A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

 

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ

/Энэ хуулийн “Радио давтамж зохицуулалт, хяналтын алба” гэснийг “Зохицуулах хороо” гэж 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь радио долгионыг хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Радио долгионы тухай хууль тогтоомж

2.1.Радио долгионы тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Харилцаа холбооны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“радио долгион” гэж агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хүртэлх давтамжтай хэсгийг;

3.1.2.“радио давтамжийн зурвас” гэж бүлэг радио давтамжийг;

3.1.3.“радио холбоо“ гэж радио төхөөрөмж ашиглан төрөл бүрийн мэдээллийг тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр нэвтрүүлэх, хүлээн авахыг;

3.1.4.“үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт“ гэж радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан хуваарилалтыг.

3.1.5.“богино зайн радио төхөөрөмж” гэж нэг, эсхүл хоёр чиглэлд радио холбоо хийх, бусад радио холбоонд нөлөөлөхгүй, нөлөөллийн хамгаалалт шаардлагагүй, бага энерги хэрэглэх радио нэвтрүүлэгчийг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.6.“радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж” гэж  радио холбооны үйлчилгээнд хөндлөнгөөс зориудаар шуугиан үүсгэн дохио дарагч төхөөрөмжийг.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Радио долгионы өмчлөл

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үүсгэгчээс үүссэн болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын төрийн өмч мөн.

4.2.Төр нь радио долгион өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, болзолтойгоор радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг бусад этгээдэд олгоно.

5 дугаар зүйл.Радио долгионы талаар төрийн байгууллагын бүрэн эрх

5.1.Засгийн газар нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.Монгол Улсад хуваарилсан сансарын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар шийдвэр гаргах;

5.1.2.радио давтамжийн хуваарилалтыг төрийн нууцад хамруулах, нууцлалын зэрэглэлийг тогтоох асуудлыг боловсруулах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

 

5.2. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

5.2.1.радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи төрийн бодлого боловсруулах;

5.2.2.хил залгаа улстай радио долгионы асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон журмын дагуу зохицуулах;

5.2.3.радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.2.4. Зохицуулах хорооны зардал, техник хэрэгслэлээр хангах санхүүжилтийн хэмжээг тогтоож батлах;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.2.5. олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах;.

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.2.6.үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.7.радио долгионы төлөвлөлтийн бодлого, стратеги, шинэ технологи нэвтрүүлэх, хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлах, хэрэгжилтийг хангуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.8.Монгол Улсад Монгол Улсадхуваарилсан сансрын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар санал боловсруулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.9.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

51 дүгээр зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.1.Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.1.1.радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

51.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

51.1.3.улс орны зайлшгүй хэрэгцээ болон техник, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд шаардагдах радио давтамжийн зурвасын судалгаа хийх, нөөцийг бүрдүүлэх;

51.1.4.Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

51.1.5.Монгол Улсад бүртгэлтэй радио давтамж, радио давтамжийн зурвасыг олон улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх;

51.1.6.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;

51.1.7.цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

51.1.8.хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

51.1.9.радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах, хяналт тавих;

51.1.10.энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах;

51.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ

6 дугаар зүйл.Радио давтамжийн зурвасын ангилал

6.1.Радио давтамжийн зурвасыг ашиглаж буй зориулалтаар нь дараахь байдлаар ангилна:

6.1.1.тусгай хэрэглээний;

6.1.2.нийтийн хэрэглээний.

6.2. Улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг тусгай хэрэглээний гэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг нийтийн хэрэглээний гэнэ.

6.4.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасын хуваарилалт, төлөвлөлт нийтэд нээлттэй байна.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7 дугаар зүйл.Радио давтамжийн зурвас эзэмших эрх бүхий этгээд

7.1.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн дагуу Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж ашиглана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг Зохицуулах хороонд бүртгүүлж ашиглана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3.Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар нь Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг энэ хуулийн 7.1-д заасны дагуу ашиглана.

7.4. Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах байгууллага нь нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвас ашиглах бол энэ хуулийн 7.1-д заасны дагуу ашиглана.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8 дугаар зүйл. Радио давтамж, радио давтамжийн зурвас, радио төхөөрөмж ашиглахыг хориглох

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.1.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно.

8.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.3.Хуульд өөрөөр заагаагүй бол радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл 

9.1.Төрийн эрх бүхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэх, нийтийн үйлчилгээний зориулалтаар радио төхөөрөмж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичгийг тусгай зөвшөөрөл гэнэ.

