A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БОЛОН ЛИЦЕНЗТЭЙ НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БОЛОН ЛИЦЕНЗТЭЙ НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Гаалийн тухай хууль"-ийн 5 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалтыг 1 дүгээр, Монгол Улсын хилээр экспорт, импортын лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалтыг 2 дугаар, төрийн хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журмыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.(

Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2008-04-23-ны өдрийн 149 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 378 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 485 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 199 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан барааг улсын хилээр нэвтрүүлэхэд экспорт, импортын лиценз олгох асуудлыг хянан шийдвэрлэж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгасугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан барааг улсын хилээр нэвтрүүлэх экспорт, импортын лиценз олгоход шаардлагатай зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт гаргаж байх албан тушаалтны нэр, гарын үсгийн баталгааг Үйлдвэр, худалдааны яаманд тухай бүр хүргүүлж байх, энэ үйл ажиллагаатай холбоотой журам, зааврыг олон шат дамжлагагүй, ил тод байдлыг хангах чиглэлээр шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Байгаль орчны сайд У.Барсболд, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралт, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолоор тусгайлан нэр зааснаас бусад бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлтийг зохих журмын дагуу хийж улсын хилээр экспорт, импортын лицензгүй нэвтрүүлж байхыг Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарт зөвшөөрсүгэй.

5. Энэхүү тогтоолыг 2001 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ

/ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор 2, 3 дахь заалт, 2,3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон./