A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай”
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 36

Төрийн ордон,Улаанбаатар хот

"Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай"

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өвчлөлийн цар хүрээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарах хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулах, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах;

2/иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сан байгуулж удирдлагаар хангахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгох;

3/коронавируст халдвар /КОВИД-19/-ын эмчилгээ, оношилгооны төвийг бүсчилсэн хэлбэрээр аймаг орон нутагт байгуулж, оношлуурын багаж, тоног төхөөрөмжөөр /PCR/ хангах;

4/орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хийж, Засаг дарга нарыг томилох асуудлыг шуурхайлах;

5/Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;

6/коронавируст халдвар /КОВИД-19/-ын вакциныг эхний ээлжид худалдан авах чиглэлээр олон улсын холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах;

7/иргэд, олон нийтэд хувийн ариун цэврийг сахиж, хариуцлагатай байх, бусдын эрхийг хүндэтгэх талаарх мэдээлэл, сурталчилгааг идэвхжүүлэх;

8/Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх тухай саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д танилцуулж, шийдвэрлүүлэх.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод болон Улсын Их Хурлын Түр хороо /Б.Баттөмөр/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР