A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ  

 

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр                                                                                                                             Дугаар 08                                                                                                                                         Улаанбаатар хот                                                                                  

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр

  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт,

55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

 хянан шийдвэрлэсэн тухай

 

    Үндсэн хуулийн цэцийн 

хуралдааны танхим 14.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Ш.Солонго, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.   

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн О.Мөнхболд, А.Түвшинтөгс нар оролцлоо.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.  

 

Нэг. Иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал, А.Түвшинтөгс нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараахь агуулга бүхий мэдээлэл, гомдол ирүүлжээ. Үүнд: 

 

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн тухайд: Дээрх зохицуулалт нь нэгдүгээрт, хэрвээ тендерт оролцогч байгууллага, хувь хүн гомдол гаргах тохиолдолд заавал 20 сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний баталгаа хөрөнгийг өөрийн нэр дээр байршуулах; хоёрдугаарт, гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг нь хэн бүхэн хууль, шүүхийн өмнө адил боломжоор хангагдаж, үүрэг, хариуцлага хүлээх тухай юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг үндэс угсаа хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг юм. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулсан нэмэлт заалтууд нь бусдын гомдол гаргаж эрхээ хамгаалах боломжийг мөнгөн хэлбэрээр хязгаарлаж, тэгш боломжийг хааж, хөрөнгө чинээгээр ялган заагласан байна.   

 

Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч иргэн, байгууллага тендерийн процедур хууль бусаар явагдсан гэж үзсэн тохиолдолд гомдол гаргах эрх нээлттэй байх ёстой. Тендерт оролцогч бүхий л талуудыг гомдол гаргах эрх, боломжоор эрх тэгш хангах байдлаар хуульд зохицуулах шаардлагатай. Учир нь хууль хэн нэгнийг ялгаварласан, тэгш бус байдлыг бий болгосон байж болохгүй. Гэтэл хуульд мөнгөтэй байгууллага, хувь хүн гомдол гаргах боломж, давуу талыг бий болгосон байна. 

 

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ...” гэж заасныг зөрчсөн тухайд: Тендерийн баталгааны зорилго нь гомдол үндэслэлгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулах хэрэгсэл биш юм. Өөрөөр хэлбэл, алданги, торгууль буюу анз биш болно. Тендерийн баталгаа гэж хуульд тодорхойлсноор гэрээ байгуулах, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа болон Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгоно. Тендерийн баталгааны үндсэн зорилго нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах, оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх юм. Үүрэг үүссэн нөхцөлд үүргийн гүйцэтгэлийн баталгааг хангуулах боломж үүсдэг. Гэтэл төрийн байгууллагад гомдол гаргах нь гомдол гаргаж буй этгээдийн өөрийн эрх бөгөөд сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг үйл ажиллагаа. Иймээс үүрэг үүсгээгүй оролцогчийн тендерийн баталгаанаас мөнгө суутган авах нь огт үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлж гомдол гаргасных нь төлөө тухайн иргэн, хуулийн этгээдийн өмч хөрөнгө болох тендерийн баталгаанд байршуулсан мөнгөн хөрөнгийг нь “үндэслэлгүй гомдол гаргасан” гэдгээр хураан авах нь хувийн өмчид халдсан ноцтой заалт гэж үзэж байна. Иймд тендерийн баталгаанаас үндэслэлгүйгээр хөрөнгө хураан авахаар нэмж зохицуулснаараа Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

 

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн тухайд: Иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагад гомдол гаргах эрх нь өөрийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах, сэргээлгэх үндсэн эрх мөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно” гээд гурван үндэслэлийг дурдсан. Түүний нэг үндэслэл нь “тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” тохиолдол багтаж байгаа бөгөөд гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар заасан.

 

Энэ нь тендерийн маргаантай холбоотой асуудлаа төрийн байгууллагаар хянуулах эрхийг нь хязгаарласан. Тендерт оролцогч нь энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт; захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана. Гомдол хүлээн авч буй байгууллага нь тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, өргөдлийг үнэн, зөв, хуульд заасны дагуу шударгаар шийдвэрлэх үүрэгтэй. Харин гомдол үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүйгээс шалтгаалаад шалгуур тогтоож, үндэслэлгүй тохиолдолд торгууль хэлбэрээр 20 сая төгрөгийг хураан авах нь огт үндэслэлгүй юм. Иргэний өргөдөл, гомдол гаргаж, төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрх ноцтой зөрчигдөж байна.

 

4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэснийг  зөрчсөн тухайд: Хууль тогтоогчийн хувьд дээрх заалтаар гомдол гаргахад урьдчилсан нөхцөл буюу шалгуурыг зааж өгсөн. Тус шалгуур нь гомдол гаргах хүсэл зоригийг хязгаарласан, гомдол үндэслэлгүй нь тогтоогдсон бол тендерийн баталгаанаас 20 сая төгрөгийг хураалгах үр дагаврыг шууд үүсгэж байна.

 

Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж эцэслэн шийдвэрлэх эрх шүүхэд байгаа. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй тендерт оролцогч өөрийн гаргаж буй аливаа гомдлоо үндэслэлтэй гэж үзээд шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллага болон шүүхэд ханддаг. Гэтэл ийнхүү шударга шүүхээр шүүлгэх гэтэл “гомдол үндэслэлгүй бол тендерийн баталгаа мөнгөө алдана, шүүхээр хангагдах л гомдол гаргах ёстой” гэсэн ойлголт, хязгаарлалтыг тавьж байгаагаараа иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, халдсан зүйл болжээ. 

 

Үүний үр дагавар нь гомдол гаргах шалгуур үзүүлэлтийг үндсэн эрхийг зөрчин тогтоосноор хуулийн этгээд болон иргэд гомдол гаргахаас зайлсхийх, гомдол гаргах тоо багасна. Үүний цаагуур хууль бус тендер шалгаруулалт дээд шатны байгууллага болон шүүхийн хяналтаас гарч, улам гаарах туйлын ноцтой үр дагавартай юм. Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох өөрсдийн эрх, ашиг сонирхлоо шударга шүүх, захиргааны байгууллагаар хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх боломж алдагдаж байна.

 

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тухайд: Аливаа гомдлыг гаргахад урьдчилсан байдлаар мөнгө байршуулах явдал нь улсын тэмдэгтийн хураамжийн шинж бөгөөд тендертэй холбоотой захиалагчийн шийдвэрт гомдол гаргахын өмнө урьдчилсан байдлаар мөнгө байршуулсны дараа шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж ... гэнэ.”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд тэмдэгтийн хураамж төлөгч байна:” гэж заасан. Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах бол урьдчилсан байдлаар мөнгө байршуулах шаардлага тавьж буй нөхцөл нь улсын тэмдэгт байх нөхцөлийг бүрдүүлж буй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгагдсан байх ёстой. Гэтэл байршуулах мөнгөн төлбөрийн талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгагдаагүй. Түүнчлэн тендертэй холбоотой захиалагчийн шийдвэрт гомдол гаргах нь төрийн эрх бүхий байгууллагаас үйлчилгээ авч буй үйл ажиллагаа биш юм. 

 

Өөрөөр хэлбэл, шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж буй аливаа иргэн, хуулийн этгээд нь улсын тэмдэгтийн хураамжаас өөр ямар нэгэн төлбөр мөнгө, тендерийн баталгааг барьцаалах, баталгаа гаргах, улмаар гомдлоо үндэслэлтэй эсэхэд дэнчин тавих талаарх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд байхгүй билээ. Иймээс хууль тогтоогчийн зүгээс хуульд эдгээр хууль зөрчсөн заалтуудыг нэмж оруулснаар төрийн худалдан авах ажиллагаанд тендерт оролцогчийн эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээ зөрчсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн дараахь агуулга бүхий хариу тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Үүнд:

 

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” гэж заасан нь дараахь үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

 

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчөөгүй талаар:

 

1.1.Худалдан авах ажиллагаанд оролцогч этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйлд заасны дагуу захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлүүлэх, захиалагчийн шийдвэрт гомдол гаргах, шүүхэд гомдол гаргах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй ба шүүх гомдлыг эцэслэн шийдвэрлэх, эд хөрөнгийн хохирлоо шүүхийн журмаар гаргуулах хууль, эрх зүйн орчин хэвээр үйлчилж байна.

 

Монгол Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргахдаа дээрх заалтуудад иргэний гомдол гаргах эрхийг хязгаарласан, хөрөнгө чинээнээс хамааруулан ялгамжтай байдлаар нэмэлт нөхцөл шаардлага тогтоогоогүй болно.

