A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

 

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хууль тогтоомж

2.1.Улсын нөөцийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“улсын нөөц” гэж нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах болон гамшиг, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, дайны байдал зэрэг онцгой байдлын үед энэ хуульд заасан зориулалт, нөхцөлийн дагуу ашиглахаар нөөцлөн хадгалж буй бараа, материалыг /цаашид ”нөөцийн бараа, материал” гэх/;

3.1.2.“стратегийн нөөц” гэж нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах нэр төрөл, тоо хэмжээг нь бууруулж үл болох нөөцийн бараа, материалыг;

3.1.3.”Батлан хамгаалах материаллаг нөөц” гэж Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3.1.9-д заасныг;

/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.4.“гамшгийн нөөц” гэж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар хадгалсан бараа, материалыг;

/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.5.“нөөцийн бараа, материалыг хадгалах” гэж худалдан авсан буюу бэлтгэсэн нөөцийн бараа, материалыг зориулалтын агуулахад технологийн дагуу байршуулахыг;

3.1.6.“нөөцийн бараа, материалыг шинэчлэх” гэж нөөцийн бараа, материалыг хадгалах хугацаа, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн борлуулж, нөхөн бүрдүүлэхийг;

3.1.7.“нөөцийн бараа, материалыг сэлгэх” гэж нөөцийн бараа, материалыг агуулах, талбайд хадгалах технологийн горимыг үндэслэн шилжүүлэн байршуулахыг;

3.1.8.“улсын нөөцийн салбар” гэж нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх үүргийг холбогдох шийдвэрээр гүйцэтгэгч байгууллагыг;

3.1.9.“гэрээт хадгалагч” гэж нөөцийн бараа, материалын хадгалалтын онцлог нөхцөлөөс шалтгаалан технологийн дагуу хадгалах, сэлгэн шинэчлэх үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УЛСЫН НӨӨЦ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

4 дүгээр зүйл.Улсын нөөц

4.1.Улсын нөөцийг стратегийн, батлан хамгаалах материаллаг, гамшгийн болон орон нутгийн гэж ангилна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2.Орон нутгийн нөөцөд тухайн шатны Засаг дарга, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын даргын шийдвэрээр бүрдүүлэх, хадгалах, захиран зарцуулах аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагад байх нөөцийг хамааруулна.

4.3.Цэргийн дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, захиран зарцуулах үүргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалын зориулалт

5.1.Нөөцийн бараа, материалыг дараахь зориулалтаар ашиглана:

5.1.1.гамшгийн хор уршгийг арилгах;

5.1.2.эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зах зээл дэх зарим бараа, материалын эрэлт, нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.1.3.цэргийн дайчилгааны нөөцийг Дайчилгааны тухай хуульд заасан зориулалтаар.

/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх

6.1.Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

6.2.Улсын нөөцөд авах бараа, материалыг чанар, аюулгүйн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан нөхцөлд хүлээн авч бүрдүүлэх, шинэчлэх арга хэмжээ авна.

6.3.Стратегийн болон батлан хамгаалах материаллагаас бусад улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.4.Онцгой тохиолдолд гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно.

7 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалыг хадгалах

7.1.Нөөцийн зарим бараа, материалыг хадгалах стандарт, технологийн шаардлага хангасан агуулах бүхий хуулийн этгээдэд /цаашид “гэрээт хадгалагч” гэх/, гэрээний үндсэн дээр хадгалуулж болох бөгөөд энэхүү хадгалуулах нөөцийн бараа, материалын жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.2.Нөөцийн бараа, материалыг хадгалах гэрээнд нөөцийн бараа, материалын чанар, стандарт, хадгалах хугацаа, төлбөр, бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, чанар, талуудын хүлээх хариуцлага, мэдээ тайлангийн талаар тодорхой тусгасан байна.

7.3.Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг улсын нөөцийн салбар болон гэрээт хадгалагчийн агуулахад технологийн горимын дагуу хадгална.

8 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалыг шинэчлэх

8.1.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 13.1.8-д заасан журмын дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ.

9 дүгээр зүйл.Нөөцийн бараа, материалын зарцуулах нөхцөл

9.1.Нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 5.1-д заасан зориулалтын дагуу улсын нөөцөөс гаргахдаа тэдгээрийг хүлээн авах этгээдэд дараахь нөхцөлөөр олгоно:

9.1.1.улсын нөөцөд эргэн төлөгдөх нөхцөлөөр;

9.1.2.буцалтгүй тусламж болгон улсын нөөцөд эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр.

9.2.Энэ хуулийн 4.2, 4.3-т зааснаас бусад нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 9.1-д заасан нөхцөлөөр улсын нөөцөөс гаргах шийдвэрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

9.3.Засгийн газрын шийдвэрт нөөцийн бараа, материалыг хүлээн авах этгээд, нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан байна.

9.4.Нөөцийн бараа, материалыг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгохдоо онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлдэгчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд нөөцийн бараа, материалын тоо хэмжээ, үнэ, нөхөн бүрдүүлэх хугацаа, хүлээх хариуцлага зэргийг тусгана.

9.5.Нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 5.1-д зааснаас өөр зориулалтаар улсын нөөцөөс гаргах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх, барьцаалах, хандивлахыг хориглоно.

10 дугаар зүйл.Улсын төсвөөс санхүүжүүлэх зардал

10.1.Улсын нөөцтэй холбогдсон дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.1.нөөцийн бараа, материалыг шинээр бүрдүүлэх, энэ хуулийн 9.1.2-т заасны дагуу зарцуулсан нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх;

10.1.2.нөөцийн бараа, материалыг шинэчлэхэд гарсан үнийн зөрүүг нөхөн олгох;

10.1.3.нөөцийн бараа, материалыг тээвэрлэн байршуулах, хадгалах, хэвийн хорогдлыг нөхөхтэй холбогдон гарах зардал;

10.1.4.гэрээт хадгалагчдад нөөцийн бараа, материал хадгалуулсны төлбөр;

10.1.5.даатгалын зардал.