9.2.Тусгай зөвшөөрөлд радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, хүчин чадал, үйл ажиллагаа эхлэх дуусах хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана.

10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах

10.1. Тусгай зөвшөөрөл авах  өргөдөлд Харилцаа холбооны тухай хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна дараахь баримтыг хавсаргана:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.1.гэрчилгээний хуулбар;

10.1.2.радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглах радио давтамжийн зурвас, радио давтамж, технологи;

10.1.3.радио төхөөрөмжийг баталгаажуулж эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг;

10.1.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын  тодорхойлолт.

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.2.Тусгай зөвшөөрөл авах өргөдөлд өргөдөл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас ба факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий хүний албан тушаал, нэрийг тусгана.

11 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл олгох

11.1.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авмагц өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 10.1-д заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Зохицуулах хороо нь радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.1.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох;

11.2.2. Харилцаа холбооны тухай хуулийн 14.2-т заасан үндэслэлээр, эсхүл тухайн радио давтамж нь тусгай хэрэглээний ангилалд орсон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглагдаж байгаа, радио давтамжийн үйлчлэх хүрээтэй давхацсан, харилцан нөлөөлөл үүсгэх бол радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохоос  татгалзах.

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.3.Тухайн радио давтамжийг ашиглах асуудлыг олон улсын байгууллага зохицуулдаг бол уг радио давтамжийг олон улсын байгууллагаас санал авсны үндсэн дээр энэ хуулийн 11.1-д заасны дагуу ашиглах зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4. Ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд нь түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлнө. Жилийн төлбөр төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

12.1. Зохицуулах хороо өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг 20 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 ба түүнээс дээш хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.3.Хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг хянаж биелүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэгдсэн бүртгэлд тэмдэглэж эзэмшигчид нь буцааж олгоно.

13 дугаар зүйл.Эрхийн бичиг

13.1.Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг“ гэх/олгоно.

13.2.Эрхийн бичиг авах өргөдөлд өргөдөл гаргагчийн нэр, албан ёсны хаяг, утас ба факсны дугаар, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглах радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт зэргийг тусгана.

13.3. Эрхийн бичгийг  шилжүүлэх, түүний хугацааг сунгах, хүчингүй болгох асуудлыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу Зохицуулах хороо шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.Эрхийн бичигт радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, радио давтамж, дуудлагын нэр, хүчин чадал, үйл ажиллагаа эхлэх, дуусах хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана. 

13.5.Ижил радио давтамж ашиглах эрхийн бичиг авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд эхний ээлжинд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд түүнийг олгоно.

14 дүгээр зүйл.Радио давтамж тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй ашиглах

14.1.Дараахь төрлийн радио төхөөрөмж ашиглахад радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахгүй:

14.1.1.бүх төрлийн зурагт радио, радио хүлээн авагч;

14.1.2.эмчилгээ, оношилгооны радио төхөөрөмж;

14.1.3.техникийн шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй богино зайн радио төхөөрөмж.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15 дугаар зүйл.Бүртгэл

15.1.Нэгдсэн бүртгэлд радио давтамжийн ангилал, зориулалт, ашиглагчийн нэр, хаяг, ашиглахыг зөвшөөрсөн радио давтамжийн зурвас, түүний өргөн, үйлчлэх хүрээ, газар зүйн байршил, ажиллуулах хугацаа, хүчин чадал, төлбөр төлөлтийн байдал зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр тусгана.

15.2.Нэгдсэн бүртгэлийг Зохицуулах хороо хөтлөх бөгөөд түүнийг  харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад  жил бүр танилцуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.3.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нэгдсэн бүртгэлийн журмыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

16 дугаар зүйл.Үйлчилгээний төлбөр

16.1.Эрхийн бичиг авах, шилжүүлэх, тусгай зөвшөөрөл авах, тэдгээрийн хугацааг сунгах, бүртгүүлэх, харилцан нөлөөллийг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргахад энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу үйлчилгээний төлбөрийг өргөдөл гаргагч төлнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙН БИЧГИЙН ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛОХ

17 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болох үндэслэл

17.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, уг эрх, үүргийг өөрчилсөн гэрээ байгуулахыг хориглоно.

17.2.Эрхийн бичиг бүхий радио төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, худалдах зэргээр эзэмшигч, өмчлөгч өөрчлөгдөх бол эрхийн бичгийг Зохицуулах хороонд шинээр бүртгүүлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.3. Тусгай зөвшөөрөл болон эрхийн бичгийн хугацаа Харилцаа холбооны тухай  хуулийн 15.1-д заасан үндэслэлээр  дуусгавар болгоно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд уг радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг энэ хуульд заасны дагуу бусдад шинээр олгож болно.