 

1.2.Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тендерт оролцогчоос гомдол гаргахад 20 сая хүртэлх төгрөгийн барьцаа хөрөнгийг гаргуулахаар заасан байсныг хэлэлцүүлгийн явцад хянан үзэж, төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг зөрчиж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн төслөөс хасаж баталсан. Тиймээс иргэний мэдээлэлд дурдсан тендерт оролцогчдыг гомдол гаргахад нь ялгаварласан, тэгш бус байдлыг бий болгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

Тендерт оролцогч нь тендер ирүүлэхдээ хуульд заасны дагуу тухайн ажил, бараа, үйлчилгээний тодорхой хувиар тендерийн баталгааг өмнө нь гаргуулж захиалагчид ирүүлдэг. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгөн хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргахаас өмнө захиалагчид хүргүүлсэн байдаг бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гомдлыг хянан шийдвэрлэхэд тендерт оролцогч буюу гомдол гаргагчид өөрийн нэр дээр шинээр хөрөнгө байршуулах шаардлага тавиагүй болно.

 

1.3.Хууль тогтоогч худалдан авах ажиллагааны практикт гарч байгаа худалдан авах ажиллагааг хойшлуулдаг зохисгүй хандлага байгааг засах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага үүссэнтэй холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу тендер шалгаруулалттай холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл төсвийн хөрөнгө оруулалтын ажил эхэлдэггүй. Худалдан авах ажиллагаанд ихээхэн цаг хугацаа зарцуулснаар тухайн оны төсвийн хөрөнгө оруулалт буцаан татагддаг, улс орны бүтээн байгуулалтын ажил хоцорч, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжээгүйгээс төсөвт өртөг өсөх, хууль ёсны дагуу шударгаар шалгарсан тендерт оролцогчид ч мөн гэрээ байгуулж чадахгүй байх зэргээр нийтийн эрх ашгийг хөндсөн сөрөг үр дагаврыг бий болгодог.

 

Ингэснээр оролцогчийг хөрөнгө хэмжээгээр ялгаварлан гомдол гаргах эрхийг хязгаарлаж байгаа хэрэг биш, харин нийтийн өмчөөр худалдан авах ажиллагаанд оролцох хүсэлтээ нэгэнт гаргасан бол тухайн этгээд худалдан авах бүхий л ажиллагаандаа, тендерийн баримт бичгээ ирүүлэхээс эхлэн худалдан авах ажиллагаа дуусах, гомдол гаргах бүх шатанд хариуцлагатай оролцохыг үүрэгжүүлсэн юм.

 

Энэ нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид сөргөөр нөлөөлдөг аливаа үйлдлийн хууль зүйн боломжийг хаах, нөгөө талаас тендерт оролцогчийн зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан болно.

 

1.4.Тендерийн маргаан үүсэхэд нийтийн ашиг сонирхол хөндөгддөг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих ажил хойшилсны үр дагаврыг иргэд хүртэх ба Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үндсэн эрх, эрх чөлөө алдагдахад хүрдэг.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилт нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр үр ашигтай худалдан авалт хийж, иргэддээ чанартай үйлчилгээ хүргэхэд оршдог. Энэхүү хууль нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа нэг талын зохицуулалттай тул нийтийн эрх зүйд хамаарах төрөлжсөн хууль юм. Нийтийн эрх зүйн харилцаанд иргэд, хуулийн этгээд оролцохдоо нийтийн ашиг сонирхолд захирагдах, нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр нийтийн ашиг сонирхлын хүсэл зориг илэрхийлэгддэг.

 

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй талаар:

 

Хувийн өмчийг хууль бусаар хураан авах нь хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хариу төлбөргүйгээр төрд авах ажиллагаа ба маргаж буй хуулийн заалтад хууль зүйн ийм агуулга байхгүй болно. Тендерийн баталгаа нь тухайн тендерт оролцогч хариуцлагатай оролцохоо илэрхийлж байршуулсан мөнгөн хөрөнгө буюу баталгаанд дурдсан нөхцөл бий болмогц түүнээс үүрэг гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн амлалт юм.

 

Иргэн, хуулийн этгээд нь тендер шалгаруулалтад сайн дурын үндсэн дээр, захиалагчаас тавьсан шалгуур үзүүлэлтийг хүлээн зөвшөөрч оролцож байгаа бөгөөд тендерийн баталгаа нь энэхүү захиалагчаас тогтоож байгаа шалгууруудын нэг хэсэг юм. Нэгэнт тендерт оролцохоо илэрхийлсэн бол хуульд заасан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч түүнийг биелүүлэх үүрэг үүснэ.

 

Худалдан авах ажиллагаатай холбоотой маргааны нийгмийн зардал өндөр байгаа онцлогийг харгалзан хуульчилсан энэхүү зохицуулалтыг Үндсэн хуулийн хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэснийг зөрчсөн хэмээн мэдээлэл гаргагч тайлбарласан нь үндэслэлгүй юм.

 

Үндсэн эрхийг хөндөхгүйгээр оролцогчид тавих шаардлагыг тусгайлан тогтоох нь эрхээ хэрэгжүүлэхэд төвөгтэй байдлыг бий болгох биш, харин нийгмийн ашиг, сонирхлыг хамгаалахад чиглэсэн эдийн засаг, эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүргээ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй талаар:

 

Худалдан авах ажиллагаанд оролцогч этгээд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу захиргааны болон шүүхийн журмаар гомдлоо гаргах эрхтэй. Захиргааны шийдвэрийг давж заалдах, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах, эд хөрөнгийн хохирлоо шүүхэд нэхэмжлэн гаргуулах хууль зүйн бүх боломж гомдол гаргагч иргэн, хуулийн этгээдэд нээлттэй байгаа бөгөөд түүнд ямар нэгэн хуулийн хязгаарлалтыг дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтоогоогүй болно.

 

4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй талаар:

 

Тендерийн баталгаа нь хариуцлагын мөнгөн төлбөр, үнэ цэнийг илэрхийлнэ. Мөнгөн төлбөрийг тогтоосон хууль тогтоогчийн хүсэл зориг нь гомдол гаргасан иргэнээс төлбөр гаргуулахыг зорилгоо болгоогүй бөгөөд худалдан авах ажиллагаанд гомдол гаргахад хариуцлагатай байхыг тендерийн баталгаагаар дамжуулан бий болгоход чиглэсэн тул түүнийг төр үйлчилгээ үзүүлснийхээ төлөө шууд авдаг улсын тэмдэгтийн хураамжтай адилтгаж, зохицуулалт хийх боломжгүй юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу тэмдэгтийн хураамжийг үйлчилгээ үзүүлэхээс өмнө улсын болон орон нутгийн төсвийн дансанд урьдчилан тушаадаг ба энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэсэгт хамаардаг.

 

Харин тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтын оролцогчийн ирүүлсэн тендерийн баталгаа нь зөвхөн тендерийн баталгаа гэх хууль зүйн баримт бичиг бөгөөд тендерт оролцогч нь тухайн баталгааг банк болон үнэт цаасны үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр гаргуулдаг.

 

Иргэний мэдээлэлд дурдсанаар шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлдөгтэй адилтган захиргааны байгууллагад гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр журамлах нь тухайн этгээдийн гомдол гаргахад нэмэлт шаардлагыг тогтоож байгаа эсэх, энэ эрхийн хязгаарлалт мөн эсэхийг Үндсэн  хуулийн эрх зүйн хүрээнд судлан үзэх шаардлага үүсэх ба энэ нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр цаашид анхаарвал зохих асуудал юм.

 

Иймээс Монгол Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүргүүлж байгаа тайлбарыг судлан үзэж, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэж байна.” гэжээ.

 

            Гурав. Монгол Улсын Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс маргаанд холбогдох тайлбар, баримт, мөн холбогдох хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭЛ

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх журам, тендерт оролцогчдын эрх зүйн байдлыг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.

 

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсгийн зохицуулалтаар тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох, түүний дээд хэмжээ 20 сая төгрөг байхаар хуульчилсан нь тендерт оролцогчдод нийтлэг үйлчлэх зохицуулалт байна.

 

3.Дээрх хуулийн 54, 55 дугаар зүйлд захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах захиргааны байгууллагын харьяалал, шийдвэрлүүлэх журмыг тодорхой тусгасан байна. Мөн тус хуулиар тендерт оролцогч шүүхэд гомдол гаргах боломжийг хуульчилсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг тусгай журмаар хянан шийдвэрлэхээр заажээ. Ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхэд хуулиар аливаа нэмэлт шалгуур, хязгаарлалтыг бий болгоогүй байна.

 

4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд “тендерийн баталгаа”-г гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулах зорилгоор гаргуулахаар заасныг үзвэл цаашид хууль тогтоогч хуулийн заалт хоорондын уялдааг хангаж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгааг дурдах нь зүйтэй юм.

 

Дээрхээс үзэхэд, мэдээлэл гаргагч нарын мэдээллийн үндэслэл, шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … хөрөнгө чинээ ... -гээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ...”, мөн зүйлийн 12 дахь заалтад “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;”, мөн зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. ...”,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.     

 

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.  

                                                                                                         

 

ДАРГАЛАГЧ                                                            Г.ТУУЛХҮҮ   

                          

     ГИШҮҮД                                                             Д.СОЛОНГО

 

                                                                        Б.БУЯНДЭЛГЭР

           

                                                                    Ш.СОЛОНГО


 Г.БАЯСГАЛАН