11 дүгээр зүйл.Нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдалд тавих хяналт

11.1.Нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдал, стандарт, хадгалалтын технологийн мөрдөлтөд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

11.2.Улсын нөөцийн салбар, гэрээт хадгалагч нь нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтын журмыг гаргаж мөрдөнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УЛСЫН НӨӨЦИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

12 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

12.1.Улсын Их Хурал нь улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.улсын нөөцийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

12.1.2.стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг тогтоох;

12.1.3.орон нутгийнхаас бусад улсын нөөцийн зарцуулалтын тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх.

12.1.4.газрын тосны стратегийн нөөцийг хадгалах хэмжээ, байршлыг тогтоох асуудлаар Засгийн газарт чиглэл өгч захиран зарцуулах эрх нээх.

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

13.1.Засгийн газар нь улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.улсын нөөцийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

13.1.2.стратегийн нөөцийн бараа, материалын байршил, тоо хэмжээг тогтоох; 

13.1.3.гамшгийн нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох;

13.1.4.улсын нөөцөөс бараа, материалыг зориулалтын дагуу гаргах, нөхөн бүрдүүлэх шийдвэр гаргах;

13.1.5.энэ хуулийн 13.1.9-т заасан журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх гамшгийн нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг тогтоох;

13.1.6.улсын нөөцийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.7.даатгалд хамрагдах бараа, материалын нэр төрөл, санхүүжилтийн хэмжээг батлах;

13.1.8.нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмыг батлах;

13.1.9.гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журмыг батлах;

13.1.10.орон нутгийн нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

14 дүгээр зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

14.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.нөөцийн бараа, материалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, байршил, нэр төрөл, тоо хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулах, нөхөн бүрдүүлэх талаархи саналыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.2.энэ хуулийн 13.1.5-д заасан хэмжээнд гамшгийн нөөцийн бараа, материалыг захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх;

14.1.3.орон нутгийн нөөцийн тоо хэмжээ, нэр төрлийг тухайн шатны эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөн тогтоох.

15 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

15.1.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.нөөцийн бараа, материалыг тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын нөөцөөс бараа, материал гаргах, нөхөн бүрдүүлэх үйл ажиллагааг нөөцийн салбаруудаар дамжуулан хэрэгжүүлэх;

15.1.2.улсын нөөцийн салбаруудын бараа, материалын хөдөлгөөний талаархи мэдээ болон санхүүжилтийн тайланг улсын нөөцийн салбаруудаас авч нэгтгэн, улирлаар гаргаж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнах;

15.1.3.гэрээт хадгалагчтай гэрээ байгуулж, нөөцийн бараа, материал хадгалах үйл ажиллагаанд нь хяналт тавих;

15.1.4.улсын нөөцийн салбарт бараа, материал бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, шинэчлэх, нөхөн бүрдүүлэх, санхүүжүүлэх үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах.

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

16.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.орон нутаг дахь улсын нөөцийн салбарын үйл ажиллагааг өөрийн эрх хэмжээний хүрээнд удирдлагаар хангаж, хяналт тавих;

16.1.2.улсын нөөцийг бүрдүүлэх, сэлгэх, тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

16.1.3.орон нутгийн нөөцийг бүрдүүлэх талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал өгөх.

17 дугаар зүйл.Улсын нөөцийн салбарын үүрэг

17.1.Улсын нөөцийн салбар дараахь үүрэг хүлээнэ:

17.1.1.нөөцийн бараа, материалыг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээнд нь зохих технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах;

17.1.2.онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх;

17.1.3.нөөцийн бараа, материалын үлдэгдэл, зарцуулалтын мэдээ, санхүүжилтийн тайланг сар, улирлаар гаргаж, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;

17.1.4.нөөцийн бараа, материалыг зарцуулах, бүрдүүлэхийн өмнө болон хадгалалтын явцад жилд 1-2 удаа чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг гаргуулж, холбогдох арга хэмжээ авах;

17.1.5.нөөцийн бараа, материалыг хадгалах барилга, байгууламж, агуулахын нөхцөл байдалд чанар, стандарт, эрүүл ахуй болон ургамал хорио цээрийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан байх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ.

18 дугаар зүйл.Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалахтай холбогдуулан гэрээ байгуулсан этгээдийн хүлээх эд хөрөнгийн хариуцлага

18.1.Нөөцийн бараа, материал нийлүүлэх болон эргэн төлөгдөх нөхцөлөөр авах хуулийн этгээд, гэрээт хадгалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол энэ хууль болон тухайн гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.

18.2.Гэрээнд хариуцлага хүлээлгэх дор дурдсан нөхцөлийг заавал тусгасан байна:

18.2.1.нөөцийн бараа, материалыг заасан хугацаанд нийлүүлээгүй бол;

18.2.2.нөөцийн бараа, материалыг дутуу нийлүүлсэн бол;

18.2.3.стандартын шаардлагыг хангаагүй бараа, материал нийлүүлсэн бол;

18.2.4.нөөцийн бараа, материалын сав, баглаа, боодол нь гэмтсэн буюу шаардлага хангаагүй бол;

18.2.5.нөөцийн бараа, материалыг эргэн төлөгдөх хугацаанд нь нийлүүлээгүй бол;

18.2.6.нөөцийн бараа, материалыг үрэгдүүлсэн, чанар байдлыг нь муутгасан бол;

18.2.7.талууд тохиролцон гэрээнд тусгасан бусад нөхцөл зөрчигдсөн бол.

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН