A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2002 ОНЫ 01 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн арван тавын 15.1.5, 15.1.6 дахь заалтуудыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй" гэсний дараа "Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-ийн "…шударга шүүхээр шүүлгэх", дөчин есдүгээр зүйлийн 1-ийн "шүүгч хараат бус байх" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй./Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 184 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 1, 2, тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР