A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2007 оны 7 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 2-ны өдөр                                                                                                              Дугаар 32                                                                                                                          хот

 

ИРГЭНИЙ ЗАРИМ ХЭРГИЙН ХАРЬЯАЛЛЫГ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ХАРЬЯАЛЛААС

ЗААГЛАН ЯЛГАХ ТУХАЙ

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 36 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т заасан захиргааны болон иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхэд учирч буй бэрхшээлийг арилгах, дээрх хуулиудын холбогдох зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх тул дагнасан болон ерөнхий харьяаллын шүүхүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэд, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ тухайн шүүхүүдийн хянан шийдвэрлэх маргааны харьяаллын талаар нэгдсэн ойлголттой байж, бусдыг чирэгдүүлэхгүй, шүүн таслах ажиллагааны чиглэл тус бүрээр үйл ажиллагаа явуулахыг онцгой анхаарах нь зүйтэй юм.

Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг дагнасан шүүх байгуулагдсан явдал нь иргэдийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалах, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох шүүхийн үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тул хэргийн харьяаллын талаар шүүхүүд үл ойлголцох, хэрэг, маргааныг шийдвэрлэх шат, дамжлагыг нэмэгдүүлэх, бусдыг чирэгдүүлэх үндэслэл, шалтгааныг үүсгэж болохгүй.

1.Шүүхэд мэдүүлэх эрх

1.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “хуульд тусгайлан заасан, дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, захиргааны байгууллага албан тушаалтан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй, харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол…иргэн, хуулийн этгээд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах эрхтэй.

Иргэний хэрэг үүсгүүлэх тухай гомдол, захиргааны хэрэг үүсгүүлэх тухай нэхэмжлэлийг зөвхөн иргэн гаргах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

1.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т заасан “захиргааны байгууллага, албан тушаалтан”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1.-д заасан “төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан” гэдэгт:

а/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтныг;

б/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтныг зөвхөн мөн зүйлийн 4.2.-т зааснаас бусад эрхийн акт гаргасан тохиолдолд тус тус хамааруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтад туссан “эрх зүйн акт”, “шийдвэр, үйл ажиллагаа” гэдэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасан “зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх”, нийтийн эрх зүйн захиргааны актаас бусад шийдвэр, үйл ажиллагааг багтаан ойлгоно.

1.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т заасан үндэслэлээр иргэний хэрэг үүсгэх “гомдол” нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар “нэхэмжлэл” гэх нэгдсэн нэр томьёонд багтаж байгаа тул иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох гомдолд энэ хуульд заасан нэхэмжлэлд тавигддаг бүх шаардлага нэгэн адил хамааралтай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7., 3.1.8.-д “нэхэмжлэл” болон “гомдол” гэсэн нэр томьёог тус тус тодорхойлсны дагуу захиргааны хэрэг үүсгүүлж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэнэ.

2.Нэхэмжлэл хүлээн авах

Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээдийн нэхэмжлэлийг дагнасан болон ерөнхий харьяаллын шүүхүүд хүлээн авахдаа тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяаллын дагуу гаргасан эсэхийг шалган шийдвэрлэж байвал зохино.

2.1.Хэргийн харьяалал

Хэргийн харьяалал гэж тухайн маргаан ямар байгууллагаар шийдвэрлэгдэхийг тодорхойлдог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бол шүүх уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй эсэхийг тогтоодог ойлголт юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд иргэний хэрэг шийдвэрлэх ерөнхий харьяаллын шүүхэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэлтэй маргаан шийдвэрлэгдэхийг зааснаас гадна шүүх болон арбитрын харьяаллыг зааглах тухай тусгасан байна.

Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харьяаллын шүүх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхэд хамаарах асуудлын хүрээг заагласан зохицуулалт уг зүйлд тусгагдаагүй хэдий ч энэ асуудал нь шүүхийн биш харин хэргийн харьяалалд хамаарах болно.

2.1.1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэдэг ерөнхий харьяаллын шүүхүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2.-т зааснаас бусад этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4., 13 дугаар зүйлд зааснаар хүлээн авч, мөн хуулийн арвандөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

а/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл.

Эдгээрт төрийн захиргааны бусад байгууллага, тэдгээрийн албан тушаалтан хамаарахаас гадна төрийн захиргааны бус бусад байгууллага, хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хамаарна.

б/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т зааснаар мөн зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтны гадагш чиглэгдсэн, нийтийн эрх зүйн хүрээний актаас бусад шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл тус тус хамаарна.

2.1.2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан иргэний шүүн таслах ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргээс бусад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ.

а/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага гарсан, хохирлын хэмжээ тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаангүй бол захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.4.-т зааснаар уг шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ.

б/Байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах талаарх шаардлага захиргааны хэргийн шүүхэд үндсэн нэхэмжлэлийн хамт гараагүй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирлын талаар гаргасан нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэнэ.

Энэ тохиолдолд уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1-ийн 5 дахь заалт нэгэн адил хамаарна.

