээгүйгээс гадна хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал алдагдахад хууль, шударга ёсыг эрх мэдэлтний дур зорго орлож, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, нийгмийн үнэт зүйл эвдэрдэг. Тиймээс Үндсэн хуульд шүүгч хараат бус, шүүх бие даасан байна. Шүүгч хараат бус байдлаар шийдвэр гаргахад төр, иргэн гээд хэн ч хөндлөнгөөс нөлөөлж, оролцож болохгүй гэсэн агуулга бүхий заалтыг тусгасан байдаг. Гэтэл Улсын Их Хурлаас хууль батлах замаар Үндсэн хууль, Эрүүгийн хууль тогтоомжид харшилсан хуулийг хэрэглэхийг шүүхэд хүчээр тулгаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд "Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.", 10 дугаар зүйлд "Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.", Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлд "Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй." гэж заасан байдаг. Эдгээр нь Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээнүүд юм. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ." гэж заасан байх тул дээрх олон улсын гэрээнүүдийг хэрэгжүүлэх нь манай улсын үүрэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулснаар дээрх олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байна." гэжээ.

Хоёр. Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн оршин суугч, иргэн Б.Баатарцогт, мөн аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн оршин суугч, иргэн О.Тэлмүүн нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"1.Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн билээ. Улсын дээд шүүх гэдэг нь шүүх эрх мэдлийн байгууллагын хувьд давж заалдах шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурор болон түүнээс эрх олгосон прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэдэг.

Түүнчлэн Монгол Улсын дээд шүүх нь хэрэг маргааныг бүхэлд нь хяналгүйгээр гомдлын үндэслэлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийдэг онцлогтой. Монгол Улсын дээд шүүх нь иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг маргааныг хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэдэг бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлэгт тус тус заасан. Тус хууль тогтоомжуудад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянах хууль зүйн үндэслэлийг заахдаа шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тус тус заасан нь хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хамтын журмаар, хууль зүйн дүгнэлт хийх замаар шийдвэрлэх агуулгыг хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж зааснаар иргэн, захиргааны маргааныг хянах хууль зүйн үндэслэлтэй ижил агуулгатай байна.

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.", 5 дахь хэсэгт "Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:" гэж заасан нь эрүүгийн хэргийн оролцогчид иргэний, захиргааны хэргийн оролцогчоос ялгамжтай хандаж байгаа хэрэг мөн.

Энэ нь эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг маргааныг процессын нэгдмэл нэг журам хэлбэрээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байх нийтлэг зарчмыг алдагдуулсан буюу Улсын дээд шүүхэд иргэний, захиргааны, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид өөр өөр журмыг тогтоож, ялгамжтай журам үйлчлэн, тэгш бус байдал үүсгэн улмаар иргэний эрх тэгш байх нөхцөлийг хангах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг нь тодорхой хэрэг маргааны төрлөөс үл хамааран уг хэрэгт оролцогч нь материаллаг болон процессын үйл ажиллагаанд адил тэгш байх утгыг агуулсан болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ..." гэж заасны дагуу иргэн бүр ямар ч төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.", 5 дахь хэсэгт "Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:" гэж заасан нь дээр дурдсан үндсэн эрхэд хязгаарлалт бий болгосон байна. Мөн Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргаж, тус шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хэргээ шийдвэрлүүлэх хууль зүйн боломжийг хааснаараа зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн Үндсэн хуульд заасан гомдол гаргах эрх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.", 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт "Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ." гэж зааснаар иргэний хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тогтоосон байдаг. Мөн түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.", 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт "Хэргийг хяналтын журмаар Улсын дээд шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ." гэж зааснаар захиргааны хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тус тус тодорхойлсон байдаг.

Дээрхээс харвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь эрүүгийн хэрэгт хяналтын журмаар гомдол гаргасан ч түүнийг шударгаар хамтын зарчмаар шийдвэрлэхгүй, Улсын дээд шүүхийн шүүгч дангаараа шийдвэрлэхээр болж байна. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүрээнд Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр маргаанаа хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлнэ гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлсэн байхыг ойлгоно.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад тусгагдсан үндсэн эрхэд хязгаарлалт бий болгосон бөгөөд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээ зөрчсөн явдал болсон байна.

2.Монгол Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна." гэж өөрчлөн найруулсан.

Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 2 дахь заалтад "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...", Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасныг тус тус дараахь үндэслэлээр зөрчсөн гэж үзэхээр байна. Монгол Улсын дээд шүүх нь хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэдэг.

Хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэнэ гэдэг нь хэрэг, маргааныг шүүгчдийн тодорхой бүрэлдэхүүнээр шийдвэрлэхийг ойлгодог бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18 өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг хяналтын журмаар таван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ." гэж заасан. Үүнээс үзвэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй гаргах бөгөөд тус бүрэлдэхүүнээс гарсан шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэх нь зүйтэй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйл 4 дэх хэсэг, 40.10 дугаар зүйл, 40.11 дүгээр зүйлүүдтэй зөрчилдөж байна." гэсэн байна.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1.Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийн нэг болох шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийн баталгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин ес, Дөчдүгээр бүлэгт тус тус нарийвчлан тусган баталгаажуулж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1 дэх хэсэгт шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор эсэргүүцэл гаргаж болохоор буюу хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудлыг тодорхой зааж, 2 дахь хэсгээр гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг, 6 дахь хэсгээр гомдол, эсэргүүцэлд тусгах зүйлийг тодорхой зааж өгсөн.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлээр хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг нь мэдээлэл гаргагчдын мэдээлэлд дурдсанчлан иргэний давж заалдах эрхэд халдсан бус гагцхүү хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл нь хуульд заасан шаардлага, үндэслэлийг бүрэн хангаж байгаа эсэхийг шүүгч хянасны үндсэн дээр тодорхой шийдвэр гаргах, уг шийдвэрт оролцогч, прокурор гомдол, эсэргүүцэл гаргахтай холбогдсон харилцааг зохицуулсан.

Шүүгчийн гаргасан энэхүү шийдвэр нь тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгч байгаа бус зөвхөн бичиг баримтын болон хуульд заасан тодорхой шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлж байгаа шийдвэр юм. Өөрөөр хэлбэл, гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн эсэх, гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй этгээд гаргасан эсэх, хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал мөн эсэх, гомдол, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоог бүрэн тусгасан эсэх гэх зэргийг шалгасан шийдвэр гэсэн үг. Хэргийн оролцогч болон прокурорт давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрх нь хуулиараа нээлттэй хэвээр байгаа юм.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгч гомдлыг хянаж үзээд, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх, 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болох ба үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, түүнчлэн 40.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

2.Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулахдаа дараахь хууль хоорондын зөрчил, ойлгомжгүй байдлыг зөвтгөж, хууль хэрэглээг ойлгомжтой, тодорхой болгох зорилгыг агуулсан:

а/прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрт эсэргүүцэл бичих эсэх талаарх хуулийн тодорхойгүй байдлыг засаж, прокурор эсэргүүцэл бичиж болох зохицуулалтыг нэмэх байдлаар зассан.

б/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрт гомдол гаргагч ямар хугацааны дотор гомдлоо гаргах, уг гомдлыг шүүх ямар хугацаанд шийдвэрлэн тухайн этгээдэд хариу өгөх нь тодорхойгүй байдлыг тодруулах, мөн гомдлыг Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байсан нь мөн хуулийн 40.6, 40.7, 40.8, 40.10, 40.11, 40.12 дугаар зүйлийн зарим зохицуулалттай зөрчилдөхөөр байсныг тус тус өөрчилж, гомдол гаргагч, прокурор нь шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 10 хоногийн дотор гомдол, эсэргүүцлээ Улсын дээд шүүхэд гаргахаар, тухайн асуудлыг 3 шүүгч 14 хоногийн дотор хэлэлцэн эцэслэж шийдвэрлэхээр өөрчилсөн болно.

Ингэснээр хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авах эсэхтэй холбогдсон шүүхийн ажиллагаа иргэдэд илүү ойлгомжтой, тодорхой болох буюу шүүгчийн гаргасан шийдвэрт хэрхэн, ямар хугацааны дотор гомдол гаргах, эргээд шүүх уг асуудлыг ямар бүрэлдэхүүнээр, хэдий хугацаанд багтаж явагдах талаар туйлын ойлгомжтой байдал, хүлээлттэй байх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол ямар хугацаанд гомдлоо гаргах, шүүх ямар хугацаанд шийдэх буюу Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны ирц хэзээ бүрэлдэж, хуралдах бэлтгэл нь хэзээ хангагдаж, хэрхэн хуралдахыг мэдэх боломжгүй харанхуй, хий хүлээлтийн байдалтайгаар иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол тодорхойгүй хугацаагаар зөрчигдсөөр байх байдлыг засаж, иргэнийхээ эрхийг хамгаалсан зохицуулалт болсон.