18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг Харилцаа холбооны тухай  хуулийн 15.1-д заасан үндэслэл болон  дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.1.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

18.1.2.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь тусгай зөвшөөрөл, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

18.1.3.тусгай хэрэглээний ангилалд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг ашигласан, санаатайгаар шуугиан үүсгэсэн буюу сонссон.

18.2. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох үндэслэл байгааг тогтоовол Зохицуулах хороо нь энэ тухай тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэл өгнө. Уг мэдэгдэлд  тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох болсон үндэслэлийг нотлох баримтын хамт заана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэл байхгүй гэж үзвэл уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор өөрийн өргөдөл, гомдлыг нотлох баримтын хамтаар Зохицуулах хороонд ирүүлж хянуулж болно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж хариу мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.5. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үндэсгүй  гэж үзвэл Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид өөрийн дүгнэлтийн тухай мэдэгдэж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.6. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь хүчингүй болгосон тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

18.7.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиодолд шүүхийн шийдвэр гартал тухайн радио давтамжид шинээр тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгож болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙН БИЧИГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

19 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн эрх, үүрэг

19.1.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь дараахь эрхтэй:

19.1.1.стандарт, техникийн нөхцөлийг хангаж, баталгаажуулсан радио төхөөрөмжийг сонгон ашиглах;

19.1.2.эрх олгосон радио давтамжийг энэ хуульд заасан нөхцөл, болзлын дагуу ашиглах, хамгаалах, харилцан нөлөөллийг арилгахыг шаардах;

19.1.3.энэ хуульд заасан журмын дагуу радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгуулах, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх;

19.1.4.хуульд өөрөөр заагаагүй бол радио давтамж ашиглах талаар сонирхсон мэдээллийг Зохицуулах хорооноос авах.

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:

19.2.1.энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд радио төхөөрөмж импортлох, үйлдвэрлэх, худалдахыг сонирхогч этгээд Зохицуулах хороотай радио давтамжийн талаар урьдчилан тохирох;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.2.радио төхөөрөмжийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт заасан нөхцөл, хугацаа, зориулалтын дагуу ашиглах;

19.2.3.тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухайн ажлын өдрөөр тасалбар болгон жил бүр төлөх;

19.2.4.тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт заасан техникийн болон ашиглалтын нөхцөлд өөрчлөлт оруулах асуудлыг эрх олгосон байгууллагаар шийдвэрлүүлэх;

19.2.5.бусад радио холбоо, радио төхөөрөмжид харилцан нөлөөлөл үүсгэхгүй байх;

19.2.6.олон улсын хэмжээнд хэрэглэдэг аюулын дохио (SOS, MAYDAY зэрэг) бусад радио станцаас ирсэн тохиолдолд энэ тухай холбогдох газарт даруй дамжуулах, мэдэгдэх;

19.2.7. тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон буюу тэдгээрийг хүчингүй болгосон тохиолдолд радио станцынхаа антенныг буулгах;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.2.8.зөвхөн зөвшөөрөгдсөн радио давтамж, давтамжийн зурваст ажиллах, өөрийн эзэмшилд байгаа радио төхөөрөмжийн гаралтын чадал, давтамжийг тогтмол хянаж байх.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

20 дугаар зүйл.Хяналт

20.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Зохицуулах хороо болон харилцаа холбооны улсын байцаагч хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.Зохицуулах хороо нь харилцан нөлөөллийг арилгах, хууль тогтоомж зөрчсөн этгээдийг хайх, илрүүлэх үйл ажиллагааг радио давтамж эзэмшигчийн үйл ажиллагаанд саад хохирол учруулахгүйгээр зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3. Зохицуулах хороо нь олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын лабораторитой байж болно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.4.Төлбөрөө төлөөгүй радио давтамж ашиглагчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,3 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.

20.5.Радио долгионы тухай хууль тогтоомжийг зөрчсөн дараахь тохиолдолд радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох эрхийг Зохицуулах хороо эдэлнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.5.1.радио төхөөрөмж нь стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөлийн шаардлага хангаагүй;

20.5.2.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй;

20.5.3.төлбөр төлөөгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

20.5.4.бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан;

20.5.5.Зохицуулах хороонд мэдэгдэлгүйгээр радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, давтамж болон ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.5.6.улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй;

20.5.7.радио төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласан.

20.6.Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журмыг Зохицуулах хороо баталж, мөрдүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

 

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найрууласан/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