2.1.3.Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хэргийн харьяалал зөрчигдсөн тохиолдолд дагнасан болон ерөнхий харьяаллын шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасны дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

а/Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан ерөнхий харьяаллын шүүх иргэний хэрэг үүсгээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид хэргийн харьяалал зөрчигдсөн байдал, үндэслэлийг заахын зэрэгцээ захиргааны хэргийн шүүхэд хандах эрхийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.-т зааснаар тусгасан байвал зохино.

б/Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан ерөнхий харьяаллын шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй иргэний хэрэг үүсгэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргана.

Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид хэргийн харьяалал зөрчигдсөн байдал, үндэслэл, захиргааны хэргийн шүүхэд хандах эрхийг тусгана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2.-т заасан хэрэг шилжүүлэх ажиллагаа нь шүүхийн харьяалал зөрчигдсөн тохиолдолд хамааралтай тул хэргийн харьяалал зөрчигдсөн тухайн нөхцөлд хамааралгүй болно.

в/Ерөнхий харьяаллын шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгээгүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1.-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д зааснаар нэхэмжлэлийг холбогдох ерөнхий харьяаллын шүүхэд “шилжүүлнэ” гэдгийг тухайн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй ерөнхий харьяаллын шүүхийг захирамжид заана гэж ойлгоно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д зааснаар нэхэмжлэлийг ерөнхий харьяаллын шүүхэд шилжүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.-д заасан шаардлагыг зөрчих тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-д зааснаар ерөнхий харьяаллын шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүсэж, нэг нэхэмжлэлийг хоёр шүүх хэргийн харьяаллаас шалтгаалан хүлээн авахаас давхар татгалзсанаар шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэх шалтгаан болно.

Нөгөө талаар эрхээ хамгаалуулахаар тухайн шүүхэд хандах эсэхийг нэхэмжлэгч өөрөө шийдвэрлэдэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим зөрчигдөж болзошгүйг шүүхүүд анхаарах учиртай.

г/Ерөнхий харьяаллын шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ байдал илэрсэн бол:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтанд холбогдолгүй асуудлаар гарсан нэхэмжлэл бол тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Харин шүүх шийдвэртээ нэхэмжлэлийг ямар шүүхэд хэрхэн мэдүүлэх талаар тусгасан байна;

Нэхэмжлэгчийн сонгосон хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтан биш, мөн зүйлийн 4.2.-т заасан захиргааны актаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан нэхэмжлэлийг шүүх нэгэнт хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн тул хүлээн авахаас татгалзаж болохгүй. Харин үүсгэгдсэн захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн дагуу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргаж, хэрэгсэхгүй болгоно. Тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан журам хамаарахгүй болно.

д/Хэргийн харьяалал зөрчигдсөн байдал дагнасан болон ерөнхий харьяаллын давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрвэл:

захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгоно.

Ингэхдээ “хэргийг харьяалагдах шүүхэд нь шилжүүлнэ” гэдэг нь зөвхөн шүүхийн харьяалал зөрчигдсөн тохиолдолд хамаарах тул холбогдох захиргааны хэргийн шүүхэд шилжүүлнэ.

Харин тухайн нэхэмжлэл ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлэгдэх ёстой бөгөөд хэргийн харьяалал зөрчигдсөн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх явуулж дууссан үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болохгүй.

Шүүхийн магадлалд хэргийн харьяалал зөрчигдсөн байдал, үндэслэлийг тодорхой зааж, харьяалах шүүхэд хандах эрхийг тусгана.

иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Шүүхийн магадлалд хэргийн харьяалал зөрчигдсөн байдал, үндэслэлийг тодорхой зааж, харьяалах шүүхэд хандах эрхийг тодорхой тусгана.

е/Хэргийн харьяалал зөрчигдсөн байдал дагнасан болон ерөнхий харьяаллын хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.4.-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

2.1.4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарсан болох нь илэрвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4., 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан үед мөн зүйлийн 80.3.-т зааснаар сэргээх ажиллагааг гүйцэтгэнэ.

2.2.Шүүхийн харьяалал

Хэргийн харьяаллын хувьд дагнасан эсхүл ерөнхий харьяаллын шүүхэд хамаарч байгаа тухайн нэхэмжлэлийг дагнасан буюу ерөнхий харьяаллын ямар шүүх хянан шийдвэрлэхийг шүүхийн харьяалал тодорхойлно.

Тухайн нэхэмжлэлийг дагнасан эсхүл ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэх асуудал шүүхийн харьяаллаар бус харин хэргийн харьяаллаар тодорхойлогдоно.

3.Зарим төрлийн маргааны харьяалал

3.1.Хөдөлмөрийн эрх зүйн маргаан

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь шүүхэд харьяалагдах бөгөөд тэдгээрийн дотор ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харьяаллын шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арвандөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан байх шаардлагатай. Бусад тохиолдолд төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчийг ажлаас халсан асуудлыг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ.

Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ.

Төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл гомдлоо Төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад гаргах боломжтой бол улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийн хувьд ийм боломж байдаггүйг шүүхүүд анхаарвал зохино.

Захиргааны хэргийн шүүх төрийн албан хаагчийн ажлаас халагдсан асуудлыг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн тухайн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нэг мөр шийдвэрлэнэ.

