A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2000 оны 2 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Монгол Улс гадаад бодлогодоо үндэсний ашиг сонирхлыг дээдлэх, дэлхийн бүх улстай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх болон энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтад өөрийн боломжийн хэрээр идэвхтэй хувь нэмэр оруулах зорилт тавьдаг билээ. Түүнчлэн цэргийн аливаа эвсэл, бүлэглэлд үл нэгдэн, нутаг дэвсгэрээ аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх бодлого баримталж байна. Хөрш хоёр оронтой тэнцвэртэй, найрсаг харилцаатай байж, өргөн хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого явуулж байна.

Монгол Улс зэвсэг хураах бодлогыг тууштай дэмжиж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх талаар өөрийн зүгээс тодорхой алхам хийсээр байна. Энэ бодлогынхоо хүрээнд 1992 онд өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, түүнийг эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүний үр дүнгийн нэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн ээлжит 53 дугаар чуулган, 1998 оны 12 дугаар сарын 4-ний өдөр "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус"-ын тухай 53/77/D тоот тогтоол баталсан явдал юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогод бүрэн нийцэж байгаа юм.

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх тухай эрх зүйн статусыг төрийн бодлогын хэмжээнд бататган цаашид нарийвчлан тодорхойлж мөрдөх нь итгэлцэл болон гадаад таатай орчныг бэхжүүлэх, тус улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалтай холбоход ач холбогдлоо өгөх болно.

Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь олон улсын харилцааны практикт гарч буй шинэлэг хандлага бөгөөд өргөн утгаараа цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн бодлого, хүчин чармайлтад манай улсаас оруулж байгаа тодорхой хувь нэмэр гэж үзэж байна.

Энэ бүхнийг үндэслэн Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай:

1/цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль болон "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус"-ын тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолыг хэрэгжүүлэх талаар холбогдох улс, олон улсын байгууллага, түүний дотор Олон Улсын Атомын Энергийн агентлагтай идэвхтэй хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг авах;

2/тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа цөмийн зэвсгийн туршилтыг хянах станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах талаар холбогдох арга хэмжээ авах;

3/цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль, энэ тогтоол болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын биелэлтийг гаргаж, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тухай бүр танилцуулж байх.

2.Энэ тогтоолыг Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