A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 89

Төрийн ордон, Улаанбаатар хот

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгосугай.

2.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтаар, уг медалийг олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын 2009 оны

89 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН

ОЙН МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Нэг. Медалийн хэлбэр дүрс, бэлгэдэл утгын товч тайлбар

1.1.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль нь зүүлт, тэмдэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

1.2.Медалийн зүүлт болох дээд хэсэг нь геометрийн таван өнцөгт зохиомжтой. Энэхүү таван өнцөгт нь Монгол Улсын төрийн далбааны өнгө болох улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй гурван хэсгээс бүрдэнэ. Таван өнцөгтийн гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл гэсэн санаа агуулсан улаан өнгөтэй байна. Гурван хэсгийг хуваасан босоо шугам нь цагаан морин жилийг бэлгэдсэн цагаан өнгөтэй байна.

1.3.Медалийн зүүлт болох дээд хэсгийн хэлбэр нь цацраг мэт доороосоо дээш бүдүүрсэн хэлбэртэй байх ба энэ нь Монгол оронд ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө дээшээ мандан бадарч түгэн дэлгэрэх гэсэн санааг агуулна.

1.4.Медалийн тэмдэг болох доод хэсэг нь Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө түгэн дэлгэрэхийг бэлгэдэж цацарсан титэм хэлбэртэй бөгөөд алтан нарыг бэлгэдсэн шар өнгийн хүрээтэй байна. Түүний дотор талд мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн хөх өнгийн дэвсгэр, дотор талын дээд хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай байна. Түүний доод талд "АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ" гэж хөх өнгийн туузан дээр цагаан өнгийн бичээс байна. Цагаан өнгө нь Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн цагаан морин жилийг бэлгэднэ. Доод хэсэгт нь "20 ЖИЛ" гэсэн бичээс байна.

Хоёр. Медалийн хийц, хэмжээ

2.1.Медалийн зүүлт болох дээд хэсгийн тэгш өнцөгтийн өндөр нь 6 мм, өргөн нь 34 мм, гурвалжингийн өндөр нь 10 мм, 3 хэсгийн тус бүрийн өргөн 8 мм байх бөгөөд тэдгээрийн гаднах хөвөө нь өөрөөсөө товойж гарсан байна. Хөвөөний өргөн 2 мм байна. Гурван хэсгийг хуваасан босоо шугамны өргөн 3 мм байна. Зүүлтний зузаан 2 мм байна.

2.2.Медалийн тэмдэг болох доод хэсэг нь 17,5 мм-ийн радиус бүхий тойрогт багтана. "АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ" гэсэн үгийн үсгийн өндөр 3 мм байна. "АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ", "20 ЖИЛ" гэсэн үг, тэдгээрийн гадуурх дугуй хүрээг цагаан өнгийн үндсэн металлаар товойлгож хийнэ. Энэ хэсгийн дөрвөн захад эрдэнийн чулуун шигтгээг суулгана.

2.3.Зүүлт, тэмдэг хоёрыг цагаригаар холбох бөгөөд зүүлтний ар талд медалийн дугаар, түүнийг тогтоох зүүтэй байна. Медалийн дугаарыг үнэмлэхэд бичнэ.

2.4.Зүүлт, тэмдгийг гуулиар хийж алтаар өнгөлнө.

--------ooOoo---------

Монгол Улсын Их Хурлын 2009 оны

89 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН

ОЙН МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ

1.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шагнан, үнэмлэх олгоно.

2.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар Монгол оронд Ардчилсан хувьсгалыг анхлан эхлүүлж, манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлч болон бусад иргэнийг шагнана.

3.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар гадаадын иргэнийг шагнаж болно.

4.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнуулах хүмүүсийн нэрийн жагсаалтыг эрхэлдэг ажил, нас, ажилласан жил, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр гэсэн үзүүлэлтээр гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан "Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам"-д заасан эрх бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

5.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор улсын цол хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүсийг энэхүү ойн медалиар давхар шагнаж болно.

6.Уг медалийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд нэг удаа олгоно.

7.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар нэхэн шагнахгүй.

8.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийг үнэмлэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, улс төрийн намын удирдлага, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга гардуулна.

--------ooOoo---------