3.2.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэлийн байгууллагад холбогдох асуудлыг захиргааны болон ерөнхий харьяаллын шүүхүүд тухайн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс хамааран өөр өөрийн харьяаллаар хянан шийдвэрлэнэ.

Бүртгэлийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн улсын бүртгэл буруу хийгдсэн тул бүртгэлийг хууль бус гэж тооцуулах, бүртгэл болон түүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд хууль ёсоор хийгдсэн улсын бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох асуудал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харьяаллын шүүхийн ажиллагаанд хамаарна. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар оролцохгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эд хөрөнгийн улсын бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээ хууль бус байсныг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хожим тогтоож, хүчингүй болговол энэ шийдвэр нь иргэний хэргийн шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл байдал болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн улсын бүртгэл илтэд үндэслэлгүй, хууль бус болох нь илэрхий байвал ерөнхий харьяаллын шүүх эд хөрөнгийн бүртгэлд үндэслэгдсэн иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэж, захиргааны хэргийн шүүхэд хандах хэргийн оролцогчийн эрхийг шийдвэртээ заавал тусгасан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх бүртгэлийн хууль зүйн үндэслэлийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргавал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4., 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан үед мөн зүйлийн 80.3.-т зааснаар сэргээх ажиллагааг гүйцэтгэнэ.

3.3.Татварын харилцаанаас үүсэх маргаан

Татварын Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн е-д зааснаар татварын өр, төлбөрийг барагдуулах тухай татварын улсын байцаагчийн нэхэмжлэлийг ерөнхий харьяаллын шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Татварын улсын байцаагчийн актад татвар төлөгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд уг актын хууль зүйн үндэслэлийн талаарх хариуцагчийн сөрөг шаардлагыг ерөнхий харьяаллын шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэл гэж үзэхгүй.

Харин татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлгүй болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хожим тогтоогдвол захиргааны хэргийн шүүхийн шийдвэр иргэний хэргийн шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл байдал болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын улсын байцаагчийн акт илтэд үндэслэлгүй, хууль бус болох нь илэрхий байвал ерөнхий харьяаллын шүүх татвар төлөгчийн захиргааны хэргийн шүүхэд хандах эрхийг шийдвэртээ заавал тусгана.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарвал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4., 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан үед мөн зүйлийн 80.3.-т зааснаар сэргээх ажиллагааг гүйцэтгэнэ.

3.4.Сонгуулийн холбогдолтой маргаан

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.-д заасан “Сонгуулийн Ерөнхий хороо” гэсэн заалтыг Үндсэн хуулийн Цэц 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/02 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, Улсын Их Хурал 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар уг заалтыг хүчингүй болсонд тооцсон тул Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаарх нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн болон Сонгуулийн төв байгууллагын тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудад Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох маргааны харьяаллын талаар тусгайлсан зохицуулалт байхгүй бол энэ талаар гаргасан нэхэмжлэлийг ерөнхий харьяаллын шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

Дээрх хуулиудад Сонгуулийн Ерөнхий хорооноос бусад байгууллага, албан тушаалтанд холбогдох маргааны харьяаллыг тусгайлан заагаагүй бол нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2.-т заасан үндэслэлээр өөрийн харьяаллаар, бусад тохиолдолд ерөнхий харьяаллын шүүхүүд өөрийн харьяаллаар тус тус хүлээн авч, хянан хэлэлцэнэ.

3.5.Ашигт малтмалын хууль тогтоомжтой холбоотой маргаан

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаарх нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхэд харьяалагдана.

Иргэд, хуулийн этгээдүүдийн хоорондох гэрээний харилцаанаас үүссэн маргааныг иргэний журмаар хянан шийдвэрлэсний үр дүнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тэдгээртэй холбоотой бүртгэлийг өөрчлөх асуудлыг ерөнхий харьяаллын шүүх тухайн иргэний хэрэгт нэг мөр шийдвэрлэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн захиргааны байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар оролцохгүй.

4.Хэргийн болон шүүхийн харьяаллын талаар шүүхүүд маргаж болохгүй бөгөөд хэргийн харьяаллыг тогтооход хүндрэлтэй тохиолдолд уг асуудлыг Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4.-т зааснаар Улсын Дээд шүүхийн иргэний болон захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэнэ.

Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу хэргийн харьяаллыг Үндсэн хуулийн Цэц тогтоосон бол дагнасан болон ерөнхий харьяаллын шүүх түүний шийдвэрийг дагаж мөрдөнө.

5.Энэ тогтоолын хавсралт болох хүчин төгөлдөр үйлчилж байгаа 357 хуульд заагдсан хэргийн харьяаллын талаарх зохицуулалтын жагсаалтыг захиргааны болон ерөнхий харьяаллын шүүхүүд Улсын Дээд шүүхийн зөвлөмж хэлбэрээр ашиглах нь зүйтэйг дурдсугай.

 

 

                                                                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                     ИРГЭНИЙ ХЭРГИЙН

                                                                                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ц.АМАРСАЙХАН

 

                                                                                                     ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                                                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             О.ЗАНДРАА