Хэвлэх DOC Татаж авах
“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

2020 оны  12 дугаар

сарын 22-ны өдөр

Дугаар 149

Төрийн ордон, Улаанбаатар хот

                                                                       

                                                                                               

“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай

 

Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны Академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг дэмжиж, Монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн  1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг тэмдэглэж, есөн эрдэнээр бүтээсэн “Эрдэнийн судар”-ыг Төрийн ордонд дээдлэн залсугай.

2. “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн “монгол хүн”, “гэр бүл”, “төрт ёс”, “эх нутаг”, “монгол хэл”, “эрдэм боловсрол”, “ёс суртахуун”, “өв соёл”, “нүүдэлчин ухаан”-ыг  хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгасугай.

3. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг улс орны түүхэн цаг үеийн онцлог, үйл явдалтай уялдуулан төрөл зүйлээр нь бүртгэн товчоолох, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь судалж тодорхойлох ажлыг Шинжлэх ухааны Академи, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдад хариуцуулсугай.

4. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чинадад хүргэн  дархлаажуулахад бодитой хувь нэмэр оруулж, олон талт ажлыг зохион байгуулж байгаа иргэд, байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн болон чөлөөт радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН

 ЕРӨНХИЙЛӨГЧ

ХАЛТМААГИЙН

     БАТТУЛГА