3.Шүүхийн зорилго бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох юм. Ингэхдээ шударга, шуурхай, ил тод, хараат бус байх ёстой. Энэ ч үүднээс дээрх зохицуулалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд яг энэ агуулгаар хуульчилсан бөгөөд энэ зохицуулалт нь иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж байгаа гэсэн эерэг үр дүн гарч байгаа төдийгүй шүүгч нар бичиг баримтын бүрдэл болон хуульд тодорхой заасан нөхцөлийг хэлэлцээд суух бус иргэний эрхийг хангах, баталгаажуулах үндсэн ажилдаа илүү цаг зарцуулах нөхцөл байдал нэмэгдсэн гэж үзэж байна.

Эцэст нь хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн хуулиар Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхэд огтоос халдаагүй буюу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудалтай холбоотой журмыг илүү тодорхой, ойлгомжтой, иргэдэд чирэгдэлгүй болгож өөрчилсөн болно.

Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ..." гэснийг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно." гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "... Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэснийг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна." гэжээ.

Дөрөв. Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Дэлхийн улс орнуудын хяналтын шатны шүүх нь зөвхөн хууль хэрэглээний талаар гарсан маргааныг хянан хэлэлцэж, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх талаар нэгдсэн практик тогтоодог нийтлэг жишгийн дагуу манай улсад хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд "Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана." гэж хуульчлан тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан агуулгаар, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан агуулгаар ойлгохыг тодорхой зааснаас гадна бусад үндэслэлээр хяналтын шатны шүүх хэрэг маргаан хянаж болохгүй гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан болно.

Иймд хяналтын журмаар гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тохиолдолд хяналтын шатны шүүх тухайн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан эсэх, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжтой юм.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй бөгөөд хууль тогтоогч хяналтын шатны шүүхийн хязгаарлагдмал эрх хэмжээнд нийцүүлэн хяналтын журмаар гаргах гомдолд тавигдах шаардлагыг хуулиар тогтоосон нь шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хязгаарласан гэх үндэслэл болохгүй.

Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан "... шүүхийн шийдвэрийг давж заалдах ..." иргэний суурь эрхэд нийцсэн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шүүгчийн шийдвэрийг /захирамж/ эс зөвшөөрч гаргасан гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан нь шүүх хамтын зарчмаар гомдлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэр /шүүхийн тогтоол/ гаргах ажиллагаанд бусад оролцогчдыг эрх тэгш оролцуулж, хуульд заасан эрхийг нь бүрэн эдлүүлэх замаар тухайн шүүгчийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн эсэх, оролцогчдын гаргасан гомдол нь хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарах эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нөхцөлийг хангасан тул өмнөх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас дэвшилттэй болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Тухайлбал, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй." гэж, мөн зүйлийн 342.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 342.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг шүүгч харьяаллын дагуу шилжүүлнэ." хэмээн заасны дагуу шүүгч тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй буюу хяналтын журмаар гаргасан гомдол нь хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзвэл хэргийг харьяалах шүүхэд нь буцаан хүргүүлэх ба тухайн шийдвэрт гомдол гаргах журам хуульчлагдаагүй байсан.

Шинэчлэн найруулсан 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан шийдвэр эцсийн байна гэдэг нь эрүүгийн хэргийг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай "шүүгчийн захирамж" нэртэй эрхийн акт нь хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг зохицуулсан, завсрын шинж чанартай нь холбоотой юм.

Энэхүү зохицуулалт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тогтоол гаргана." гэсэн заалттай агуулгын хувьд ижил болохыг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэх шалгуурт зөвхөн "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн", эсхүл "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэх үндэслэл хамаарах бөгөөд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шүүгчийн захирамжийг давж заалдах агуулга бүхий гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, хуульд заасан тодорхой шалгуураар үнэлж, эцэслэн шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх хязгаарлагдаагүй, хуулиар баталгаажсан болно." гэсэн байна.

Тав. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 106 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан дүгнэлтдээ:

"1.Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд эрүүгийн хэргийг хяналтын журмаар хүлээн авч шийдвэрлэх Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг: а)Процедурын болон завсрын шийдвэр гаргах, б)Хэргийг эцэслэх буюу сүүлчийн шийдвэр гаргах гэж хоёр ангилалд ялган авч үздэг. Завсрын процесс гэдэг нь хяналтын журмаар гомдол эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргасныг хуульд заасан харьяаллын болон түүний шаардлагыг хангасан эсэхийг урьдчилан хянаж хэсэгчлэн томилсон бүрэлдэхүүн бүхий шүүгч нарын (3 шүүгч) хэлэлцүүлгээр оруулж, Улсын дээд шүүхийн чиглэлийн шүүгч нарын хуралдаанд оруулах эсэхийг шийдвэрлэнэ. Энэ нь хэргийг шийдэх процесс биш, зөвхөн тухайн гомдол, эсэргүүцлийг хуульд заасан харьяаллын дагуу гаргасан эсэхийг хянан тогтооход чиглэгдсэн үйл явц юм. Харин хэргийг эцэслэн шийдэх Улсын дээд шүүхийн хуралдаан болон түүнээс гарах шийдвэр нь Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр болно.

Эрүүгийн хэргийн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эрүүгийн процесст оролцогч талууд давж заалдах эрхтэй гэдгийг гадаадын ихэнх орны Үндсэн хуулиар бататган тогтоосон боловч, тэдгээрийн тайлбар болон шүүхийн практикт "хуульд үндэслэгдэх, хууль ёсны байх, тухайн шүүхийн шийдвэр хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн нөхцөл байдлыг буруу үнэлсэн байх гэсэн нотолгооны бодит үндэслэл бий болсон үед хэрэглэх тухай дурдсан нь олонтой. Өөрөөр хэлбэл, давж заалдах эрх нь "абсолют субьектив эрх" биш бөгөөд хуулиар тусгайлан өгөгдсөн хязгаарлагдмал эрх гэдгийг тэмдэглэсэн нь цөөнгүй.

Шударга шүүхээр шүүлгэх эрх гэдэг нь эрх зүйн ерөнхий утгаараа тухайн процессын оролцогч, тэр тусмаа сэжигтэн, яллагдагч, хохирогч нь шударга гэж үзсэн шүүх, шүүгчийг сонгох, шударга бус гэж үзсэн шүүх, шүүгчээс татгалзах, түүнчлэн харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргахдаа шударгаар шүүн хэлэлцэх, шударга шийдвэр гаргахыг шаардах зэрэг агуулгыг илэрхийлнэ. Шударга байх гэдгийн эрх зүйн мөн чанар нь хуульд нийцэхүйц бодитой, зохистой байх, хэт нэг талыг барихгүй, эрх тэгш, тэнцвэртэй байх шаардлагатай холбогдож ойлгогдоно.

Хяналтын журмаар гомдол эсэргүүцлийг хүлээн авах тухай хуульчилсан зохицуулалт нь дээрх хуулийн 40.11, 40.12 зэрэг зүйлийн заалтаас өөр нөхцлөөр авч үзсэн тусдаа журам бөгөөд дээр дурдсанчлан завсрын шинжтэй процессын шийдвэр юм. Ийм шийдвэр бол хэргийг хэлэлцэж шийдсэн шийдвэр биш, зөвхөн тухайн гомдол, эсэргүүцлийг гаргах харьяалал, үндэслэл нь хуульд "хатуу" заасан шаардлагыг хангаж буй эсэхийг л заавал хянаж үздэг жишгийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шинжтэй процесс юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ" гэсэн нь чухамдаа завсрын шийдвэр бөгөөд энэ нь эцсийн байх жишгийн агуулга, зарчимд нийцэж байна.

Үүний хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан ..." гэсэн хэсэг, мөн хуулийн 40.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан ..." 6 дахь хэсэгт заасан "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцсон Эрүүгийн хэргийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэсэн заалт нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх тухай заалттай нийцэж уялдсан шууд хамаарал бүхий зохицуулалт гэж үзэж болно. Угтаа бол дээрх зохицуулалт нь эрүүгийн хэргийн хувь заяаг эцэслэн тодорхойлж буй сүүлчийн шийдвэр юм.

Эрүүгийн процессын болон процессын эрх зүйн онолын тайлбарт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэдэг нь эрүүгийн хэргийн тухайд шууд холбогдол бүхий асуудлыг эцэс болгон маргаангүйгээр шийдсэн Улсын дээд шүүхийн төлөөлөх бүрэн эрх бүхий бүрэлдэхүүний гаргасан сүүлчийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг хэлнэ." гэж дурдсан байдаг.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчдүгээр бүлгийн 40.1- 40.12 дугаа зүйлд заасан журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн 172-1781 дүгээр зүйл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлгийн 123-130 дугаар зүйлүүдтэй харьцуулан судалж үзэхэд, хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болон тухайн процессын нийтлэг журам, зарчим ойролцоо бөгөөд процессын эрх зүйн үнэт зүйлс, суурь зарчимд харшилсан гэж үзэхээр ноцтой ялгаа байхгүй байна.

Харин эрүүгийн процесс нь иргэн, захиргааны процесстой харьцуулахад "хуулиар маш тодорхой заах" гэсэн агуулгыг өөртөө тусгасан байдгаараа онцлогтой тул зарим заалт нь илүү детальчилсан нарийвчлал бүхий оновчтой байх шаардлагатай байдаг. Иймд хяналтын журмаар гаргах гомдол эсэргүүцлийг хүлээн авахдаа түүний үндэслэл, харьяаллын нөхцөлийг нь урьдчилан хянах, тухайн процесст дээд шатны шүүх императив эрх эдлэх, процессын шинжтэй асуудлаар бие даасан шийдвэрийг урьдчилан гаргах зэрэг онцлог зохицуулалттай байдаг нь хөгжингүй орнуудын эрүүгийн процессын тусгай журам болж хэвшиж тогтсон байдаг.

Дээрх асуудалтай холбогдуулж эрүүгийн процессын зарим ялгагдах онцлог бүхий журам нь шүүхийн процесс дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тэгш байдлын зарчмыг хөндөхгүй гэж үзэж байна.

3.Процессын эрх зүй бол эрх зүйн ерөнхий онолд судлагдахуун болгон авч үздэг ойлголт бөгөөд аливаа хэрэг маргааныг түүний төрөл, онцлогийг харгалзахгүйгээр процессын нэгдмэл нэг журмаар хянан шийдвэрлэх боломжийг үгүйсгэдэг. Гэхдээ эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах процессын эрх зүйн суурь зарчмууд гэж байдгийг хүлээн зөвшөөрдөг.

Үүнд Хэргийг гагцхүү шүүх хараат бусаар бие даан шийдвэрлэх зарчим, Эрүү, иргэн, захиргаа, сахилгын хэрэг зөрчил, маргааныг тус тусын хуулиар зохицуулах зарчим, Шударга шүүхээр шийдвэрлэх зарчим, Мэтгэлцүүлэн шүүх зарчим, Хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр үе шаттайгаар шийдвэрлэх зарчим, Хэргийн оролцогчдын эрхийг хангах зарчим гэх мэт.

Процессын эрх зүйд журам ба зарчмыг тус тусад нь ялган авч үздэг ба эрүүгийн процесс нь иргэний процесстой харьцуулахад илүү императив зохицуулалт бүхий журмыг өөртөө тусгасан байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журамтай адилтган хэрэглэж болохгүй. Иргэний процесст диспозитив аргыг түгээмэл хэрэглэдэг бол эрүүгийн процесст императив аргыг түлхүү хэрэглэгдэнэ. ..." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг нь хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авахтай холбоотой процессын шинжтэй завсрын шийдвэр гаргах журмыг тогтоосон байна. Энэ нь мөн хуулийн 40.11, 40.12 дугаар зүйлүүдэд заасан Улсын дээд шүүх тухайн хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай хамааралгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт, Монгол Улсын олон улсын гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцэл нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг урьдчилан хянах нь тухайн эрх хэмжээний хүрээ хязгаарт багтаж, олон улсын нийтлэг жишигт нийцэж байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь зохицуулалтын онцлогоос шалтгаалан ялгамжтай байх боломжтой бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох хууль зүйн зохицуулалтаас үзэхэд дээрх зарчим, нөхцөлийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.", 5 дахь хэсэгт "Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:", 6 дахь хэсэгт "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц, ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 2 дахь заалтад "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...", Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.СОЛОНГО

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Б.БУЯНДЭЛГЭР

Г.ТУУЛХҮҮ

Г.БАЯСГАЛАН